Монгол Улсын Хөгжлийн банкны ажлын явцын мэдээлэл, цаашид авч хэрэгжүүлэх бодлогын арга хэмжээний талаарх мэдээллийг өнөөдөр /2022.02.25/ Хөгжлийн банкны удирдлагууд танилцуулж, сэтгүүлчдийн сонирхсон асуултад холбогдох хариултуудыг өглөө. Өнөөдрийн байдлаар зээлдэгч нартай 55 удаагийн уулзалт хийж 49.7 тэрбум төгрөгийн эргэн төлөлт хийгдсэн байна.
Хөгжлийн банкны Гүйцэтгэх захирал Н.Мандуул хэлэхдээ: - “Томоохон зээлдэгч нар зээлийн эргэн төлөлтийн хугацаагаа сунгах, ханшийн хөрвөлт хийе төгрөг рүү хөрвүүлэн төлөе зэрэг хүсэлтүүдийг тавьж байна. Чанаргүй зээлийг бид барьцаа хөрөнгөтэй, барьцаа хөрөнгөгүй гэж 2 ангилан авч үзэж шийдвэрээ гаргаж байгаа. Бидний зүгээс баримталж байгаа зарчим бол барьцаа хөрөнгийн асуудал хүндэрсэн, барьцаа гэх зүйлгүй, зориулалтын бусаар ашигласан бол хууль хяналтын байгууллагуудаар шийдвэрлэнэ. Уурхай, үйлдвэр зэрэг барьцаа хөрөнгөтэй байгууллагуудыг бизнесийн зарчмаар дэмжиж, цаашид ажиллуулахын тулд менежментийн өөрчлөлт хэрэгтэй.” гэв.
2022 оны 01 дүгээр сарын 20-ны өдрөөс 02 дугаар сарын 24-ний өдрийн хооронд дараах ажлууд хийгдсэн байна.
Хөгжлийн банкнаас олгосон хугацаа хэтэрсэн, чанаргүй ангилалд хамруулсан нийт 52 зээл нь Хөгжлийн банкны тухай хууль, Зээлийн журам, зээлийн бодлогын баримт бичиг зэрэг хууль тогтоомжийн дагуу олгогдсон эсэх, Хөгжлийн банкны эрх бүхий албан тушаалтнууд албан үүрэг, бүрэн эрхээ урвуулан ашиглаж, зээлдэгч аж ахуйн нэгжүүдэд давуу байдал бий болгож, хууль бусаар олгосон эсэх, хахууль авч, төрд хохирол учруулсан эсэхийг тогтоохоор дээрх холбогдох байгууллагуудтай хамтран чанаргүй зээлэгчидтэй холбоотой нийт 55 удаагийн биечлэн уулзалт хийсэн. Мөн энэ хугацаанд АТГ-ын мөрдөн шалгах хүрээнд Хөгжлийн банкнаас зээл авсан чанаргүй зээлдэгчид болон холбоотой этгээдийн 170 орчим дансыг захиран зарцуулахад хязгаарлалт тогтоож, битүүмжлэн шалгаж байна.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна