ТЕГ: Б.Баасанцогт нэр бүхий улстөрчийн биед халдахаар бэлтгэсэн байж болзошгүй тул баривчилсан

Админ
19 цаг 21 минутын өмнө

Тагнуулын Ерөнхий Газраас зэвсэгт этгээдүүдийг баривчилсан талаар мэдээлэл хийж байна

ТЕГ-ын олон нийттэй харилцах албаны ажилтан П.Өгөөмөр:

- Тагнуулын байгууллагаас шалгаж буй зарим хэргүүдийн талаар товч мэдээлэл өгье. Үндсэн хуулийн хоёрдугаар бүлгийн 16 дугаар зүйлд зааснаас "Иргэн итгэл үнэмшилтэй байх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, үг хэлэх, хэвлэн нийтлэх, тайван жагсаал цуглаан хийх эрх чөлөөтэй" гэж заасан. Тэгвэл энэхүү эдлэх эрхийн хүрээнд иргэдийн зохион байгуулж буй жагсаал цуглааны үеэр хүний эрүүл мэнд амь насанд халдаж, үймээн самуун өдөөн хатгах, турхирах зорилготой зохион байгуулалтад орсон этгээдүүдийг тагнуулын байгууллага шалгаж байна.

- Тодруулбал, тагнуулын байгууллагаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 19.8 дугаар зүйлд заасан экстремист гэмт хэргийг үйлдэхээр үйл ажиллагаа явуулж байсан нэр бүхий таван иргэнийг саатуулж, мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байна.

- Дээрх этгээдүүд нь экстремист үйл ажиллагаа явуулахаар багагүй хугацаанд төлөвлөж байсан бөгөөд тухайн этгээдүүдийн орон гэр, тээврийн хэрэгсэл, ажлын байранд хийсэн нэгжлэгээр Улсын онц чухал объектуудыг зэвсэглэн хяналтад авахаар төлөвлөсөн гар бичмэл, хууль бусаар олж авсан галт зэвсэг, байлдааны болон бусад зориулалттай галт зэвсэг, зэвсгийн чанартай эд зүйл илэрсэн.

- Үзлэг нэгжлэгийн явцад нийт 12 галт зэвсэг илэрснээс АКА 47 маркийн сер дугаарыг нь зориудаар арилгасан автомат буу 1ш, волтер маркийн гар буу 1ш, ТТ маркийн гар буу 1ш, бүртгэлгүй галт зэвсэг таван ширхэг тус тус байсан. 

- Үүнээс гадна 7,62 мм байлдааны сум 274ш, 6,5 мм 82 ширхэг, 223 мм сум 149ш, 5,6 мм 291, 12 мм 57, 16мм 14ш буюу нийт 861 ширхэг сум болон тэсэрч дэлбэрэх хэрэгсэл илэрснийг хураан аваад байна. Уг этгээдүүд нь зохион байгуулалттай хууль бус үйл ажиллагаа явуулахаар бэлтгэж байсан бөгөөд нэр бүхий улстөрч, төрийн албан хаагчийн амь насанд халдахаар төлөвлөж байсан нь мөрдөн шалгах ажиллагааны явцад илэрч байна. 

- Мөн хэргийн нэг холбогдогч нь дээрх хууль бус ажиллагаанд ашиглахаар хадгалж байсан бүртгэлгүй галт зэвсгээр нэгнийгээ санаатайгаар буудан хүнд гэмтэл учруулсан бөгөөд тухайн үйлдлийг ТЕГ нэгтгэн шалгаж байна.  

- Иймд иргэдийн зохион байгуулж буй тайван жагсаал цуглааны үеэр нийтийн хамарсан эмх замбараагүй байдал үүсгэх, гэмт хэрэг үйлдэх санаа зорилготой хэсэг бүлэг этгээдүүд байхыг үгүйсгэхгүй. Тиймээс иргэдийг сонор сэрэмжтэй байхыг ТЕГ-аас сэрэмжлүүлж байна. 

- Эрүүгийн хэргийн хянан шийдвэрлэх хуулийн дагуу Прокурорын зөвшөөрсөн хэмжээнд мэдээлэл өгч байна. Өөр нэмэлт мэдээлэл өгөх боломжгүй. 

- Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан галт зэвсгүүд дунд Баасанцогт нарын этгээдүүдийн эзэмшлийн галт зэвсгүүд илэрсэн учраас тухайн хэрэгт холбоотой байж болзошгүй гэх үндэслэлээр сэжигтнээр саатуулан баривчилсан. 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна