МИК: Иргэдэд ипотекийн зээлийг олгосны дараа МИК үнэт цаасжуулалтын үйл ажиллагааг эхлүүлдэг

Админ
2022/04/18

Монголын Ипотекийн корпорациас Шадар сайд С.Амарсайханы хийсэн мэдэгдэлтэй холбогдуулан мэдээлэл хийж байна. 

МИК-ийн гүйцэтгэх захирал Б.Гантулга:

- Монгол Улсад орон сууцны санхүүжилтийн тогтолцоог бий болгох зорилгоор Олон улсын байгууллагын /USAID/ зөвлөмжийн дагуу  2006 онд “Монголын Ипотекийн Корпораци ОССК” ХХК-ийг Монголбанк болон тухайн үеийн арван арилжааны банкнууд хамтран үүсгэн байгуулсан.

-  2015 онд бизнесийн үйл ажиллагаагаа нээлттэй, сайн засаглалыг бий болгох зорилгоор Монголын хөрөнгийн биржээр дамжуулж хувьцаагаа олон нийтэд санал болгосноор (MSE: MIK) Хувьцаат компани болсон. 

Өнөөдрийн байдлаар нийт 219 (2022.04.11-ний өдрийн байдлаар) иргэн болон аж ахуй нэгж тус компанийн хувьцааг эзэмшиж байна.


- “Монголын Ипотекийн Корпораци ОССК” ХХК нь олон улсын сайн туршлагыг нэвтрүүлэн ажилладаг,  Олон улсын моргейжийн хоёрдогч зах зээлийн холбоо /ISMMA/, Азийн моргейжийн хоёрдогч зах зээлийн холбоо /ASMMA/ болон бусад мэргэжлийн холбоодын гишүүн байгууллага.

- МИК ОССК нь хөтөлбөрийн хүрээнд иргэдэд олгосон зээлийг арилжааны банкнуудаас худалдан авч үнэт цаасжуулах ажлыг гүйцэтгэдэг. 

-  Монголбанкны Ерөнхийлөгчийн 2013 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн А-122 дугаар тушаалаар батлагдсан “Орон сууцны ипотекийн санхүүжилтийн журам”-аар ипотекийн зээлийн хүүг жилийн 8 хувиар;

- Монголбанкны Ерөнхийлөгчийн 2020 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн А-392 дугаар тушаалаар “Орон сууцны ипотекийн зээлийн санхүүжилтийн журам”-д нэмэлт өөрчлөлт оруулж Ипотекийн зээлийг хүүг 6 хувь болгон бууруулсан.

Засгийн газар болон Монголбанкнаас зээлийн хүүг тогтоодог.

-  Засгийн газар, Монголбанк, арилжааны банкнууд орон сууцны ипотекийн зээлийн санхүүжилтийн эх үүсвэрийг гарган,  банк нь иргэдэд олгох орон сууцны ипотекийн зээлийг бие даан шийдвэрлэдэг. МИК ОССК нь зээл олгох энэхүү үйл ажиллагаанд оролцдоггүй бөгөөд иргэдээс ямар нэгэн шимтгэл авдаггүй.

- Банкнаас иргэдэд орон сууцны ипотекийн зээлийг олгосны дараа МИК нь үнэт цаасжуулалтын үйл ажиллагааг эхлүүлдэг.

-  Үнэт цаасжуулах үйл ажиллагаа нь банкнаас олгосон ипотекийн урт хугацаат зээлийн эрсдэлийг МИК авч, дараагийн зээлдэгчдэд ипотекийн зээл олгох боломжийг банканд бий болгодог. 




Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 202.55.188.36
    2022/04/18

    Би 8 % зээлтэй 15 жилд Авсан зээлээ 70-80% өсгөж өгөх юм билээ.Энэ арай л дэндүү луйвар.Ядахдаа 7% болгоод өгвөл

    Хариулах