Боловсрол, соёлын байцаагч нар ирээдүйн дэлхийн иргэдийг бэлтгэхээр хандлага, арга зүйгээ өөрчилж байна

Админ
2022/05/16

Мэргэжлийн хяналтынхны шалгалтыг "Шинэ халаадаа өмсөөрэй, ширээнийхээ бүтээлгийг тавиарай..." гэх киноны хэсгээр төсөөлдөг. Үнэндээ өнгөрсөн хугацаанд яг дээрх дүр зургаар хяналт шалгалт явагддаг байсан нь нууц биш. Зөвхөн шалгалтад зориулж төсөв гаргаж, тайлан бэлтгэж, хэвшил болоогүй зүйлээ аль хэдийнээ хийгээд дадсан мэт дүр зураг үзүүлдэг. Байцаагч нар нь хүртэл түүнийг мэдсээр байж, зөвхөн бичиг баримт, эд материалыг нь шалгаад л буцчихдаг байв. 

Байв гэж тодотгож байгаагийн учир нь мэргэжлийн хяналтын байцаагчид хандлага, арга зүйгээ өөрчилж эхэлжээ. Ялангуяа боловсрол, соёлын байцаагчид сургууль бүхлээр ажиллах арга хандлагыг /СББАХ/ хяналтын хуудсандаа тусгаж, дүгнэхээр болжээ. Өөрөөр хэлбэл, тухайн сургууль тогтвортой хөгжлийг хэрхэн бий болгож, ирээдүйн иргэдийг хөгжүүлэх тал дээр хэр анхаарч байна вэ гэдэг дээр  хяналтаа хийхээр болсон байна.

Мэргэжлийн хяналтын боловсрол, соёлын байцаагчид салбартаа хийгдэж буй уг өөрчлөлтийн талаар  Сэлэнгэ аймагт чууллаа. Тэд хяналтын хуудасны нийцэлт болоод, алдаа, оноо юу байв, дараа дараагийн шатанд хийгдэх өөрчлөлт дээрээ юуг анхаарах вэ гэдэг дээр санал сэтгэгдэлээ солилцохоос гадна хандлага, ажлын арга барилынхаа талаар зөвлөлдсөн юм. Энэ үеэр МХЕГ-ын Боловсрол, соёлын хяналтын хэлтсийн дарга, доктор Ph.D, дэд профессор М.Нямсүрэнгээс тодрууллаа.

 ДЭЛХИЙН ИРГЭНШСЭН БОЛОВСРОЛТОЙ МОНГОЛ ИРГЭНИЙГ БЭЛТГЭХ ЗОРИЛТДОО  ХҮРЧ БАЙНА УУ ГЭДГИЙГ ХЯНАДАГ БОЛОХООР ЗОРЬЖ БАЙНА

- МХЕГ Ерөнхий боловсрол эзэмшүүлэх үйл ажиллагааг шалгах хяналтын хуудсандаа өөрчлөлт оруулсан байна. Уг өөрчлөлтийн зорилго нь чухам юунд чиглэж байна вэ?

- Мэргэжлийн хяналтын байгууллага өмнө сургуулийн байгууллагад хяналт шалгалт хийхдээ зөвхөн хуулинд заагдсан асуудлууд дээр л анхаардаг байсан. Ширээ сандал нь байна уу, хүүхдэд анги танхим нь хүрэлцдэг үү, номын сантай юу, биеийн тамирын заал байна уу, стандартын шаардлага хангасан уу  гэхчлэн очоод үзэхэд харагдаж л байдаг асуудлууд дээр хяналт тавьдаг байсан. Одоо бид агуулгаар нь буюу дэлхийн иргэншсэн боловсролтой монгол хүнийг бэлтгэх зорилтод хүрч байна уу гэдгийг хянадаг болохоор зорьж байна. 

Мэргэжлийн хяналтын зүгээс 2020 онд эхлээд ерөнхий боловсрол эзэмшүүлэх үйл ажиллагааг үнэлэх 6.2 кодтой хяналтын хуудасны шалгуурыг сургууль бүхлээр ажиллах арга хандлагад суурилж өөрчилсөн. Одоо энэ шалгуурыг хянахын тулд байцаагч нарынхаа хандлага, арга зүйг өөрчлөх шаардлагатай байна. Учир нь байцаагч нарын хандлага зөв байж, зөв дүгнэлт гаргана. 

Тухайлбал, өмнө нь багш нарыг шалгахдаа бичиг баримтыг нь үзээд, ямар сургууль төгссөн, бакалаврын боловсролтой эсэх, мэргэшсэн сургалтад хамрагдсан байдал гээд л механик үйлдэл рүү тулгаж шалгадаг байсан бол одоо энэ багшийн хандлага нь зөв юм үү? Хүүхдийг ирээдүйд зөв иргэн болж хөгжүүлж чадах багш мөн үү цаашлаад тогтвортой хөгжлийн анхан шатны ойлголт байна уу. Багш нар хүүхдүүддээ хэлэхээсээ урьтаж, өөрөөрөө үлгэрлэж үзүүлдэг. Тиймээс хүүхдүүддээ үлгэр дуурайлал болж чадаж байна уу, хичээлээрээ дамжуулаад эх дэлхийгээ хайрлах үзэл баримтлал хийгээд өв соёлдоо гамтай хандах хандлага, жендэрийн мэдрэмжийг суулгаж чадаж байна уу гэх мэт илүү нарийн зүйлд анхаарлаа төвлөрүүлнэ гэсэн үг. 

-Хяналтын хуудасны сургалтын орчин гэх хэсгийг Тогтвортой хөгжлийн зорилтуудад нийцүүлэн өөрчилсөн гэж ойлголоо. Байцаагчид өмнө  юуг нь шалгадаг байсан, одоо яаж өөрчлөгдсөн талаар тодорхой мэдээлэл өгөөч. Бас сургалт, зөвлөгөөнд хамрагдсан байцаагчид Сэлэнгэ аймгийн сургуулиуд дээр ажиллана гэсэн. 

- Сургалтын орчинд хийгдэх хяналт шалгалт нь голдуу материаллаг зүйлд ханддаг байсан. Харин одоо ширээ сандал гэхэд л өнөөгийн хүүхдүүдийн сэтгэл зүй, бие физиологит тохирч байна уу, орчин нөхцөл нь хүүхдийн эрхийг хамгаалах, жендэрийн мэдрэмжтэй байж чадаж байна уу гэх зэргээр өөрчилж сайжруулсан. Хэдийгээр өнгөрсөн хугацаанд сургуулиуд богино хугацаанд ажилласан ч үнэлгээгээ хийсэн. Хяналтын хуудсын өөрчлөлтийг хийхэд бүх байцаагч нарын оролцоо чухал. Ойлголтоо нэгтгэхээс гадна хуулийн ямар үндэслэл байна, ямар хуулиар зохицуулалт хийх вэ гэдэг дээр гаргалгаа гаргана. Мэргэжлийн хяналтын байцаагчид ганц тогтвортой хөгжлийн үзэл баримтлалыг бариад явж болохгүй. Тиймээс байцаагч нар бүлэг тус бүр дээр ажиллаж, Сэлэнгэ аймгийн сургууль дээр үнэлгээ хийж туршина. Өөрөөр хэлбэл, зөвлөлдөж гаргасан хяналтын хуудасны агуулга тохирох, эс тохирохыг үнэлж үзнэ. 

Нөгөө талаар Сэлэнгэд сургалт, зөвлөгөөнөө зохион байгуулж байгаагийн нэг шалтгаан нь энд Тогтвортой хөгжлийн I төсөл маш сайн хэрэгжсэн ч одоогоор загвар сургуульгүй байгаа ганц аймаг. Тиймээс бид сургуулиуд дээр хяналтын хуудасныхаа туршилтын үнэлгээг хийхээс гадна нөхцөл байдлын үнэлгээг давхар хийж, цаашид тэгээд Тогтвортой хөгжлийн боловсролыг яаж хөгжүүлэх вэ, юун дээр анхаарах вэ гэдэг үнэлэлт өгөх юм.

ХЯНАЛТЫН ХУУДАСНЫХАА ШАЛГУУРЫГ ӨӨРЧИЛСНӨӨР БИД ИЛҮҮ ХҮН РҮҮГЭЭ ЧИГЛЭСЭН

- Нэг үеэ бодоход иргэд Тогтвортой хөгжил, түүний 17 зорилтын талаар тодорхой хэмжээний мэдлэгтэй болж. Өөрсдийн ажил, амьдралын хэв маягтаа хэвшил болгосон хүмүүс ч цөөнгүй байна. Харин одоо Боловсролын байгууллага, түүнд хяналт тавьдаг МХЕГ-ын байцаагч нарын хандлага ирээдүйн иргэнийг бэлтгэн гаргахад чухал нөлөөтэй байгааг анзаарлаа.

- Өмнө нь Мэргэжлийн хяналтын байцаагч нарын ертөнцийг үзэх үзэл арай өөр  байлаа л даа. Хяналт шалгалтаар ирэхдээ тухайн сургуульд ариун цэврийн өрөө байна уу байна, биеийн тамирын заал байна уу байна, хичээл нь ордог байна гэдгийг л шалгачихаад явдаг байсан. Ингэхдээ тэнд эрэгтэй, эмэгтэй тусдаа орох, сургуулийн ширээ, сандал нь сурагчийн нас, биед тохирох эсэх гэх зэрэг суралцагсдын жендэрийн хийгээд бусад эрх, аюулгүй байдлыг хангах асуудалд нэг их анхаарал хандуулдаггүй байсан гэх үү дээ. Харин Ерөнхий боловсрол эзэмшүүлэх үйл ажиллагааг үнэлэх 6.2 кодтой хяналтын хуудасныхаа шалгуурыг өөрчилснөөр бид илүү хүн рүүгээ чиглэж, тогтвортой хөгжлийг бий болгож ирээдүйд бэлэн болох иргэдийг хөгжүүлэх тал дээр анхаарч,  хяналтаа хийхээр өөрчлөгдөж байна. Тиймээс байцаагч нарынхаа хандлагыг  өөрчилье, хийж байгаа ажлынхаа арга барилыг ч өөрчилье гэсэн зорилготойгоор нийслэл болон 21 аймгийн боловсрол, соёл хариуцсан хяналтын байцаагч нараа чадавхжуулж байна. 

- Мэргэжлийн хяналтынхан чамгүй өөрчлөлт хийж, байцаагч нар нь хандлага болоод ажиллах арга барилаа ч мөн өөрчлөлт оруулж байгаа юм байна. Дараагийн өөрчлөх хэсэг юу вэ. 

- Сургалтын орчны шалгалтын асуултын агуулга нь суралцагч, багш, эцэг эх, захиргааны албан хаагч, үйлчилгээний ажилчид гээд бүх талын оролцоо, үйл ажиллагаа нь хүүхдэд ээлтэй, хэрэгцээтэй, тэдний хөгжлийг дэмжсэн хамтын ажиллагаа байгаа эсэхийг үнэлэхэд чиглэж байсан бол бид одоо “Засаглал” бүлэг дээр ажиллаж байна. 

Энэ хэсэгт өмнө нь сургуулийн дүрэм байна уу, дүрэм дотроо сурагчдын, эцэг эхийн талаар зааж уу гэдгийг шалгаж байсан бол одоо шийдвэр гаргахад сургуулийн бүх хүн оролцож чадахаар байна уу, түүнийгээ дүрэмдээ суулгаж өгч чадсан уу. Сургуулийн дотоод журамдаа энэ талын мэдлэг ойлголтуудыг тусгасан уу, Бүгдээрээ ажиллах хандлага руу чиглүүлж чадсан уу, Зөвхөн захирал, зөвхөн сургалтын менежер ганцаархнаа ажиллаад байна уу, сургуулийн багш, ажилтан болгоны үүрэг оролцоо чухал гэдгийг засаглалынхаа ямар бичиг баримт дээр яаж хуульчлан тусгасан юм бэ гэдгийг нь харж хянадаг болох юм. 

БИД ХҮҮХДИЙН ХӨГЖИЛ ГЭСЭН НЭГ Л ЗОРИЛГОТОЙ...   

- Мэргэжлийн хяналтын байцаагчид зөвлөн тусална гэсэн.

- 2022 онд төлөвлөгөөт хяналт хийгдэхгүй учраас зөвлөн туслах ажлаараа сургуулиудад эрсдэлийн үнэлгээ хийхээр төлөвлөж байна. Энэ зохион байгуулж байгаа үйл ажиллагаа маань ч бас зөвлөн туслахын нэг хэлбэр. Зарим байгууллага шалгалтад зориулаад өөр нэг нүүр, төрх үзүүлэх гээд байдаг. Учир нь МХЕГ төлөвлөгөөт шалгалтуудаа зарлачихдаг. Нөгөөдүүл нь бидний шалгалтад зориулж, хэвшээгүй зүйлээ, хэвшсэн мэт бичиг баримт дээрээ жин тан болгоод тавьчихсан байх тохиолдлууд гардаг. Гэвч эцсийн дүндээ бид хүүхдийн хөгжил гэсэн нэг л зорилготой шүү дээ.

- Боловсролын байцаагч нараас гадна соёлын байцаагчид сургалт, зөвлөгөөнд хамрагдаж байна. Цаашид соёлын салбарын хяналтаа бас өөрчлөхөөр төлөвлөж байгаа гэж ойлгож болох уу? 

- Манай сургалтад хамрагдаж буй соёлын байцаагч цөөнгүй бий.  Хэдийгээр боловсролын байцаагч нар шиг ажиллах боломж хомс ч  соёлоор дамжуулж хүүхдийг яаж өөрчилж болох вэ. Музей, номын сан, соёлын өв, түүх дурсгалын газруудын асуудал дээр тогтвортой хөгжлийн боловсролын үзэл баримтлалыг яаж тусгах вэ.  Хүүхдүүдийг энэ чиглэлээр хөгжүүлэх боломж юу байна вэ гэдгийг давхар судлахаар зорьж байна. Мэдээж бүгдийг нь нэг дор хийчихэж чадахгүй ч тодорхой хугацааны дараа үр дүн гарна байх. Ямартай ч юуны түрүүнд мэдлэгтэй, ойлголттой хандлагатай болох нь чухал байна.  

- Сургуулийн орчинд нь үнэлгээ хийсэн гэж байгаа шүү дээ. Тэгэхээр ямар нэгэн үр дүн гарсан уу? 

- Үр дүнгийн талаар ярихад арай эрт байна. Дөнгөж л өөрчлөлтөө хийж эхэлж байна шүү дээ. Хяналтын хуудсаа өөрчлөнгүүт бүх юм гоё болчихно гэж юм байна байхгүй. Энэ бол хандлагын өөрчлөлт. 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна