Багшийн ажлын гүйцэтгэл, үр дүнд суурилсан үнэлгээний шалгалт орон даяар эхэллээ

Админ
2022/05/24

Боловсролын үнэлгээний төв багшийн ажлын гүйцэтгэл, үр дүнд суурилсан үнэлгээний шалгалтыг 2022 оны тавдугаар сарын 24-27-ны өдрүүдэд орон даяар зохион байгуулах гэж байна. Ерөнхий боловсролын сургуулийн багш нарын ажлын үр дүн, гүйцэтгэлийг үнэлэх хөндлөнгийн шалгалт Монгол Улсад анх удаа зохион байгуулагдах гэж байгаа бөгөөд багшийн ажлын гүйцэтгэл, үр дүнд суурилсан үнэлгээний шалгалтыг зохион байгуулах эрх зүйн үндэслэл, бодлогын баримт бичгүүд батлагдаад 4-5 жил болж байгаа юм.

Тухайлбал, Алсын хараа-2050 Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого болон Боловсролын салбарын хөгжлийн дунд хугацааны төлөвлөгөө (2021-2030)-нд багшийн ажлын гүйцэтгэл, үр дүнд суурилсан цалин хөлсний тогтолцоог хэрэгжүүлэхэд чиглэсэн ажлын хүрээнд хөндлөнгийн үнэлгээний шалгалт зохион байгуулагдах асуудал тусгагдсан байгаа.

Мөн БШУ-ны яаманд Боловсролын чанарын үнэлгээний хэлтэс шинээр байгуулагдсан бөгөөд тус хэлтэс багшийн ажлыг үнэлж дүгнэх аргачлалыг боловсруулан БШУ-ны яам болон Засгийн газарт тогтоол гаргуулахаар өргөн барьжээ. Ийнхүү БСШ-ны яамнаас өгсөн чиглэлийн дагуу Боловсролын үнэлгээний төв багшийн ажлын гүйцэтгэл, үр дүнг тооцох шалгалтыг орон даяар зохион байгуулж эхэллээ. Төрийн өмчийн 654 сургуулийн 31 мянга орчим багш шалгалтанд хамрагдана

Багшийн ажлын гүйцэтгэл, үр дүнд суурилсан үнэлгээний шалгалтыг зохион байгуулах бэлтгэл ажлын хүрээнд Боловсролын үнэлгээний төв үндэсний хэмжээнд буюу 21 аймаг, нийслэлийн есөн дүүрэгт тус бүр хоёр хүнтэй, 60 комисс томилон ажиллуулжээ. Тус комисс ЕБС-иудад үнэлгээний шалгалтын журам, аргачлалыг танилцуулж, шалгалтыг зохион байгуулах ажлыг хариуцсан байна.

Орон нутагт ажиллах комисс өнгөрсөн долоо хоногт аймгийн төвүүдэд очсон бол өнгөрсөн баасан гарагт Нийслэлийн хэмжээний ЕБС-иудад ажиллах комисс нэгдсэн журмаар бэлтгэл ажилдаа оржээ. Багшийн ажлын гүйцэтгэл, үр дүнд суурилсан үнэлгээ, салбарын хүний нөөцийг үндэсний хэмжээнд бэлтгэх хөндлөнгийн үнэлгээний шалгалтын тухай мэдээллийг тус эдгээр комисс орон даяар багш нарт цахим болон танхимын хэлбэрээр үе шаттай өгсөн байна.

Тус комисс тусгайлсан үнэлгээний мэдээллийг БШУ-ны яамны Боловсрол шинжлэх ухааны газартай хамтран аймаг, нийслэлийн Боловсролын газар болон ЕБС-ийн удирдах ажилтан, захирал нийгмийн ажилтан, сургалтын менежер, заах аргын нэгдлийн ахлагчдад бүсчилсэн байдлаар, онлайн хэлбэрээр өгчээ. ЕБС-ийн багш нар шалгалтын тухай мэдээллийг удирдлагаасаа авч, багшийн ажлын гүйцэтгэл, үр дүнд суурилсан үнэлгээний шалгалтад бэлдэж эхэлжээ.   ЕБС-ийн багш нараас анх удаа авч байгаа багшийн ажлын гүйцэтгэл, үр дүнд суурилсан үнэлгээний шалгалтад улсын хэмжээний төрийн өмчийн 654 сургуулийн 31 мянга орчим багш хамрагдах аж. Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд төрийн өмчийн 684 сургууль үйл ажиллагаа явуулдаг ч энэ удаагийн шалгалтад төрийн өмчийнх хэдий ч монгол, гадаадын хамтарсан болон консервитар, лицей, тусгай ангиллын 30 сургууль хамрагдахгүй юм байна.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна