Анандын ээж Ц.Даваа: Ард түмнээсээ дахин хандив гуйна гэхээс сэтгэл минь шимширч байна

Админ
2022/05/24

Монголчуудын сайхан сэтгэлээрээ нэгдэж Ц.Ананд хүүд эмчилгээний зардал болох  300 гаруй төгрөгийг босгож байсан нь саяхан. Ц.Ананд эх орноосоо мордохдоо нуруу нугалмын хорт хавдар гэсэн оноштойгоор БНСУ-ыг зорьсон ч тэнд дахин цусны хавдраар өвчилснийг тогтоосон билээ. Өнгөрсөн хугацаанд хүү 6 удаагийн химийн эмчилгээ, 20 гаруй удаагийн нөхөн сэргээх эмчилгээнд оржээ. Харамсалтай нь энэ сарын 3-ны өдөр эмчлэгдэж байсан Samsung эмнэлгийн зүгээс цусны хавдар нь дахисан гэх мэдээг дуулгасан байна. 

Ананд хүүгийн ээж Ц.Даваа:

- Нэг жилийн хугацаанд БНСУ-д эмчилгээ хийлгэлээ. Хүнд үе их байсан биз.

- Юуны өмнө хүүд маань тусалсан бүх монголчууддаа маш их баярлаж талархсанаа илэрхийлье. Та бүхэндээ эрүүл энх сайн сайхныг хүсье. 

- Хүү маань жилийн өмнө нуруу нугалмын хавдраа эмчлүүлэхээр БНСУ-ыг зорьсон. Хагалгааны өмнөх шинжилгээгээр цусны хавдартай болох нь оношлогдсон. Өнгөрсөн хугацаанд хүү маань 6 удаагийн химийн эмчилгээ, 20 гаруй удаагийн нөхөн сэргээх эмчилгээнд орсон. Сайхан сэтгэлт монголчуудынхаа буянаар  11 см нурууны хавдраа эмчлүүлж чадсан. 

- Дөнгөж очиход БНСУ-д ажиллаж амьдардаг монголчууд маш их тусалсан. Учир нь солонгосын хоол нь хүүд маань таарахгүй байсан ч тэнд байсан монголчуудынхаа ачаар эхний 2 сарын химийн эмчилгээг маш сайхан давсан. Эргээд бодоход өнгөрсөн жилийн хугацааны 2 сард л гэртээ байсан байна. 

- Өнгөрсөн жил Ананд хүүгийн эмчилгээнд маш олон монголчууд сайхан сэтгэлийн гараа сунгасан. Зарим нь хүн бүр дуудлага худалдаа хүртэл зохион байгуулсан. Гэвч хорт давхар нь дахисан гэх мэдээг эмнэлгийн зүгээс өгсөн байна. БНСУ-д яг юу болов. Дахиад л эхлэлийнхээ цэг дээр ирсэн гэх харамсалтай мэдээ дуулгаж байна?

- 2022 оны 1 дүгээр сард сүүлийн химийн эмчилгээ дууссан. 2 сараас эхлээд хүү маань овоо хөөрхөн сэргэж, нөхөн сэргээх эмчилгээндээ дор хаяж 6 сар явахаар төлөвлөсөн л дөө. Ингээд эхний ээлжид хүү маань дугуй жийж сурсан, дараа нь ганц хоёр алхаж эхэлсэн. Гэтэл сая 5 дугаар сарын 2-нд эмч маань цусны шинжилгээний дэлгэрэнгүй шинжилгээгээр хавдар нь дахин сэдэрсэн байгааг тогтоосон.  Өнгөрсөн хугацаанд байнгын эмчийн хяналтад байсан л даа. 

- Эмчтэйгээ уулзахад дахилтын химийн эмчилгээнд 2-3 удаа орно. Хамгийн сүүлчийн арга нь чөмөг шилжүүлэн суулгах хагалгаанд орно гэх хариуг өгсөн. Чөмөг шилжүүлэн суулгах хагалгаа нь 150 сая вон гэсэн. 

-2021 оны 12 дугаар сар хүртэл 251 сая воныг эмчилгээндээ зарцуулсан. 2 сараас эхлэн хүүгийн биеийн байдал сайжирч, сэргэж эхлэхэд найз нөхөд маань хүртэл сар болгон цалин дээрээсээ хэдэн төгрөг өгье, ингэж тусалъя гэдэг байлаа. Гэтэл хавдар нь дахисан гэх мэдээг авсны дараа эмч, эмнэлгийнхэнтэй уулзаад өнгөрсөн хугацаанд 400 гаруй сая воныг эмчилгээнд зарцууллаа. Энэ бол монголоор бол 800 гаруй сая төгрөг. Хагас тэрбум давсан мөнгө. Энэ мөнгөний талыг нь ард түмэн минь өгсөн. Талыг нь шар махтайгаа хатаж олсон. Жаахан ч гэсэн хөнгөлөөд өгөөч гэж гуйсан. Гэвч боломжгүй гэх хариуг өгсөн. 

-Эмчээсээ бас гуйсан. 400 гаруй сая воноор эмчилгээ хийлгэлээ. Гэтэл гуравхан сарын дараа дахилт өгчихлөө, хөнгөлөх боломж байна уу гэж. Гэвч том эмнэлэг бол том л байдаг юм билээ. 

- Сүүлд цусны шинжилгээ, чөмөгний шинжилгээ гэхэд л монгол мөнгөөр 20 сая төгрөг болчихсон. Үүнийгээ байрандаа барьцаа болгож өгсөн мөнгөнөөсөө төлсөн. Samsung эмнэлэгт бид хоёр шиг л хүүхдээ эмчлүүлж байгаа аав, ээж хоёр онгоцны маань билетийг захиалж өгч "За миний дүү тайвшир. Ямартай ч арга нь олдоно" гэж аргадаад л нааш нь явууллаа. 

-Үнэндээ өнгөрсөн хугацаанд асар их мөнгө зарлагдаж, эмчилгээ хийлгэсэн ч яг л жилийн өмнөх байран дээрээ буцаад ирчихлээ. Хүүгээ эмчлүүлэх жаахан ч гэсэн найдвар байгаа ч  ард түмнээсээ дахин дахин хандив гуйна гэхээс ч сэтгэл минь шимширч байна. Бага зардлаар эмчлэх өөр газар хайдаг ч юмуу гэж бодох шиг.../уйлав/

- Ямартай ч хүүгээ эмээтэй нь дүүтэй нь уулзуулъя гэсэн сэтгэлээр эх орондоо ирээд байна...



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна