Засгийн газрын өнөөдрийн/2022.05.25/ хуралдаанаар Монгол Улс, БНХАУ-ын агаарын хилийг нээх тухай хэлэлцсэн байна.
Зам, тээврийн Хөгжлийн сайд Л.Халтар:
- Монгол Улс, БНХАУ хооронд агаарын тээврийн нислэгийг сэргээх тухай асуудлыг Засгийн газрын хуралдаанд танилцуулсан. Өнөөдрөөс 26 сарын өмнө Монгол, Хятадын хооронд агаарын тээврийн үйлчилгээ зогссон. Манай ЭСЯ-ныхан сайн ажиллаж, зохих газруудтай нь ярилцаад Шанхай, Бээжингээс бусад хотууд руу долоо хоногт нэг удаа нислэг хийх зөвшөөрлийг авлаа.
Улмаар Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар МИАТ компани Гуанжоу чиглэлд долоо хоногт нэг удаа, Хөх хот руу Аэро Монголиа компани долоо хоногт нэг удаа нислэг үйлдэх шийдвэр гаргалаа. Ингэхдээ нэг долоо хоногт Монголын агаарын тээврийн компани, нөгөө долоо хоногт нь Хятадын агаарын тээврийн компани сөөлжлөн байдлаар нислэг үйлдэх асуудал дэмжигдлээ. ГХЯ дипломат шугамаар, ИНЕГ Хятадын холбогдох байгууллагуудтай ярилцаж зөвшөөрлийг авна.
Дээрх нислэгтэй холбогдон тусгаарлалтын асуудал яригдана. Шийдвэр гарсан учраас манай ГХЯ, Хятадын ГЯ-нд Монгол Улсаас очиж буй иргэдэд тусгаарлалтын ямар горим үйлчлэхийг тодорхой болгож зургаадугаар сарын 1-нээс өмнө иргэдэд зарлана гэв.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна