Э.Анандын ээж​ Ц.Даваа: Хүү минь халуураад, бөөлжиж эхэлсэн

Админ
2022/06/08

Одоогоос хорь гаруй хоногийн өмнө БНСУ-д нуруу нугасны хавдраа эмчлүүлж байсан Э.Анандын хүүгийн хорт хавдар дахисан гэх таагүй мэдээг түүний ээж Ц.Даваа манай сайтаар дамжуулан мэдээлж байсан билээ. Хэдийгээр тэрбээр "Ард түмнээсээ дахин хандив гуйна гэхээс сэтгэл шимширч байна" гэж мэдэгдсэн ч сайхан сэтгэлт иргэд хандивын гараа сургасаар байна. Э.Анандын дараагийн эмчилгээний зардалд 300 гаруй сая төгрөг шаардлагатай ч  одоогоор 45 сая төгрөг цуглажээ. Хүүгийн ээж Ц.Даваагаас хандив болон эмчилгээнийх нь талаар тодрууллаа. 

- Хүүгийнх нь биеийн байдал ямар байна?

- Бид хоёр Монголдоо ирээд бараг сар болж байна. Өнгөрсөн хугацаанд хүү овоо гайгүй байсан. Гэвч ойрноос хямраад эхэллээ. Өчигдөр халуураад, бөөлжсөн. Өнөөдөр ч гэсэн халуураад л байна. Хамаагүй эм тариа өгч болохгүй болохоор өвчин намдаах эмээр л аргацааж байна. 

- Эмч юу гэж байна? 

- Ирснээсээ хойш Эх нялхсын эмнэлгийн эмч нарын хяналтад байгаа. Өвчнийх нь шинж тэмдэг илэрч эхэлж байна гэсэн. Санаагаар болдог бол хурдхан л эмчилгээндээ явчихмаар байх юм. 

- Одоогоор хэдэн төгрөгийн хандив цуглаад байна?

- Үнэхээр аргагүй байдалд ороод л дахин хандив зарласан.  Үүнийг ард түмэн минь ойлгож, тусламжийн гараа сунгаж байгаад талархаад ханашгүй.  Дэлхийн олон улс оронд амьдардаг монголчуудаас эхлээд хүүгийн маань үе тэнгийн хөөрхөн хүүхдүүд хүртэл боломжийнхоо хэрээр хандив өгч байна. Одоогоор нийт 45 сая цугласан. Мөн Батмягмар гэх сайхан сэтгэлт хүн 250 сая төгрөгийн үнэ бүхий эмээл хазаараа хандивласан. Шууд худалдаад авчих хүн тэр бүр байдаггүй болохоор сугалаа зарласан. Хэрэв сугалаа маань амжилттай болчихвол химийн эмчилгээний зардал босчих болов уу гэж найдаад л сууж байна даа.  

- Хаанахын ямар эмнэлэг сонгосон бэ. Эмчилгээний зардал нь ойролцоогоор хэдэн төгрөг болохоор байна?

- Турк улсын  Medical par Bahcelievler  гэдэг эмнэлэгт эмчилгээ хийлгэхээр болсон. Эхний удаад 2 удаа химийн эмчилгээ хийнэ, тэр нь 30 мянган ам.доллар гэсэн санал өгсөн. Дараа нь чөмөг суулгах мэс засаг хийгдэнэ. Гэхдээ түүнээс өмнө дүүгийнх нь чөмөг таарах эсэхийг шинжилнэ. Хэрэв таарахгүй бол Туркээс донор олно. Тэр нь ойролцоогоор 75 мянган ам.доллар болох юм билээ.

-  Хэзээ явахаар төлөвлөж байна?

- Үнэндээ хэзээ л бол хэзээ явчихмаар л байна. Нэлээн цаг хугацаа алдчихлаа. Ямартай ч ойрын хэд хоног визээ хөөцөлдөж байна. Турк улсад хүү бид хоёр 30 хоногоос дээш хугацаагаар байх учраас заавал виз гаргуулах юм билээ. Эхний ээлжид хоёулаа явах учраас 30 хоног нь болчихвол хүүгээ асрах уу, визээ хөөцөлдөх үү гэх асуудал тулгарна. Тиймээс явахаасаа өмнө энэ асуудлаа шийдчихээд л явмаар байна.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна