МҮХАҮТ-ын удирдлага Туркийн нийслэл Станбул хотноо энэ өдрүүдэд ажиллаж байна. Зун иржээ, энд. Тийм боловч халуун нар үл шарна. Зөөлөн салхи үе үе сэвэлзэж, чийглэн дулаан агаар ноёлно. Жуулчдын хөл хөдөлгөөн ч их байна. Манай хоёр орны худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагаа сүүлийн жилүүдэд нэлээд өөрчлөгдсөн. Өргөн утгаараа бүхий л түвшинд бизнесийн яриа, хэлэлцээ эрчимжиж байна. Тэдний хувьд ч, бидний хувьд ч Турк-Монголын энэхүү бизнес түншлэл дараагийн шинэ шатанд гарч байгааг энэ 7 хоногт илүү мэдэрлээ.
Тодруулбал, Станбулд болж байгаа уулзалт, бизнес форум, санамж бичиг, яриа хэлэлцээ үүний бүрэн дүүрэн илэрхийлэл болж байна. Хүлээж авч байгаа байдал, зочдын эрэмбэ, хүндлэл, ажил хэрэгч уур амьсгал, хандлага, харилцаа чухам Турк Монголд ихээхэн ач холбогдол өгч байгааг давхар бас харуулж байна. Бизнес, эдийн засгийн хувьд авч үзэхэд л ийм мэдрэмж төрнө. Манай улсын хувьд ч мөн адил харилцан эн тэнцүү хэмжээний шинэ түншлэл эхлүүлэхэд бэлэн байгаагаа дөлгөөн өгүүлнэ.
Тухайлбал, МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч О.Амартүвшингийн БНТУ-ын Олон Улсын Эдийн засгийн харилцааны зөвлөлтэй хийсэн албан уулзалтыг энд зориуд онцолж байгаа нь учиртай. Энэхүү уулзалтад Монгол Улсаас БНТУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Г.Мөнхбаяр, Истанбул хотноо суугаа Ерөнхий консул Ш.Хишигсүрэн, МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч О.Амартүвшин, Ерөнхий нарийн бичгийн дарга С.Баясгалан, нөгөө талаас БНТУ-ын Олон Улсын Эдийн засгийн харилцааны зөвлөл /DEIK/-ийн Турк-Монголын бизнес зөвлөлийн Туркийн талын Ерөнхийлөгч Халил Авчи, Дэд ерөнхийлөгч Ченгиз Гул, Махмут Эр, Гүйцэтгэх зөвлөлийн гишүүд нь байсан юм.
Ярианы өнгө аяс бол эхнээсээ маш тодорхой. Хоёр тал цаашдын хамтын ажиллагааны талаар нээлттэй санал солилцож, тодорхой "мессеж" нэгэндээ өгцгөөсөн юм. Бизнес, эдийн засгийн талаар, хоёр талд байгаа боломж, хамтран хэрэгжүүлэх дараа дараагийн уулзалт, хэлэлцээр энэ уулзалтыг цааш нь хөтөлсөн.
БНТУ-ын Олон Улсын Эдийн засгийн харилцааны зөвлөл /DEIK/ нь гэж ямар учиртай газар вэ. Түүх өгүүлэхэд, 1986 онд тус улсын хувийн хэвшлийн олон улсын эдийн засгийн харилцааг зохион байгуулах зорилгоор анх байгуулагдсан юм билээ. Хожим нь буюу 2014 онд бүтцийн өөрчлөлт хийж, хувийн хэвшлийн олон улсын эдийн засгийн харилцааг явуулах чиг үүргийг хүлээн авч, бусад бизнес зөвлөлүүд болон бизнесийн байгууллагуудыг өөртөө нэгтгэн, хөгжингүй орнуудын жишгээр ажиллаж эхэлсэн юм байна. Олон толгойтой бус нэг толгой, нэгдмэл бодлогоор үндсэндээ хангагдаад ирсэн гэсэн үг. Энэ нь илүү хялбар, тодорхой, ойлгомжтой, илүү өргөн боломжийг нээж өгчээ, бизнест. Манай улсад энэ байдал дутагдаж байгаа.
БНТУ-ын Олон Улсын Эдийн засгийн харилцааны зөвлөлийн дотор байх Турк-Монголын бизнес зөвлөлийн Туркийн талын Ерөнхийлөгч Халил Авчи нь уулзалтын эхэнд цар тахлын үеэр ч харилцаа, хамтын ажиллагаагаа зогсолтгүй үргэлжлүүлж, цахим арга хэмжээг орхилгүй зохион байгуулж байсныг дурдаад цаашид хоёр орны хооронд чөлөөт худалдааны гэрээ байгуулахад МҮХАҮТ-ын зүгээс дэмжлэг үзүүлж ажиллахыг хүссэн нь ихээхэн анхаарал татсан юм. Чөлөөт худалдааны гэрээ гэдэг худалдаа, эдийн засаг, бизнесийн хамтын ажиллагааны "коридор". Ийм түвшинд түншлэлээ авч үзнэ гэдэг өөрөө харилцан давуу тал их байгааг, тэр хэрээр худалдаа, бизнесийн хамтын ажиллагаа тодорхой болно гэсэн үг. Стандарт дээшилнэ. Татварын харилцан боломж, уян хатан нөхцөл дагаад яригдаж таарна.
МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч О.Амартүвшин энэхүү уулзалтад ихээхэн сэтгэл ханамжтай байгаа нь анзаарагдсан. Түүний хувьд ярианыхаа эхэнд 2001 онд эхэлсэн хоёр талын талын хамтын ажиллагааг онцолж, Турк улстай барилга, арьс шир, мал аж ахуй, уул уурхай, ноос ноолуур, аялал жуулчлалын салбаруудад хамтран ажиллах боломж их байгааг тодотгосон юм. Эдгээрээс гадна агаарын шууд карго нэвтэрч байгаа нь хоёр орны худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагаанд томоохон түлхэц болж байгааг тэмдэглэж байна лээ.
Турк болон томоохон соёлын уулзвар. Том зах зээл. Дээрх салбаруудад хамтрах боломж хоёр талд их байгаа. Тийм сонирхол ч бас бий гэдэг нь Халил Авчи гэж эрхмийн үгнээс буюу "Чөлөөт худалдааны гэрээ"-нээс шууд уншигдах аж. Үүнд дөрөөлж хоёр улсын Засгийн газрын түвшинд дараа дараагийн яриа хэлэлцээ эхлэх суурь хөрс улам бүрдэж байгаа нь дамжиггүй.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна