Төрийн хүндэтгэлийн тоглолтод 550 гаруй уран бүтээлч оролцлоо

Админ
2022/07/11

Ардын хувьсгалын 100, 101 жилийн ойн Үндэсний их баяр наадмын Төрийн хүндэтгэлийн тоглолт Соёлын төв өргөөнд зохион байгуулагдсан бөгөөд өнөө орой 21.00 цагт жанжин Д.Сүхбаатарын талбайд наадамчин олонд дахин тоглох юм. Хүндэтгэлийн тоглолтод Үндэсний урлагийн их театр, Дуурь бүжгийн эрдмийн театр, Улсын филармони, Улсын драмын эрдмийн театр, Хилийн цэргийн дуу бүжгийн чуулга, Цэргийн дуу бүжгийн эрдмийн чуулгын нийт 550 гаруй уран бүтээлч оролцож, найруулагчаар Үндэсний урлагийн их театрын захирал, Урлагийн Гавьяат зүтгэлтэн Г.Цоггэрэл ажиллалаа.

Төрийн хүндэтгэлийн тоглолтыг Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан нээж хэлсэн үгэндээ “Өмнийн шаргал говийн Орвог гашууны бор толгойгоос Хөвсгөлийн хойд хязгаар Монгол шарын даваа хүртэл, мөнх цаст Алтай таван богдын Хүйтний оргилоос мяндсан зэрэглээт талын Соёлз уулын Модот хамар хүртэлх өргөн уудам нутагтаа монгол түмэн дэнж хотойтол наадаж байна.


Энэ бол эрхт төрийн эв нэгдлийн баяр, тусгаар улсын түүх, соёл, санах ойн дархлаа юм. Энэ бол хөнөөлт цар тахлыг даван туулсны баяр, хүн зон олноороо цагийн хатууг сөрж туулсны баталгаа юм. Энэ бол монгол түмнийг ямар ч хэцүү бэрх зүйл тохиолдсон ялж чадна гэсэн итгэл, сэтгэлээр биенээ тэтгэх нэгэн цул үндэстэн гэдгийг илтгэх баяр хөөр билээ.

Монгол наадам нь монгол хүн бүрийн тархи, зүрхэнд туурга тусгаар улсын сүр хүч, сүлд хийморь, төрт ёс, түүх, соёл, өв уламжлал, эрхт ардын эв нэгдэл хэмээх дархлааг гүн бат суулгаж өгдөг. Тийм ч учраас хоёр жилийн дараа бүх нийтээр өргөн дэлгэр тэмдэглэх гэж буй Монгол наадмаа бид энэ жил илүү гүн гүнзгий утга агуулгын дор нэгтгэн зохион байгуулахаар бэлтгэлээ. 


Түүхт ойнууд таширлан давхацсан Үндэсний их баяр цэнгэл наадмынхаа соёл урлагийн үйл ажиллагаануудыг “Монгол бахархал” нэрийн дор Эх хэл, Өв соёл, Хүн байгалийн хүйн холбоо, Дөрвөн улирал, Түүхэн уламжлал, Монгол хүн, Монгол үндэстэн, Монголын ирээдүй гэсэн агуулгын хүрээнд орчин үеийн технологийн дэвшилд нийцүүлсэн хөтөлбөр, найруулгаар зохион байгуулж байна" хэмээгээд Алтан туурт хүлгүүдийнх нь шандас аргамагшиж, аварга хүчит бөхчүүдийн мэх уран, бяр даацтай, эрхий мэргэн харваачдын маань цэц ончтой, сум мэргэн байж, Монгол сайхан оронд минь энх, тунх, мөнх гурав хамт хурж, Монгол Улс хөх тэнгэрийн сүр хүчин дор хүчирхэгжин хөгжихийн ерөөл дэвшүүллээ.

Энэ жилийн Төрийн хүндэтгэлийн тоглолтыг жанжин Сүхбаатарын талбайд өргөн түмэндээ нээлттэй тоглож байгаагаараа онцлогтой.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна