Эрдэнэт үйлдвэр, ШУА-ийн хамтарсан Ойн генетик нөөцийн “Эрдэнэт” төв нээлтээ хийлээ

Админ
2022/07/01

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнд зууны манлай, Улсын баатар “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын хамт олон нэгдэж 100 сая мод тарьж ургуулахаар зорилт дэвшүүлж, ШУА нь эрдэмтэн судлаачдыг зохион байгуулалтаар хангаж уг ажлын шинжлэх ухааны үндэслэлийг боловсруулж, хамтран ажиллаж байна. Энэ ажлын хүрээнд шинжлэх ухаан-үйлдвэрлэлийн хамтын ажиллагаанд тулгуурлан “Ойн инновацын Эрдэнэт парк”-ыг бүтээн байгуулах юм. Энэхүү парк нь Ойн генетик нөөцийн төв, хөрс ба бордоо боловсруулах биотехнологийн үйлдвэр, автомат мод үржүүлгийн цогцолбор зэрэг гурван үндсэн бүтцээс бүрдэх бөгөөд 2023 онд бүрэн ашиглалтад орох юм.

Бүтээн байгуулах ажлын шинжлэх ухааны үндэслэлийг боловсруулахад Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ болон ШУА-ийн хамтын ажиллагааны хүрээнд Монгол улсын үе үеийн эрдэмтэн, судлаачдын судалгаа, шинжилгээний ажлын үр дүнг эдийн засгийн эргэлтэд оруулж, шинжилгээ, судалгаа, төлөвлөлтийн ажилд судлаачдын оролцоог ханган ажиллаж байна.

2022 оны 06 дугаар сарын 21-ний өдөр “Ойн инновацын Эрдэнэт парк”-ын анхны хэсэг болох ОЙН ГЕНЕТИК НӨӨЦИЙН “ЭРДЭНЭТ” ТӨВ нээлтээ хийлээ. Төвийн нээлтэд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсэх, ЕТГ-ын дарга Я.Содбаатар, ҮАБЗ-ийн нарийн бичгийн дарга Ж.Энхбаяр, Байгал орчны сайд Б.Бат-Эрдэнэ, ТӨБЗГ-ын дарга Б.Цэнгэл, Орхон аймгийн ИТХ-ын дарга Д.Мөнхбат, ШУА-ийн ерөнхийлөгч, академич Д.Рэгдэл, Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-ын Ерөнхий захирал, доктор Х.Бадамсүрэн, Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-ын “Ногоон хөгжил” төслийн нэгжийн дарга, доктор Я.Ариунзул болон албаны бусад хүмүүс оролцож, үйл ажиллагаатай нь танилцлаа. Монгол Улсын Ерөнхийлөгч нээлтийн үеэр хэлсэн үгэндээ “Амьдралын эх ус, усны эх мод” гэх ардын үгийг эш татан мод тарихын ач холбогдлыг дурдаад, “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнд Эрдэнэт үйлдвэрийн хамт олон манлайлал үзүүлж, эрдэм шинжилгээний байгууллагуудтай хамтран шинжлэх ухааны үндэслэлтэй жишиг ойн инновацын төсөл хэрэгжүүлж байгааг онцлон баяр хүргэж, оролцогч талуудад ажлын амжилт хүссэн юм.

Эрдэнэт үйлдвэр ШУА-ийн эрдэмтэн судлаачдын оролцоотой хамтран байгуулсан Ойн генетик нөөцийн Эрдэнэт төвд үрийн лаборатори, биотехнологийн лаборатори, хорио цээрийн лаборатори болон үр, мөчир, тарьц, суулгац хадгалах агуулахыг цогцоор нь төлөвлөсөн. Тус төв нь иргэн, олон нийтэд нээлттэй үйлчилж, үр, тарьц, суулгац нийлүүлэхээс гадна иргэн, аж ахуйн нэгжээс үр худалдан авах, үрийг нь ангилан хадгалж өгөх, мөн иргэдийн экологийн боловсролыг дэмжих зорилгоор модлог ургамлыг тарьж ургуулах талаар цуврал сургалтуудыг зохион байгуулах бөгөөд үндсэн 3 том нэгжээс бүрдэнэ. Үүнд:

·         Үрийн лаборатори. Үрийг хүлээж авах, ангилах, соортлох арга технологи, ариутгах арга технологи, хадгалах арга технологи, тарилтад бэлтгэх, стратификац хийх арга технологи, савлах, зах зээлд нийлүүлэх арга технологийг нэвтрүүлэх зорилго лаборатори юм.

·         Үрийн агуулах. 1,000 тн үр болон тарьц суулгацыг хадгалах хүчин чадалтай бөгөөд  байгалийн ургамлын үрийн сан бүрдүүлэх зорилготой. Агуулах нь Монгол оронд ургаж буй, ховордож буй олон ургамлын үрийг хадгалан хамгаалах онцгой зорилготой. 

·         Биотехнологийн лаборатори. Уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэн ургамлын үрийн боловсролт, үрийн чанарт тодорхой хэмжээгээр өөрчлөлт гарч байгаа энэ цаг үед дэвшилтэт технологи ашиглан in vitro нөхцөлд модлог ургамлыг ургуулах арга технологийг нутагшуулж, амьд хэлбэрээр генетик нөөцийг хадгалахаас гадна улирал харгалзахгүй их хэмжээгээр өсгөвөрлөн гадаа талбайд шилжүүлэн тарих нөхцөлийг бүрдүүлэх нь энэ төвийн бас нэг давуу  тал болж байна.

Ойн генетик нөөцийн “Эрдэнэт” төв байгуулагдсан нь манай улсын сүүлийн 30 жилийн түүхэнд тод үсгээр тэмдэглэгдэн үлдэх анхны томоохон инновацын төсөл болж байгаа бөгөөд үндэсний хэмжээнд үйл ажиллагаа явуулах тус төв байгуулагдсанаар олон улсын чанар стандартад нийцсэн, үйлдвэрлэлийн түвшний орчин үеийн үрийн генофонд (gene bank) бүхий дэлхийн улс орнуудын эгнээнд Монгол Улсыг нэгтгэж байгаагаараа онцлог юм.

Мөн 2022 оны 06 дугаар сарын 22-ны өдөр Ойн инновацын Эрдэнэт паркын нэг хэсэг болох бүрэн автомат мод үржүүлгийн цогцолборын бүтээн байгуулалтын ажлыг эхлүүллээ. Энэхүү Мод үржүүлгийн “Эрдэнэт” цогцолбор нь Булган аймгийн Сэлэнгэ сумын нутагт байрлах бөгөөд тус цогцолборт Швед улсын “Би Си Си” компанийн бүрэн автомат, мод үржүүлгийн газар 10 га-д байгуулагдана. Энэ шинэ технологийг нутагшуулснаар хүн хүч, цаг хугацаа, нөөцийг хэмнэж үр ашгийг нэмэгдүүлнэ. Тухайлбал, нэг хүн нэг сая тарьц бий болгоход гурав хоног зарцуулна. Монголд өмнө ашиглаж байсан технологиор гурван жил зарцуулж тарималжуулаад ойжуулалт хийдэг байсныг энэ технологи нэг жилд хийн хоёр жилийг хэмнэх болно. Үүнээс гадна амьдрах чадвар өндөржиж, өсөлт сайжирна.

Тус цогцолборыг нийт 100 га талбайд байгуулахаар төлөвлөсөн бөгөөд, үүнд:

·         Шведийн бүрэн автомат мод үржүүлгийн хүлэмжийн технологи

·         Мод, сөөг ургамал бойжуулах талбай

·         Жимс, жимсгэнийн ургамлын плантац

·         Хамгаалалтын зурвас

·         Загас үржүүлгийн талбай

·         Зөгийн аж ахуй зэргийг байгуулахаар төлөвлөсөн байна.

            Мод үржүүлгийн Эрдэнэт цогцолбор нь мод үржүүлэг, ойн болон агро аж ахуйн жишиг загвар болохын зэрэгцээ хүнс, хөдөө аж ахуйн салбарын сургалт, судалгаа, үйлдвэрлэлийн төв, цаашлаад аялал жуулчлал, танин мэдэхүйн цогцолбор болж өргөжин хөгжих юм.

Ойн инновацын Эрдэнэт парк байгуулагдсанаар экологи, эдийн засгийн үр ашигтай мод тарих, ойн аж ахуй хөгжүүлэх, холбогдох бусад салбар аж ахуйг тухайлбал, загас, зөгийн аж ахуйг хөгжүүлэх, ойн зурвас үүсгэж газар тариалангийн үр шимийг нэмэгдүүлэх, шинээр ашигт ургамлын тариалалт эрхлэх зэргээр кластер бүтцийг бий болгосноор монгол улсын хүнс, хүнсний нэмэлт, гоо сайхан, эмийн бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн салбарын хөгжилд түлхэц үзүүлж, импортыг орлох, экспортын орлогыг нэмэгдүүлэхэд хувь нэмэр оруулах болно.

ШУА нь шинжлэх ухаан-үйлдвэрлэлийн хамтын ажиллагааг улс орны эдийн засгийн салбаруудад бүрдүүлэх, өргөжүүлэх, сургалт-судалгаа-үйлдвэрлэлийн уялдаа холбоог хөгжүүлэхээр зорилт тавин ажиллаж байгаа бөгөөд бидэнтэй хамтран ажиллах талаар сонирхсон хэн бүхнийг урьж байна.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна