Ж.Мөнх-Оргил: Баялаг бүтээгч уурхайчдынхаа хувцсыг бэлэн байлгах нь бидний үүрэг боловч ....

Админ
2022/09/26

 Эрдэнэт үйлдвэрийн ажилчдын хөдөлмөр хамгааллын хувцасны хангалт тааруу байгаа талаар яригдсан. Энэ мэдээлэл хэр бодитой хийгээд учир шалтгааны талаар Оёдлын цехийн орлогч дарга Ж.Мөнх-Оргилоос тодрууллаа.

-Танай үйлдвэрлэлийн төлөвлөгөөний биелэлт ямар түвшинд яваа вэ? 

-Оёдлын цехийн үйл ажиллагаа тогтмолжсон. Оны эхний найман сарын байдлаар үйлдвэрлэлийн төлөвлөгөөт үзүүлэлт бүрэн биелээд явж байна. ХАБЭА-н хэлтэс сар болгон хуваарь гаргаж өгдөг. Төлөвлөгөөний дагуу ажилчдынхаа хувцсыг үйлдвэрлээд агуулахад нийлүүлээд явдаг. Жишээ нь өнгөрсөн долоо хоногт бид инженер техникийн эмэгтэй ажилчдын 265 хос хувцас агуулахад хүлээлгэн өгсөн. Өнөөдөр инженер техникийн эрэгтэй ажилчдын 492 хос нийлүүллээ. 

-Ажлын хувцасны хангалт тасалдаж байна гэх шүүмжлэл гарсан. Энэ талаар та ямар тайлбар өгөх вэ?  -Баялаг бүтээгч уурхайчдынхаа хувцсыг бэлэн байлгах нь бидний үүрэг. Гэвч биднээс шалтгаалахгүй хүчин зүйлүүд нөлөөлж байгааг ойлгоорой. Материалын худалдан авалт, ханган нийлүүлэлттэй холбоотой хүндрэлтэй асуудлууд бий. Эрдэнэт үйлдвэр төрийн өмчит үйлдвэрийн газар болсноор бүх материалыг тендер зарлаж авдаг болсон. Үүнтэй холбоотой нийлүүлэх компани нь хугацаандаа шалгарахгүй, техникийн тодорхойлолт, шалгуурт нийцэхгүй компаниуд орж ирдгээс хугацаа алдах зэрэг асуудал гардаг. Цар тахлын нөхцөл байдалтай холбоотой хил гаалийн хориг саад ч нөлөөлж байна. Манайх хөдөлмөр хамгааллын хувцас оёхоос гадна өрмийн машины өвлийн хучлага, гараашны хаалганы хаалт, машин тэрэгний суудлын бүрээс, ширээ сандлын бүтээлэг гээд 30 гаруй төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг. Мөн баяжмалын шуудай, молибдены уут оёж байна.  

-Хүчин чадал хүрэлцээтэй юу?  -Зөөлөн эдлэлийн 38 үйлчин, баяжмалын шуудай, молибдены уутны 50 гаруй оёдолчинтой. “Тэс Эрдэнэ” компани материалаа нийлүүлбэл уурхайчдын ажлын хувцас тасрахгүй. Өнгөрсөн хугацаанд нөөц бололцоогоо ашиглаад 1000 гаруй цамц оёчихсон байгаа. Одоо өмдний материал ирвэл 1000 гаруй хос хувцас зэрэг гарна гэсэн үг. 2023 оны эхнээс шинэ менежментээр худалдан авалтыг наана нь татах арга хэмжээ авч ажиллахаар зорьж байна. 

-Баярлалаа  



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна