АН: Д.ЭРДЭНЭБАТ: "Жаст"-ын Батхүүгийн хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусахад хоёрхон жил үлдсэн


Ардчилсан намын Зөвлөлөөс Хэнтий аймгийн 42 дугаар тойргийн нөхөн сонгуулийн талаар Үндсэн хуулийн цэцэд сануулж мэдэгдэл гаргаж байгаа талаараа өнөөдөр мэдээлэл хийлээ .Монгол Улсын Үндсэн хуулийн цэц эрх баригчдын сануулгаар тус сонгуулийг явуулахгүй байх сонирхол давамгайлж болзошгүй байгаа учир, хууль дээдлэх зарчмыг баримтлан шударга шийдвэрлэхийг АН-аас албан ёсоор сануулж буйгаа хэвлэлийн хурлаар мэдэгдлээ. Тус намынхан  Хэнтий аймгийн 42 дугаар тойргийн иргэд, сонгогчид төрийн эрх барих дээд байгууллагад төлөөлөлтэй байх эрхийг хангахын тулд тус тойрогт дахин сонгууль журмын дагуу явагдах ёстой гэсэн байр суурьтай байгаа юм байна.

УИХ дахь Ардчилсан намын зөвлөлийн дарга Д.Эрдэнэбат хурлын үеэр цаг үеийн асуудлаар сэтгүүлчдийн асуултад хариуллаа.

- Цэцийн шийдвэрээр сонгууль цуцлагдвал танай нам ямар байр суурь илэрхийлэх вэ?

- Цэц Үндсэн хуулийг мөрдөж түүнд заагдсан хүний сонгох сонгогдох эрх, УИХ-ын гишүүний ёс зүйн хэм хэмжээг дагаж сануулах мэдэгдэл хийж байна. Энэ бол шахалт дарамт биш. Үүнийг зөв харж, зөв шийдвэр гаргах нь чухал. Яагаад гэвэл тэнд улс төрийн сонгууль болох гэж байна. Гэтэл нэг хүний хараат байдлаас болж гацааж болохгүй гэдгийг л сануулж байгаа юм. Хэрвээ улс төрийн захиалгаар эсрэг шийдвэр гарвал цаашлаад Үндсэн хуулийн цэцийг өөрчлөх санал гаргана.

-УИХ-ын Ажлын хэсэгтэй холбоотой "Оюу Толгой"-д үүсээд байгаа асуудалд  АН ямар байр суурьтай байгаа вэ?

- Ажлын хэсгийн дүгнэлтэд өнөөдрийн гэрээний нөхцөлийг зайлшгүй өөрчлөх шаардлагатай гэж гарсан. Үүн дээр бодлогын зөрчил үүссэн. Уг нь Оюу толгойн гэрээг хийх эрхийг УИХ-аас Засгийн газарт өгсөн. Гэтэл Засгийн газарт бүрэн эрх нь байхад үүнийг УИХ-д оруулж, улс төржүүлэх нь зарчмын хувьд буруу гэж бид харж байна. Тиймээс Засгийн газар Оюу Толгойн асуудлаар эцсийн үгээ хэлэх хэрэгтэй. Гэрээгээ өөрчлөх юмуу, эсвэл гэрээг өөрчлөхгүйгээр цаашаа явах уу  гэдгийг Засгийн газар өөрөө санаачилж, УИХ-д оруулж ирэх нөхцөл байдал үүссэн гэж бодож байна.

-Улс төрчид хуулийн шахаа хэр хийдэг вэ? Таны хувьд хуулийн шахаа хийж үзсэн үү? Жишээ нь: Хөөн хэлэлцэх хугацааг эрүүгийн хуульд оруулсан энэ өөрчлөлт дээр та ямар байр суурьтай байна вэ?

- Би хуулийн шахаа гэж мэдэхгүй. Би ямарваа нэгэн хууль дээр зарчим бодлогыг л баримталдаг. Энэ бол туйлын чухал. Өнөөдөр хөөн хэлэлцэх хугацаа гэдэг нь гэм хэрэг үйлдсэнээс хойш шүүхийн шийдвэр гарсан хүртэлх хугацаа гэж заасан нь өөрөө ялаас мултрах боломжийг бий болгож байна. Ялангуяа энэ нь авлига албан тушаалын хэрэгтэй холбоотой. Жишээ дурдахад энэ хуулиар явбал Жастын Батхүүгийн хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусахад хоёрхон жил үлдээд байна. Энэ нь хэрэг цагаатах, ялаас мултрах боломж бүрдэж байгааг харуулж байна. Үүнээс харахад тэд өөрийн авлига хээл хахуультай холбоотой хэргийг хаах, цайруулах үйлдлийг улайран хийж байгаа нь энэ төрд байж болшгүй зүйл юм. Тиймээс энэ Хөөн хэлэлцэх хугацааг бид зайлшгүй эргэн харах шаардлагатай.

-Засгийн газрын сайд 10 сая ам.долларын авлигын асуудалд холбогдлоо гэсэн мэдээлэл гарсан. Энэ тал дээр мэдээлэл өгөөч.

- Бид үүнийг Зөвлөлийн хуралдаанаар авч хэлэлцээд Ерөнхий сайдад асуулга явуулна. Иргэд олон нийт үүн дээр их анхаарал хандуулж байна. Тиймээс үнэн үү үгүй юу гэдэг дээр асуулга явуулж мэдээлэл авна. Үүний дараа бид нийгэмд дахин мэдээлэл өгөх байх.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна