Л.Оюун-Эрдэнэ: Ерөнхийлөгч хориг тавих л болов уу


 

Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Л.Оюун-Эрдэнэ өнөөдөр цаг үеийн асуудлаар сэтгүүлчдийн асуултад хариулт өглөө.

-Оюутололгойн шалгалтын материал Рио Тинто компанийн удирдлагад хүрсэн. Тус компани “Гэрээнд өөрчлөлт оруулахгүй гэсэн байр суурьтай байгаагаа хариу тайлбартаа илэрхийлсэн байсан. Тэгэхээр цаашид Засгийн газар ямар байр суурь баримтлах вэ?

-УИХ Ажлын хэсэг байгуулж, Эдийн засгийн байнгын хороогоор ярьж байгаа.  Мөн АТГ болон бусад байгууллага Оюутолгойн гэрээтэй холбоотой асуудлаар шалгалт хийж, гэрээтэй холбоотойгоор авлига авсан байж болзошгүй 4-5 хүнийг шалгаж байгаа гэсэн. Энэ бүх дүгнэлт Засгийн газарт ирсний дараа цаашид ямар арга хэмжээ авах талаар дүгнэлтээ гаргана. Авлига авч байсан байж болзошгүй хүмүүс нь тухайн үед гэрээ байгуулахад оролцсон, гарын үсэг зурсан хүмүүс зарим нэг компанид давуу эрх олгох хэлцэл болсон байж болзошгүй гэсэн хардах үндэслэл үүссэн гэж ойлгосон.

-Ажлын хэсгийн дүгнэлтийг Рио Тинто компанид өгсөн хүн нь Д.Дамба-Очир гишүүн. Түүнд хариуцлага тооцох уу?

-Тэр бол УИХ-ын асуудал. Албан ёсоор тайлбар авах хүсэлт тавьсны дагуу Д.Дамба-Очир гишүүн өгсөн гэсэн. Түүн дотор нь ямар материал байсан, байнгын хороо өөрсдөө шийдсэн, УИХ-ын даргын эсвэл хэн нэгний зөвшөөрөлтэй өгсөн эсэх дээр надад албан ёсны мэдээлэл алга. Ер нь Оюутолгойн гэрээтэй холбоотойгоор олон газраас шалгалт хийж байсныг АТГ-т нэгтгэсэн бол УИХ өөрсдөө бас нэг ажлын хэсэг байгуулж ажилласан. Тэгэхээр одоо энэ дүгнэлтүүдийг нэгтгэж, УИХ-ын дүгнэлт ирсний дараа Засгийн газар шийдвэрээ гаргана.

-Засгийн газрын нэг сайд 10 сая ам.долларын хэрэгт холбогдсон гэх мэдээлэл гараад байгаа. Энэ үнэн үү?

-Хэвлэл мэдээллийн хэрэгслээр ийм мэдээлэл гарсан. Миний хувьд сая хуулийн байгууллагын зарим удирдлагатай холбогдож, ярилцсан. Манай танхимын сайд нартай холбоотой, шалгагдаж байгаа болон үүссэн, асуудал болсон гэх баримт ирээгүй байна гэж хэлсэн. Нэгэнт хэвлэл мэдээллийн байгууллагаар гарсан учраас цаашид нягтлаад явах байх.

Эрдэнэт үйлдвэрт онцгой дэглэм тогтоосон байгаа. Захиргааны ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулсан. Цаашид тус үйлдвэрийн 49, 51 хувийн асуудал юу болох вэ?

-“Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувь санхүүгийн луйвар байсан уу эсвэл гэдэг асуудлыг хуулийн байгууллага эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа. Үүнтэй холбоотой асуудлыг хуулийн байгууллага шалгаж байгаа учраас дэлгэрэнгүй мэдээлэл байхгүй байна. Ямар хохирол учирсан бэ гэдгийг ЗГХЭГ-аас тогтоож, хуулийн байгууллагад өгсөн. ЗГХЭГ-аас хуулийн хүрээнд авч болох бүх ажлаа хийсэн. Засгийн газар онц дэглэм тогтоож ажиллах шийдвэр гаргасан. Түүний дагуу ажлаа үргэлжлүүлж байна. “Стандарт” банктай холбоотой өрийг төлсөн. Одоо Ш.Батхүүгийн өмчлөлд байсан хөрөнгийг хураах замаар “Эрдэнэт” үйлдвэрийг хохиролгүй болгох хүсэлтийг хуулийг байгууллагад хүргүүлсэн.

-Ш.Батхүүгийн хөрөнгө хэдий орчим хэмжээний мөнгө болох бол. Өр төлөх боломжтой юу?

-Би тэрийг сайн мэдэхгүй байна. Миний сонссоноор 40 сая ам.доллар хангалттай хүрэх хэмжээний хөрөнгөтэй байсан боловч бэлэглэлийн гэрээгээр бусдад шилжүүлсэн байсан.

-Захиргааны ерөнхий хууль батлагдсанаар Засгийн газар хяналтгүй болчихлоо гэдэг шүүмжлэл маш их байна?

-Нийгэмд эмзэглэл байгааг ойлгож байна.

Захиргааны хэргийн хэдэн авлигажсан шүүгчээс болж төрийн ажил явахгүй, олон лицензийн асуудал замбараагүй байсан. Тиймээс энэ хуулийг гаргахаас өөр аргагүй. Энэ хуулийг зохистой хэрэглэх хэрэгтэй. Магадгүй Ерөнхийлөгч хориг тавих л болов уу. Хэрэв хориг тавьсан тохиолдолд бид дахин судалж, хуулиа илүү боловсронгуй болгоно байх.

-Хөгжлийн банкны үйл ажиллагааг шалгасан. Дүн нь хэзээ гарах вэ?

-Хөгжлийн банкны шалгалтын дүн гарч байгаа. Шалгалтын тайлан, нэмэлт тайлбарыг нэгтгэж, Хөгжлийн банкин дээр бондуудын зарцуулалт гэхэд ямар ямар төсөлд санхүүжилт олгосон, ямар нэг хууль бус зүйл байсан уу гэдэг лист гаргаж, хуулийн байгууллагад хүргүүлж байгаа. Мөн Хөгжлийн банк эдийн засгийн тэргүүлэх салбарыг бий болгох зорилготой байсан ч зорилгоосоо ухарч, арилжааны банктай адил үүрэг гүйцэтгэж ирсэн. Тиймээс Хөгжлийн банк 20 тэрбум төгрөгөөс доош үнийн дүнтэй зээл гаргахгүй, ТУЗ-ийн бүтцэд өөрчлөлт оруулна. Мөн зээл авснаас хойш зээлээ төлөөгүй байгаа, чанаргүй зээлүүдийг олон нийтэд зарлана. Бид тодорхой хугацаа өгч, тэр хугацаанд эргүүлэн төлөхгүй бол хуулийн байгууллагад шалгуулахаар өгнө. Түүнээс гадна Хөгжлийн банкны удирдлагыг солихоор 5-6 хүнээс нэгийг нь сонгохоор ажиллаж байна.

-Зүүнбаян чиглэлийн төмөр зам барих шийдвэрийг Засгийн газраас өгсөн. Гэвч зарим судлаач Зүүнбаян руу явах нь буруу гэж шүүмжлээд байна?

-Төрөөс төмөр замын талаар авах бодлого гэж баталсан бөгөөд үүний дагуу ажил хийгдэж байна. Төмөр зам барихдаа гадны компаниудаас ТЭЗҮ авч, танилцаж үзэхэд зардал нь бага, монголчууд өөрсдөө хийж байгаа нь зөв гэж бодож байгаа. Бид улс орны эдийн засаг, төлөвлөлтийн асуудал дээр нэгдсэн байр суурьтай баймаар байгаа юм. Эдийн засгийн болоод урт хугацааны төлөвлөгөө алдагдсан юм болов уу гэж боддог.

-Хан-Уул дүүргийн 15 дугаар сургуулийн 500 гаруй сурагчаас сүрьеэ илэрсэн гэсэн мэдээлэл байна?

-Би маргааш өглөө салбарын сайдтай нь хэд хэдэн сургууль, байгууллага дээр очиж ажиллана. Газар дээр нь ажиллана. Түүний дараа мэдээлэл өгнө.

-Мах, шатахууны үнэ өссөн нь өргөн хэрэглээний барааны үнэ нэмэгдэх шалтгаан болоод байна. Ер нь Засгийн газар инфляц нэмэгдүүлэхгүй байх, үнийн нэмэгдлийн асуудлаар ямар бодлого хэрэгжүүлж байна вэ?

-Засгийн газар удахгүй энэ асуудлаар ярилцана. Махны бизнестэй, холбоотой, хамтарч ажилладаг, нөлөө бүхий хүмүүс махны зохиомол хомсдол үүсгэсэн байж болзошгүй гэдэг мэдээлэл ирсэн. Үүнийг Тагнуулын ерөнхий газар шалгаж байгаа бөгөөд удахгүй Засгийн газарт мэдээлэл өгнө гэсэн. Түүний дараа шаардлагатай бол мэдээлэл өгнө. Ер нь улсын нэгдсэн төсөв нэмэгдсэн, эдийн засаг харьцангуй макро түвшинд нэмэгдэж байгаа учраас юмны үнэ савлах нөхцөл үүссэн байж болзошгүй гэх мэдээлэл ирсэн. Засгийн газар дараагийн хуралдаанаар энэ асуудлыг авч хэлэлцэнэ. Мөн инфляц, мөнгөний бодлого зэрэг асуудалд Монголбанкны удирдлагатай холбогдох асуудал яригдах байх.

Эх сурвалж: udriinsait.mn



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна