Монгол Улсын 30 дахь Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат 1462.82 га талбайг хамаарах ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг ТАВАН САЯ төгрөгөөр худалдан авч, улмаар өөрийн сайн найз “Алтай Констрашкн”-ы Х.Бат-Эрдэнэд НЭГ САЯ төгрөгөөр заржээ.
УГ АСУУДЛЫГ БАРИМТААР ТОДРУУЛБАЛ, “Өмнөговь аймгийн Гурвантэс сумын нутагт орших “Улаан сайр”2” нэртэй ....тоот дугаартай талбайг 2017.12.21-ний өдөр “Элбэг орд” ХХК-иас “Хэрх-илч” ХХК худалдан авах гэрээ байгуулсан байна.
Худалдан авагч “Хэрх-Илч” компанийг Ерөнхий сайд асан Ж.Эрдэнэт өөрийн төрсөн дүү Ж.Эрдэнэтөгс нар 31/68 хувийн харьцаатайгаар хуваан эзэмшдэг аж.
Тайлбар: Ерөнхий сайд асан Ж.Эрдэнэбатын хувь эзэмшдэг байдал
Сонирхолтой нь, нүүрсний нөөц бүхий 1463 га-г хамардаг ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг ердөө 5 сая төгрөгөөр худалдан авч. Ингэхдээ холбогдох хуулийн дагуу үнэн дүнгийн 30 хувь буюу 1.5 сая төгрөгийг нь улсад тушаасан байна. Уг талбайн зөвшөөрөл 2017.09.26-ны өдөр албан ёсоор гэрчилгээгээ авсан.
Гэрчилгээ авснаас хойш ГУРВАН САРЫН ДАРАА ийнхүү зарагджээ.
Гэвч Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатын эзэмшдэг “Хэрх-Илч” компани хямдхан авсан тусгай зөвшөөрлөө дахин ЗУРГААН САРЫН ДАРАА /2018.07.03/ зарсан байна. Ингэхдээ Ерөнхий сайд асан Ж.Эрдэнэбат өөрийн сайн найз “Алтай Констрашкн”-ы Х.Бат-Эрдэнэд ердөө НЭГ САЯтөгрөгөөр зарсан нь анхаарал татаж байгаа юм.
Тайлбар: Худалдан авсан ба худалдсан үнэн дүн
-ГАР УТАСНЫ ҮНЭЭР ОРД ХУДАЛДАН АВЧ, ӨӨРИЙН НАЙЗДАА ЗАРДАГ ШИНЭ “МОДА”-
Ерөнхий сайд асан Ж.Эрдэнэбатын эзэмшдэг “Хэрх-Илч” компани тусгай зөвшөөрлийг шилжүүлэх болсон шалтгаандаа,
-...Эрдэсжсэн цэгүүд тухайн онд хийгдсэн хайгуулын ажлын явцад хангалтгүй байсан.
-...Талбай нь засмал зам, дэд бүтцээс хол зайтай.
-...Үнэлгээ тодорхойлох боломжгүй гэж дурджээ.
Хэдий тийм байлаа ч 1463 га талбайг хамрах ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг 5 сая төгрөгөөр худалдан авч, нэг сая төгрөгөөр зарах ЭДИЙН ЗАСГИЙН ЯМАР Ч ҮНДЭСЛЭЛГҮЙ билээ.
Монгол төгрөгийн ханш ихээр унасан өнөө үед ТАВ БА НЭГ САЯ ТӨГРӨГ нь орчин үеийн үзүүлэлт бүхий ухаалаг гар утасны үнэтэй дүйцэх юм.
Тайлбар: Тусгай зөвшөөрлийг зарах болсон шалтгаан
-Х.БАТ-ЭРДЭНЭ ТУСГАЙ ЗӨВШӨӨРӨЛ АВАХАД ЗОРИУЛАН КОМПАНИ БАЙГУУЛСАН УУ-
Уг арилжаанд оролцсон “Алтай Констрашкн”-ы Х.Бат-Эрдэнийн хувьд тэрээр өөрийн 100 хувь эзэмшдэг “Бэст ланд майнинг” ХХК-ийнхаа нэр дээр хайгуулын зөвшөөрлийг шилжүүлэн авсанбайна.
“Бэст ланд майнинг” ХХК нь 2018.05.16-ны өдөр улсын бүртгэлээс ГЕОЛОГИЙН ТОЙМ СУДАЛГАА ХИЙХ үйл ажиллагааны чиглэл бүхий гэрчилгээг авсан байна.
Тайлбар: “Алтай Констрашкн”-ы Х.Бат-Эрдэнийн шилжүүлэн авсан баримт
Тодруулбал, “Алтай Констрашкн”-ы Х.Бат-Эрдэнэ уг тусгай зөвшөөрлийг авахаасаа ердөө сар гаруйн өмнө “Бэст ланд майнинг” ХХК-иа байгуулсан байна. Энэ нь уг арилжаанд зориулж, ЗОРИУДААР КОМПАНИ БАЙГУУЛСАН гэх хардлагыг үүсгэж байгаа юм.
Ж.МЯДАГБАДАМ eguur.mn
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна