Тавантолгойн бүлэг орд газарт хууль бусаар нүүрс олборлон борлуулж, улсад онц их хэмжээний хохирол учруулсан байж болзошгүй нөхцөл байдлыг шалгах үүрэг бүхий Сангийн сайдын 2018 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 109 тоот тушаалаар байгуулагдсан ажлын хэсэг ажиллаж, шалгалтын нэгдсэн дүнг 2018 оны 08 дугаар сарын 22-ны өдөр Монгол Улсын Засгийн газрын хуралдаанд танилцуулсан.
Тус шалгалтын ажлын хэсгийн дүгнэлтээр зарим этгээдүүд эрх мэдэл, албан тушаалаа урвуулан,улсад онц их хэмжээний хохирол учруулсан байж болзошгүй талаарх хэд хэдэн баримтууд ил болсон. Дээрх алдагдсан нүүрсний хэргийг миний бие эцэслэн шийдвэрлэгдэх хүртэл уг асуудлыг хөндөж,гэм буруутай этгээдээр хохирлыг нөхөн төлүүлж, шударга ёс, хариуцлагыг тогтоохын төлөө ажиллаж байна.
Иймд Улсын Их Хурлын гишүүний хувьд Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.13, 33 дугаар зүйлийн 33.1.2 дахь заалтуудыг тус тус үндэслэн Монгол Улсын Ерөнхий сайд Танд дараах асуулгыг тавьж байна.Үүнд:
2011-2013 оны хооронд 70 орчим тэрбум төгрөгийн өртөг бүхий 379,000 тонн нүүрс хулгайгаар экспортлогдсон бөгөөд их хэмжээний татвараас зайлсхийсэн асуудал шалгалтаар тогтоогдсон боловч хэргийг хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэсэн үндэслэлээр хэрэг хэрэгсэхгүй болсон тухай Монгол Улсын Ерөнхий прокурор асан М.Энх-Амгалан мэдэгдсэн. Иймд дээрхийн адилаар асуудал дахин давтагдахаас сэргийлж, уг хэргийг хэрхэн шийдвэрлэхийг Монголын ард түмэн өндөр хүлээлттэйгээр харж байгаа тул Монгол Улсын Засгийн газраас үнэн зөв, бодит мэдээллийг өгөх шаардлагатай байна.
Монгол Улсын Их Хурлын гишүүний хувьд миний бие, улс төр, бизнесийн бүлэглэл дамнасан этгээдүүдийн ашиг сонирхол, гэмт хэргийн шинжтэй, хууль зөрчсөн шударга бус үйлдэлтэй хэрхэвч эвлэрэхгүй гэдгээ албан ёсоор илэрхийлэхийн зэрэгцээ Монгол Улсын Үндсэн хуулийн Гучин наймдугаар зүйлийн 2.7-д заасны дагуу Засгийн газар бүрэн эрхийнхээ хүрээнд энэ асуудлыг шийдвэрлэх тал дээр анхаарч, иргэдийнхээ эрх ашгийн төлөө явах цаг болсон гэж үзэж байна.
Асуулгын хариуг Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.3-т заасан хугацаанд бичгээр ирүүлж, улмаар Монгол Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанд сонсгохыг Танаас хүсье гэжээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна