Ц.Нямдорж: Энэ бол туйлын ноцтой асуудал
Хуульзүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдоржоос цаг үеийн асуудлаар тодрууллаа.
-С.Зориг агсаны эхнэр Б.Булган танд захиадал ирүүлсэн байсан нь хэвлэлээр цацагдлаа.
- Б.Булган дөрвөн хүнд захидал бичсэн. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, УИХ-ын дарга бас надад ирүүлсэн. Захидалдаа намайг эрүүдэн шүүсэн, 10 сар цагдан хоригдохдоо гурван удаа мэдүүлэг өгсөн, С.Зоригийн хэрэгт ял сонсох хүмүүс алуурчин биш гэж удаа дараа мэдүүлэг өгсөн. Гэвч одоо миний охиныг оролдож байна. Тухайн үед 13 настай, ээжтэй минь амьдардаг байсан охин маань одоо нас биенд хүрсэн. Гэтэл уулзъя, очье гэж байна. Миний өвөө хэлмэгдсэн. Би 10 сар хоригдож хоригсон. Гэтэл одоо охиныг минь оролдож, гурав дахь үеэр минь хэлмэгдүүлэх гэж байна гэсэн.
Эрүүдэн шүүсэн тухайд ТЕГ-ынхан өдөржин байцаагаад орой нь гэртээ харьтал хорь орчим макстай залуучууд гэрээс нь баривчилсан. Буцаж тагнуулын Ерөнхий газар иртэл өдөржин байцаасан өрөөнд нь Амгаланбаатар байсан. Амгаланбаатар үнэнээ хэл гэж дарамталсан гэсэн. Энэ мэт үйл явдлаас харахад Б.Булганыг эрүүдэн шүүсэн нь бас үнэн болж таарсан. Тухайн үед хэргийг шалгаж байгаа газарт нь ийм өргөдөл ирлээ шалга гээд явуулсан.
Ер нь энэ хэрэгт эрүүдэн шүүлт байсан нь анхнаасаа ойлгомжтой байсан асуудал. Чимгээгийн хашаанд хүний цогцос аваачиж хаяна, шоронгоос 300 гаруй дарамталсан мессэж явуулж байгаа нь сэтгэл санааны эрүүдэн шүүлт. Үүнийг хуулийг бага сага гадарладаг хэн ч ойлгох зүйл. Надад бол дэндүү ойлгомжтой байсан. Ийм эрүүдэн шүүлт болоод байсан учраас 2016 онд нам сонгуульд ялаад хоёр сар ч болоогүй байхад ярьж эхэлсэн. Зарим хүмүүс одоо л ярьж байна гэж байна. 2016 оны 3 сард сонгууль явагдахаас өмнө ТЕГ, УЕП хоёрт энэ хэрэг дээр алдаа гарсан байх магадлал өндөр байна. Сайн хяна гээд бичиг явуулж байсан.
-Б.Булганыг эрүүдэн шүүсэн гэх бичлэгийг ил болгож байгаа юмуу?
- УИХ-ын гишүүн Ж.Батзандан тийм юм ярьж байсан. Б.булган дээр Амгаланбаатар ороод дарамталж байгаа бичлэг юм билээ. Энэ асуудал дээр хуулийн тоо тоймгүй зөрчил бий. Наад зах нь нэг хэргийн хоёр холбогдогчийг хамтад нь хорьж болдоггүй, ял шийтгүүлсэн хүнийг цагдан хоригдож байгаа хүнтэй хамт байлгаж болдоггүй гэх мэт. Төв аймгийн хорихын подвалийг аль 2001 онд хаачихсан байсан. Гэтэл 2015 онд тусгай өрөө болгон бэлтгэсэн байсан. Бусад газарт хяналттай болохоор зориуд энэ подвалийг урьдчилан бэлтгэж, хаалга хийж, техник суурьлуулж, хүн хүч нэмсэн. Ингэхдээ зохиолоо өөрсдөө бичиж, үүнийхээ дагуу өрөөнүүдээ бэлтгээд, тамлах хүмүүсээ ч бэлтгэсэн байсан. Урьдчилж зохион байгуулсан тамлагаа шүү. Үүний хамгийн аюултай нь энэ бол зүгээр нэг мэргэжлийн алдаа биш.
- Таныг нэр бүхий сэтгүүлчдийн дансыг шалгуулсан гэх мэдээлэл байна?
- Надад сэтгүүлчдээр оролдох сонирхол байхгүй. Би нарыг мэднэ шдээ. Наадах чинь худлаа мэдээлэл байна. 10 сая доллартай холбоотой ийм мэдээлэл гараад байгаа юм. Нэг сонин дээр худлаа мэдээлэл тавьчихаад үүнийгээ үнэн болгох гэж баахан оролдлоо. Иймэрхүү худлаа мэдээлэл хуулийн байгууллагын ажлыг хүндрүүлж байна. Саяхан гэхэд л Худалдаа хөгжлийн банкны хувьчлалтай холбоотой асуудлаар туйлын ноцтой мэдээлэл хоёр талаасаа хийгдсэн. Д.Эрдэнэбилэг надаас 20 хувь нэхсэн гээд л нөгөө нь банкыг хулгайлж авсан гээд л. Энэ мэдээллийг дагуу шалгах гэтэл та нар намайг улстөрийн зорилгоор шоронд хийх гэж байна хэлээд ирээгүй. Ийм зүйлүүд хууль хяналтын байгууллагад хүндрэл учруулж байна.
- Б.Хурцын хэрэг ямар шатандаа явж байгаа вэ?
-Эрүүдэн шүүх ажиллагаанд оролцсон цөөнгүй хүний асуудлыг өчигдөр прокурорт яллах дүгнэлт үйлдүүлэхээр шилжүүлсэн.
-Ямар, ямар хүмүүс байгаа вэ?
-Нийт найман хүн байгаа. Эдгээр хүмүүс бүгд батлан даалтанд гарчихсан байгаа. Тухайлбал прокурор хүн байна. Мөн Тагнуул, Шүүхийн шийдвэрийн хүмүүс байгаа. Ер нь энэ эрүүдэн шүүлтэд оролцоогүй хуулийн байгууллага байхгүй шүү дээ. Шүүх, Дээд шүүх, Тагнуулын Ерөнхий газар, УЕПГ-ын удирдлагууд, цагдаа, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар, Авлигалтай тэмцэх газар гээд монголын зургаан хуулийн байгууллага ил далд хэлбэрээр ямар нэгэн хэлбэрээр оролцсон. Жишээ нь эрүүдэн шүүсэн хүмүүсийг цагдан хорих асуудлыг прокуророор дамжиж, шүүгчид гаргасан. Хамгийн сүүлд Дээд шүүх дээр очиход нь эрх бүхий шүүгч замаас нь булааж авч, даргалж, эцэслэж шийдээд дуусгасан. Тэр бүү хэл нас барсан хүнд хүртэл ял тохсон.
-Саяхан Туркийн дэд консул нь 70 кг хар тамхи тээвэрлэсэн хэргээр ХБНГУ-д саатуулагдсан. Энэ талаар?
-Энэ талаар Гадаад харилцааны яам, Тагнуулын Ерөнхий газар илүү дэлгэрэнгүй мэдээлэл өгөх байх. Тийм хэмжээний хар тамхи зөөвөрлөж яваад баригдсан, Тагнуулын консулын ажилтан жолооч хоёр ийм ажиллагаанд оролцсон гэдэг л мэдээлэл надад байна. Энэ бол туйлын ноцтой асуудал. Хуучин тамхины наймаа нэлээд эргэлддэг байсан бол одоо хар тамхи руу орж байна. Мөнгөн дүнгээрээ ч, жингээрээ ч асар их хэмжээтэй. Ийм асуудал болсонд их л харамсч байна.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна