“Босоо Хөх Монгол” ТББ-аас өнгөрсөн зургадугаар сард хэвлэлийн хурал зарлаж, тус ТББ-ын орон нутгийн салбарын гишүүд сэтгүүлчдэд нутаг орныхоо нөхцөл байдлын талаар мэдээлэл өгсөн. Энэ үеэр Архангай аймаг дахь салбар зөвлөлийн тэргүүн Б.Банзрагч Асашёорюү Д.Дагвадоржийг ураны лицензтэй хэмээн мэдэгдсэн байдаг.
Тэрээр “Асашёорюү Д.Дагвадорж аварга аа, би танд хэлье. Би Монгол хүн. Бидний зүрх Монголын төлөө цохилдог юм. Та өөрөө телевизээр “Монгол хүн Монгол нутагтаа яагаад ухаж болдоггүй юм бэ” гэж хэлсэн шүү. Тэр ураныг чинь бид яагаад ч ухуулахгүй. Хэзээ ч ийм юм болохгүй гэдэг дээр хатуу байр суурьтай тэмцэнэ” гэсэн юм. Тухайн үед Асашёорюү Д.Дагвадорж “Архангай аймагт надад ямар ч ураны лиценз байхгүй. Тэгээд ч миний ижийн нутаг. Тэгээд болоо. Өөр асуудал алга. Бас намайг алтны уурхайтай гэж ярьсан байна лээ. Надад ямар ч тийм юм байхгүй. Чин үнэндээ надад дургүй хүн зөндөөн л бгаа! Харин тэр хүмүүс хэзээ ч намайг хараагүй үзээгүй хүмүүс! Үзсэн бол өнгөр бодолтой хүмүүс! Архангай аймаг миний ээжийн нутаг! Эхийнхээ хэвлийнээс төрж бойжсон хүн ээжийнхээ нутгийг ухаж бусинуулах уу? Миний бодол тийм зүйлтэй эвлэрхгүй! Хүн насны нэг л жаран!!!! Буцаад бид бүгдээрээ газартаа шингээд алга болно!!! Тэрнийг би бид бүгдээрээ бодох хэрэгтэй!!! Эцэст ийм хүн нинжа царайлаад явах уу?” хэмээн цахимаар мэдэгдэл хийсэн.
Гэвч тэрбээр үүнийгээ батлах гэж байгаад “Аварга ард түмнээ даапаалж” гэх хэл аманд өртөж эхэллээ. Учир нь Д.Дагвадорж энэ сарын нэгний өдөр өөрийн цахим хуудастаа “Ашигт малтмал газрын тосны газраас лавлагаа авлаа. Өнөө Архангай аймагт ураны орд эзэмшдэг энэ тэр гээд хардаж сэрдээд байсан. Үүгээр одоо тайвширч болно! Би хэлсэн шүү! Хэзээ ч эх орноо ухахгүй гэж! Жич:РД г дарсан болно” гэх тайлбартай хоёр албан бичиг нийтэлжээ. Тус албан бичгийн нэг нь АМГТГ-ын Кадастрын хэлтсийн дарга Д.Дашзэвэгийн гарын үсэгтэй “Кадастрын хэлтсийн тусгай зөвшрөөлийг бүртгэлийн системээс шүүж үзэхэд Архангай аймгийн нутаг дэвсгэрт хүчин төгөлдөр цацраг идэвхт ашигт малтмалын тусгай зөвшөөрөл эзэмшигчдийн бүртгэлд иргэн Долгорсүрэнгийн Дагвадорж /РД... / бүртгэлгүй байна” гэх утга бүхий бичиг байх аж.
Анзаарвал аварга тусгай зөвшөөрлийн лавлагааг өөрийн регистрийн дугаараар авчээ. Монгол улс иргэний нэр дээр тусгай зөвшөөрөл олгодоггүй. Зөвхөн татвар төлдөг аж ахуй нэгж, компанид олгодог. Өөрөөр хэлбэл компанийнхаа регистрийн дугаараар лавлагаа авдаг. Тэгэхээр Асашёорюү Д.Дагвадорж ард түмний тархийг “хууль бус” лавлагаагаар угаах гэж оролдсон байж таарч байна уу. Түүний төрсөн ах Монгол улсын уул уурхайн салбарыг тэргүүлдэг сайд хүн. Харин төрсөн дүү нь энэ талын хуулийн мэдлэггүй байх нь юу л бол.
Түүнчлэн АМГТГ-ын Кадастрын хэлтсийн дарга Д.Дашзэвэг бол тусгай зөвшөөрлийг компанийн нэр дээр авдаг гэдгийг мэдэхийн дээдээр мэддэг хүн. Гэтэл яагаад энэ төрлийн лавлагааг хувь хүний регистрийн дугаараар өгөв, Д.Дагвадоржийн ах, салбарын сайдынхаа тушаалыг дагав уу гэдэг асуулт мөн л сонирхол татаж байна. Учир нь АМГТГ бол Уул уурхай яамны нэг агегнтлаг юм. Дээрээс даалгавар өгч, тушаалыг биелүүлсэн байхыг үгүйсгэх аргагүй юм.
Цахим хэрэглэгчид түүнийг ард түмнийг даапаалсан уг үйлдэлдээ уучлалт гуйхыг шаардсаар байна. Харин аваргын зүгээс “онигоо” болж уг асуудлыг нь сөхсөн хэн бүхнийг блок /твиттер/ хийж байгаа гэнэ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна