Ц.Гарамжав гишүүний хуулиар 21.2 мянган иргэний тэтгэвэр нэмэгдэнэ


1991 оноос хойш хөнгөлөлттэй нөхцлөөр буюу эрт тэтгэвэр тогтоолгосон 21, 2 мянган иргэний тэтгэврийн хэмжээ улсын дундаж тэтгэврийн хэмжээнээс хэт доогуур байгаа. Тиймээс эдгээр иргэдийн тэтгэврийг 50 мянган төгрөгөөр нэмэгдүүлэх хуулийн төслийг УИХ-ын гишүүн Ц.Гарамжав  санаачилсан бөгөөд чуулганаар хэлэлцэхийг гишүүд дэмжлээ. Тухайн үед буюу эдийн засгийн шилжилтийн үед ажлын байр чөлөөлөх нэрээр 40 гаруй мянган иргэний хугацаанаас нь өмнө тэтгэвэрт гаргасан. 1996 оноос тэтгэврийн насанд хүрээгүй гэх үндэслэлээр дээрх иргэдийн тэтгэврийг зогсоож нөхөн олговор олгож эхэлсэн түүх бий.

УИХ-ын гишүүн Ц.Гарамжав хуулиа тайлбарлахдаа “хэдийгээр төр засгаас тодорхой арга хэмжээ авч ирсэн боловч одоо ч зарим эхчүүдийн тэтгэврийн хэмжээ улсын дундаж тэтгэврийн хэмжээнд хүрэхгүй байна. Нийгмийн даатгалын ерөнхий газраас гаргасан судалгаанаас үзэхэд дээрх нөхцлүүдээр тэтгэвэр тогтоолгон авч байгаа 21.2 мянган хүн байгаа бөгөөд үүнээс 85.8 хувь нь буюу 18.2 мянган эхчүүд, 14.2 хувь нь буюу 3,0 орчим мянга нь эрэгтэйчүүд байна. Эдгээр тэтгэвэр авагчдын 80.2 хувь нь буюу 17.0 мянга нь  улсын дундаж тэтгэвэр 374,8 мянган төгрөгөөс доогуур буюу хэт бага тэтгэвэр авдаг.   Хөнгөлөлттэй нөхцөлөөр эрт тэтгэвэр тогтоолгож, харьцангуй бага тэтгэвэр авч байгаа нийт иргэд, эхчүүд болон 55 нас хүрсэн нөхцлөөр тэтгэвэр тогтоолгосон эрэгтэйчүүдийн тэтгэврийг нэмэгдүүлэх асуудлыг ирээдүйд ярих биш одоогийн нөхцөлд шийдвэрлэх хэрэгцээ шаардлага байгаа.

Дээрх иргэдийн тэтгэврийн асуудлыг тухайлан авч үзэж, өнөөгийн нөхцөлд буюу тэтгэврийн дундаж хэмжээнд хүргэж олгох нь шударга ёсны зарчимд нийцэх тул энэхүү хуулийн төслийг санаачиллаа. Холбогдох судалгаа, тооцооноос үзэхэд хуулийн төслийн зохицуулалтад хамрагдах 21.2.мянган хүний тэтгэврийг 50.0 мянган төгрөгөөр нэмэгдүүлэх бөгөөд тэтгэврийн нэмэгдэлд 2020 онд 12.7 тэрбум төгрөг, цаашид энэ хэмжээ жил бүр 5 орчим хувиар буурах бөгөөд эх үүсвэрийг улсын төсвөөс  санхүүжүүлнэ. Хуулийн төслийг хэрэгжүүлэхэд зарцуулагдах хөрөнгийг шийдвэрлэх шаардлагатайг харгалзан даган мөрдөх хугацааг 2020 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэхээр тусгасан” гэдгээ хэлсэн юм.

Олон мянган иргэдийнхээ амьдрал ахуйг хохироосон энэ байдлыг арилгахын төлөө төр ажиллах хэрэгтэй болсон гэж үзээд Ц.Гарамжав гишүүний санаачилсан Зарим иргэдийн тэтгэврийн хэмжээг нэмэгдүүлэх тухай хуулийн төслийг УИХ-ын чуулганаар хэлэлцэхийг гишүүдийн олонхи дэмжсэн юм.

Ийнхүү олон хүүхэдтэй, ажилласан жил нь болсон хэмээгдэн хэлмэгдэж тэтгэвэрт гарсан иргэд ажлын байргүй, маш бага тэтгэвэртэй явснаар эдийн засгийн хүндрэлд орж амьдрал ахуй нь доройтож хохирсон. Ижил албан тушаалд ажиллаж байсан, нас нь болж байж тэтгэвэр тогтоолгосон бусад иргэдийн дэргэд тэдний авч байгаа тэтгэвэр үнэхээр санаа зовмоор гэдгийг хохирсон иргэдийн үр хүүхдүүд хэлдэг. Шинэ цагийн хэлмэгдүүлэлт гэж хэлж болохоор тэтгэврийн тогтолцоог өөрчлөх цаг болжээ.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна