Сангийн сайд аа, та Ц.Гарамжав гишүүн шиг татвар төлж үзсэн үү


УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны хурал дээр НДШ-ийг нэмэгдүүлэх эсэх талаар хэлэлцсэн. Энэ үед УИХ-ын гишүүн Ц.Гарамжав "Сангийн сайд аа, баялаг бүтээгчдийн үгийг бодлогоор дэмжих ёстой юм биш үү" хэмээн хэлсэн.  Ирэх оноос НДШ-ийг нэмэгдүүлэх гэж байгаа нь энгийн иргэд, аж ахуйн нэгжүүдэд нэлээд хүнд ачаа болно. Тиймээс энэ нэмэгдлээс өмнө бусад боломж, бололцоогоо олж хараачээ гэдгийг баялаг бүтээгчид хэлж байна.
Тэрбээр “Улсын төсвийг татвар төлөгчид бүрдүүлдэг. Тэд эдийн засгийн хүнд цаг үед долларын ханшийн өсөлтийг ч нуруун дээрээ үүрч яваа. Улс орны хөгжил, баялгийг бүтээж байгаа ажил олгогч аж ахуйн нэгж, хөдөлмөрч иргэдийг хэрэгжихгүй байгаа хууль, нийгмийн даатгалын нэмэгдлээс хэн хамгаалах ёстой юм. Төр энэ үүргээ гүйцэтгэж зөв бодлого гаргаж ирэх ёстой. Бид татвар авна авна, тат тат гэсэн бодлого явуулж болохгүй. Татвараа сайн төлж байгааг дэмжих хэрэгтэй. Хүнд байгаад нь хөнгөлсөн бодлого явуулах хэрэгтэй. Татвар төлөгчдөө дэмжиж байж татвараа ав. Татвар төлөгчдөө олон болгож байж татвараа ав. Нэмэхгүй нэмэхгүй гэчихээд цаагуураа нэг хоёр хувиар нэмээд байна. Ингэж ард түмнээ хуурч болохгүй” хэмээж байсан. Үнэхээр ч НДШ-ийг нэмэгдүүлснээр олон аж ахуйн нэгж санхүүгийн хүнд байдалд орж, иргэдийн гарт очих цалин хөлс ч багасна. Тиймдээ ч нийгмийн даатгалын сангийн алдагдлыг ард иргэдийн нуруун дээр үүрүүлэх гэж байгаад олон нийт дургүйцэж, цахим орчинд “НДШ-ийг нэмэгдүүлэхийг эсэргүүцсэн” давалгааг өрнүүлээд байна. Монгол Улсын төсвийг атгаж суугаа Сангийн сайд Ч.Хүрэлбаатар баялаг бүтээж үзээгүй ч хэдэн зуун саяар тоологдох хөрөнгөтэй нэгэн гэдгийг ХОМ-оос нь харж болно. Тэгвэл жинхэнэ баялаг бүтээж, иргэдийг цалинжуулж яваа хүмүүст энэ зохицуулалт хэрхэн тусахыг ойлгохгүй байгаа бол Ц.Гарамжав нарын бизнесийн салбарт харьцангуй ололттой явсан гишүүдээсээ асууж, тэдний хэлснийг хөрсөн дээр буулгаж болно шүү дээ. Байгаа хуулиа хэрэгжүүлж чадахгүй хэрнээ, баялаг бүтээж, амьдралаа залгуулж яваа иргэдээ татвар, шимтгэл гэх нэрээр улам бүр уруудах замыг нь түргэтгэх шаардлага өнөөгийн эдийн засгийн нийгэмд нэн тулгамдсан асуудал биш л байлтай. Баялагийг ухаж биш бүтээж байгаа хүмүүст татвар, даатгалын дарамт бус дэмжлэг, хөнгөлөлт илүү хэрэгтэй гэдгийг Сангийн сайд та сайтар ухаж ойлгоорой.
эх сурвалж:Б.Отгонзаяа


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна