УИХ-ын гишүүн, Ардчилсан намын зөвлөлийн дэд дарга Б.Пүрэвдорж өнгөрсөн долоо хоногт НӨАТ-ын хувийг бууруулж болгох, НӨАТ-ын буцаалтыг 2% болгон нэмэгдүүлэх тухай хуулийн төслийг өргөн барьсан юм. Тэрбээр өнөөдөр /2019-12-16/ өргөн барьсан хуулийн төслийн талаарх мэдээллийг сэтгүүлчдэд өглөө.
Мэдээллийн үеэр тэрбээр “Өнгөрсөн 2019 онд нийтдээ 2 их наяд 300 тэрбум төгрөгийн орлого НӨАТ-өөс орсон нь Монгол улсын нийт төсвийн 24 хувийг бүрдүүлсэн. Энэ нь татварын орчныг сайжруулж, татвар нэмэгдэх нөхцлийг бүрдүүлж байна. Монгол улс бол татварын орлого авах тал дээр Дэлхийд дээгүүр байр эзэлдэг.
Гэхдээ НӨАТ-ын татвар шууд бус татвар учраас үнэд нөлөөлдөг. Өөрөөр хэлбэл хэрэглээний үнэд шууд нөлөөлснөөр инфляцид нөлөөлөх нөхцөл байдлыг бий болгож байна. Ингэснээр НӨАТ-ын татварын өндөр хувь жирийн хэрэглэгч нарт өндөр татвар болдог.
Түүнчлэн НӨАТ нь орлого багатай иргэд болон өндөр орлоготой иргэдийн хооронд харилцан ялгаатай нөлөөлж байна. Цалингийн бага хэмжээгээр орлогождог иргэдийн хувьд НӨАТ нь амьдралд шууд нөлөөлдөг бол өндөр цалинтай иргэдэд энэ нь тийм ч их дарамт учруулдаггүй. Тиймээс энэ төрлийн татварыг багасгах зайлшгүй шаардлага үүсч байна.
Иймээс орлогын ялгааг бий болгож байгаа эдгээр асуудлыг татварын хувийг багасгах замаар шийдвэрлэх боломжтой.
НӨАТ нь алслагдсан бүс нутагт амьдарч байгаа иргэдэд маш дарамт болж байгааг ч энд сануулахад илүүдэхгүй.
Улаанбаатар хотын иргэд бараа бүтээгдэхүүний шууд үнээр худалдан авч байгаа бол алслагдсан орон нутагт амьдарч байгаа иргэд бараа бүтээгдэхүүнийг зардал болон борлуулалтын нэмэгдсэн өртөгөөр худалдан авч, түүн дээр НӨАТ нэмж төлж байгаа нь маш их хэмжээний зардалыг бий болгож байна.
Эдгээр шаардлага, үүсч буй нөхцөл байдалд нийцүүлэн өргөн барьсан татварын өөрчлөлтийн хуулийн төслийг УИХ-ын дарга хүлээн авсан байгаа. Тун удахгүй чуулганы хуралаар хэлэлцүүлж өгөх байх” хэмээн мэдэгдлээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна