Г.Буяндорж: Авлигач прокурорууд 100 мянган ам доллар нэхэж, 1,2 жил цагдан хорьсон


“Ноёд” группийн ерөнхийлөгч Г.Буяндорж ноцтой мэдээлэл хийлээ. Тэрбээр 9 жил гаруй цагдаа шүүхээр явжээ. Улмаар авлигач прокуроруудын хууль бус үйлдлийн улмаас 25 тэрбум төгрөгийн алдагдал хүлээсэн байна. Үүнийг гэрчлэх 65 хуудас баримтыг Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболдод хүлээлгэж өглөө. Тэрбээр баримтыг хүлээлгэж өгөхдөө нэр бүхий прокурор надаас 100 мянган ам доллар нэхсэн. Надад энэ мөнгийг өгөх боломж байгаагүй учраас 409 хоног буюу 1,2 жил хилс хэргээр хорьж цагдсан” хэмээн мэдэгдлээ.

Энэ талаар “Ноёд” группийн ерөнхийлөгч Г.Буяндорж “Би хуулийн байгууллагын зарим ажилтны хууль бус үйлдлийн талаар авлига, хээл хахуулийн хэрэг байж болзошгүй нотлох баримтуудыг гаргаж байна. Манай “Ноёд” группийн охин компанийг хуулийн байгууллагын нэр бүхий зохион байгуулалттай дээрэмдэж авсан. Үүний уршгаар би сүүлийн 9 жил хууль шүүхээр шалгагдсаны эцэст цагаадсан учраас энэхүү гомдлыг гаргаж байгаа юм.

Нэр бүх прокурор надаас 100 мянган ам.долларын авлига өгөхийг шаардсан. Тодруулбал Нийслэлийн прокурорын орлогчоор ажиллаж байсан, одоо БЗД-ийн Ерөнхий прокурор Ц.Батболд, Улсын ерөнхий прокурор н.Сандагсүрэн, нийслэлийн хяналтын газрын прокурор байсан Халиун нар миний хэрэгт хяналт хийж байхдаа зохион байгуулалттай ажилласан. Халиун нь надаас 100 мянган ам.доллар нэхэж, дарамталсан. Тухайн үед Халиун прокурорын гэр бүлийн гишүүний өмгөөлөгч эмэгтэйтэй 100 мянган ам.долларын гэрээ хийсэн ч өгөх бололцоогүй гэдгээ хэлсэн. Ингэсний төлөө намайг Эрүүгийн хуулийн 5 зүйл ангиар эрүү үүсгэж таван удаа 409 хоног буюу 1.2 жил цагдан хорьсон. Улмаар 16 удаагийн шүүх хуралд орж, компанийнхаа 25 тэрбум төгрөгийн алдсан” гэлээ.

Харин баримтыг хүлээн авсныхаа дараа Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд “Хуучин Ерөнхийлөгч нь том хонгил үүсгээд, прокурорууд нь мини хонгил үүсгээд Г.Буяндорж шиг олон бизнесийг дарамталж байгаа бол өргөдлөө өгч болно. Салхитын мөнгөний ордын шүүх хурал удахгүй зарлагдана. Та бүхэн тэндээс Салхитын хонгил яаж явсныг харж болно. Г.Буяндоржийн хэргийг манай хуулийн хэлтэс судлаад холбогдох хуулийн байгууллагад хандана” гэсэн юм.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна