Ерөнхий сайд У.Хүрэлсүх өнөөдөр Мэргэжлийн хяналтын ерөнхий газарт ажиллалаа. Тэрээр 21 аймаг, 26 хилийн боомтод үүрэг гүйцэтгэж буй 2200 албан хаагчийн төлөөлөлтэй цахим хурал хийж, цагийн үеийн мэдээлэл сонсож, үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан зарим үүрэг даалгавар өгөв.
Ерөнхий сайд У.Хүрэлсүх “Шинэ коронавирусийн халдварын тархалтаас урьдчилан сэргийлж, хэсэгчилсэн өндөржүүлсэн бэлэн байдалд шилжээд буй энэ үед та бүхний үүрэг нэн чухал. Хил, гааль боомтуудад ажиллаж байгаа албан хаагчид үүргээ сайтар биелүүлж байгаа учир Монгол Улсад халдвар гараагүй байна. Гэхдээ тайвширч болохгүй, бусад мэргэжлийн байгууллагын алба хаагчидтайгаа нягт хамтран ажиллаж, өвчний эрсдэлгүй давж гарах хэрэгтэй байна” гэв.
Түүнчлэн иргэдийг өвчнөөс урьдчилан сэргийлэх, хамгаалах, ажлыг уялдаа холбоотой явуулж, төрийн хяналтын үйл ажиллагааг хуулийн хүрээнд чамбайруулж, COVID-19 вирусийг улсын хилээр орж ирэхгүй байх бүхий л арга хэмжээг шат шатандаа хэрэгжүүлж, мэргэжлийн ур чадвар гаргаж ажиллахыг үүрэг болгов.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна