У.Хүрэлсүхийн Засгийн газрын том хар толбо болсон ЖДҮ-ийг хөгжүүлэх сангийн зээлийн асуудал цэгцрэх тал руугаа хэвийж байна. УИХ-ын 76 гишүүний талаас илүү буюу 40 гаруй гишүүн нь ард иргэдийнхээ боломжийг хулгайлж, нийтэд тэгш очих ёстой бага хүүтэй зээлийг эрх мэдэл, албан тушаалын давуу байдлаа ашиглан хамаарал бүхий компанидаа хуваарилахад нөлөөлсөн хэрэгт нэр холбогдсон.
Эдгээрээс УИХ-ын дөрвөн гишүүн, нэг сайдыг хууль хяналтын байгууллага шалгаж эхэлсэн. Улмаар хэргийн эзэн, хэнгэргийн дохиур болсон ЖДҮХС-гийн зээл олгох шийдвэрийг гаргаж байсан ХХААХҮ-ийн сайд асан, УИХ-ын гишүүн Б.Батзориг өнгөрсөн баасан гаригт УИХ-ын гишүүний бүрэн эрхээсээ чөлөөлөгдөх өргөдлөө өглөө. Тэрбээр ЖДҮХС-гийн хэрэгт яллагдагчаар татагдан, хууль хяналтын байгууллагад шалгагдаж, Нийслэлийн прокурорын байгууллагаас яллах дүгнэлтийг шүүхэд хүргүүлээд байгаа юм.
Энэ талаараа өөрийн цахим хуудаснаа "Гишүүний бүрэн эрхээс чөлөөлөгдөх хүсэлтээ УИХ-ын даргад гаргалаа. Миний бие өнөөдрөөс эхлээд улс төрөөс ангид байж хариуцлагаа хүлээнэ. Болж өнгөрсөн үйл явдалд тайлбар хэлэх цаг хугацаа өнөөдөр биш. Хэзээ нэгэн цагт цээжээ онгойтол ярих өдөр ирэх бизээ. Цаг хугацаа бүх юмны хэмжүүр болох байхаа. Өөрийгөө өмгөөлөх, тайлбар тавих сэтгэл алга. Өнөөдөр хэлэх ганцхан үг минь УУЧЛААРАЙ" гэсэн.
Тэгвэл түүний араас УИХ-ын гишүүн Г.Солтан, Л.Энхболд, Б.Ундармаа, Д.Дамба-Очир нар хэзээ өргөдлөө өгөх вэ гэдэг хүлээлт үүсч эхэллээ. Өнөөдөр нээлтээ хийсэн УИХ-ын хаврын чуулганд Ерөнхийлөгч үг хэлж, ЖДҮ-гийн хэрэгт холбогдсон гишүүдийг САЙН ДУРААРАА ӨРГӨДЛӨӨ ӨГӨХИЙГ Ч САНУУЛААД АВЛАА. Жил гаруйн өмнө УИХ-ын дөрвөн гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх саналыг Улсын ерөнхий прокуророос УИХ-д хүргүүлж байсан. Тодруулбал ЖДҮ-ийг хөгжүүлэх сангаас зээл авсан УИХ-ын гишүүн Г.Солтан, Л.Энхболд, Б.Ундармаа, Д.Дамба-Очир нарыг яллагдагчаар татах тогтоолоо УИХ-д танилцуулж, дээрх хүмүүст АТГ-аас эрүүгийн хэрэг үүсгэсэн тухай мэдээлж байсан.
Гэвч УИХ гишүүдээ хамгаалж үлдсэн юм. Тэгвэл дээрх гишүүдэд холбогдох хэргийг АТГ-аас шалгаж дуусжээ. Улмаар яллах дүгнэлт үйлдүүлэхээр Нийслэлийн прокурорын газарт шилжүүлсэн. Прокурорын байгууллага яллах дүгнэлтээ үйлдээд шүүхэд шилжүүлэх юм.
Тэднийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1, 3.4 дүгээр зүйлийг журамлан, тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн гурав дахь хэсэгт заасан “улс төрд нөлөө бүхий этгээд болох УИХ-ын гишүүн эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашиглах" гэмт хэргийг үйлдсэн гэх хэрэгт буруутгаж байгаа юм.
Б.Заяа
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна