АН-ын дарга С.Эрдэнэ гадаадад байгаа иргэдээ эрсдэлээс хамгаалах, дэмжих зорилгоор сард 500 ам.долларын тусламж үзүүлэх хуулийн төсөл өргөн бариад байгаа. Үүнтэй холбогдуулан "Хилийн чанад дахь Монголчуудын зөвлөл" ТББ-ын тэргүүн Н.Номун-Эрдэнэ байр сууриа илэрхийлэн энэхүү ил захидлыг АН-ын даргад хаяглан нийтэлжээ .
Уг ил захидалд "Та сүүлийн үед гадаадад байгаа иргэддээ нэг болохоор хал харуулаад, нэг болохоор хайр зарлаад учраа нэг л олохгүй байх шиг санагдаад байгаа болохоор, шүүмжилж байгаа хүмүүс олон байгаа учраас уурлаж бухимдалгүйгээр нэг зөвлөгөө болоод хамтран ажиллах саналаа товчлон хүргүүлж байна. Үүнд:
1. Хилийн чанадад байгаа иргэдээ гэсэн сэтгэлд чинь талархаж байна. Гэхдээ таны хайр онох байгаа, эздээ олохгүй төөрөөд байна. Танай нам засаг барьж байх үед гадаадад байгаа иргэдтэй холбоотой “Дэлхийн Монголчууд” гэдэг хөтөлбөр бодлогын бичиг баримт гарч байсан, одоо ямар ч гэсэн хэрэгжээд явж байгаа. Энэ хөтөлбөрийг илүү амьтай үр дүнтэй болгоход хамтран ажиллая. Давагдашгүй хүчин зүйл буюу цар тахлын гамшгийн үед гадаадад байгаа зорилтот бүлгийн иргэдээ халамжлах, тэднийгээ хамгаалах үүднээс Хилийн чанад дахь иргэдэд туслах сангийн төсвийг нэмэгдүүлэх шаардлагатай гэдэг нь харагдлаа. Энэ чиглэлд хамтран ажиллая. Гэнэтийн эрсдлийн үед хэрэглэх төсвийг уг санд бий болгоод жил бүр хуримтлагдаад явдаг болгоё.
Миний амьдарч байгаа Швед улсын хувьд эрсдлийн үед эх орондоо ирж байгаа иргэд, авчирч чадахгүй байгаа иргэддээ хуулийн дагуу эхний ээлжинд 1,5 сая долларыг орон байр түрээслэх, хүнсний хэрэглээнд зарцуулж байна. Тэгэхээр таны хэлээд байгаа санааг 100 хувь эсэргүүцэхгүй, үгүйсгэхгүй. Гагцхүү та бүхэн хэрэгцээтэй хүнд нь туслах талаар Гамшгаас хамгаалах хуулинд нэмэлт өөрчлөлт оруулах төсөл санаачилбал хөл гараа өргөөд дэмжье.
Надад байгаа мэдээллээр жнь : Монголчууд олноор суурьшсан БНСУ-ын хувьд одоогийн байдлаар гэхэд нэг хүн нэг өрөө байр түрээслэх, хоол хүнсэнд зарцуулах, мөн онгоц ирэх сураг дуулдах бүрт шинэ Короновирусний шинжилгээ өгөхөд дунджаар 2,8 сая төгрөг зарцуулж байна. БНТУ-ын Истанбул хотод 1 хүн 2,4 сая төгрөгийн зардал гаргаж байна. Тэгэхээр таны яриад байгаа 1 хүнд 500 долларын тэтгэмж олгох санал бол асуудал нь хүнд байгаа хүмүүсийн хувьд бол 40-50 хувийг нөхөх хэмжээний мөнгөн дүн байна. Иргэд ийм хэмжээний зардлыг цаашдаа гаргахад хүндрэлтэй болж байна. Бид Улсын Онцгой Комисс, Гадаад Харилцааны Яаманд саналаа хүргүүлэх гэж байна. Энэ саналыг маань дэмжиж ажиллах байх гэж найдаж байна.
2. Улсын Онцгой Комиссоос өгч байгаа мэдээллээр 8000 гаруй иргэд эх орондоо яаралтай буцах хүсэлт өгсөн байгаа юм байна. Эдгээр иргэдээ хэрхэн хурдан эх орондоо аваачих боломж байна, хэрхэн хамгаалж халамжлах вэ гэдэг дээр анхаарч ажиллая. Бүгд нэг дор буцах боломжгүй учраас асуудал нь тулгамдсан иргэдээ нэн яаралтай хамгаалах талаар ярьцгаая. Хилийн чанадад суугаа хэрэгцээ шаардлагагүй бидэнд өгөх гээд байгаа мөнгөө гамшигтай тэмцэх ажилд нь, нойр хоолгүй тэмцэж байгаа албан хаагчдад, бас алдагдалд ороод байгаа МИАТ компаниа хамгаалж үлдэхэд зарцуулах санал гаргавал үр дүнтэй болох байхаа.
Иргэн Н.Номун-Эрдэнэ 15.04.2020 " гэжээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна