Намын дарга Н.Энхбаярыгаа муулахын хажуугаар намаасаа хөөгдсөнөө үе үе дурсаж, намууд гишүүнээр элсүүлэх хүсэлтээ ээлж дарааллан ирүүлж байгаагаа бахдалтайгаар ярьдаг УИХ-ын гишүүн О.Баасангийн "шоу" АН-д элссэнээр төгсөж байна.
Тэрбээр гишүүнээр элссэн даруйдаа “2016 онд ард түмэн эрх баригч МАН-д хангалттай олон суудал өгсөн. Гэтэл өнөөдөр 14 аймгийн Засаг дарга авлигын хэрэгт холбогдож, гурван гишүүн нь шоронд орох нөхцөл байдалд байна.
МАН сөрөг хүчнийг хүчээр байхгүй болгосон. Тиймээс 2020 онд УИХ дахь АН-ын суудлыг 39 болгох шаардлагатай гэж би үзэж байгаа. Яагаад гэвэл 1992 оноос хойш АН нэг ч удаа 39 суудал авч байгаагүй. Тэгсэн хэр нь янз бүрийн намтай эвсээд явахараа алаг бөөр шиг өөр өөр үзэл бодолтой олонх болдог.
Одоо МАН дүнгээ тавиулах цаг болсон. Нийтээрээ МАН-аас хариуцлага нэхье. Тиймээс сөрөг хүчнийг нэгтгэе, АН-ыг бүлэгтэй болгоё гэдэг үндсэн дээр АН-д орж байна” гэж мэдэгдэв.
О.Баасанхүү хуульч гэдгээрээ чамгүй бардамнадаг. Гэвч тэрбээр хуулиа уншсангүй юу эсвэл өөр “атгаг” санаа агуулж байна уу. О.Баасанхүү АН-д элссэн ч бүлэг дахин байгуулагдах боломжгүй гэдгийг цагаан дээр хараар бичсэн хууль гэрчилж байна.
УИХ-ын тухай хуулийн 26,4-т Улсын Их Хуралд 8-аас дээш суудал авсан нам татан буугдсан, эвсэл тарсан бол бүлгийг татан буугдсанд тооцох ба түүний бүрэлдэхүүнд байсан гишүүд дахин бүлэг байгуулахыг хориглоно.
28.1. Дор дурдсан тохиолдолд бүлгийн үйл ажиллагаа дуусгавар болно:
28.1.1. бүлэг байгуулсан нам татан буугдсан, эсхүл эвсэл тарсан;
28.1.2. энэ хуулийн 6.6-д заасан үндэслэлээр орон гарч нөхөн сонгууль явуулсан боловч тухайн нам, эвсэл суудал авч чадаагүйгээс бүлгийн гишүүдийн тоо энэ хуулийн 26.1-д заасан тооны доод хязгаарт хүрэхгүй болсон;
28.1.3. гишүүн бүлгээс гарахад үлдсэн гишүүдийнх нь тоо энэ хуулийн 26.1-д заасан доод хязгаарт хүрэхгүй болсон” гэж заажээ.
/Эх сурвалж: legalinfo.mn/
АН-ын хувьд УИХ-д суудалтай хоёр гишүүн нь намаасаа гарснаар бүлгийн гишүүдийн тоо нь хуульд заасан доод хязгаарт хүрэхгүй болсон тул АН-ын бүлэг албан ёсоор тарсан. УИХ-ын тухай хуульд Улсын Их Хуралд 8-аас дээш суудал авсан нам татан буугдсан, эвсэл тарсан бол бүлгийг татан буугдсанд тооцох ба түүний бүрэлдэхүүнд байсан гишүүд дахин бүлэг байгуулахыг хориглодог.
Мэдээж, УИХ-ын гишүүн О.Баасанхүү хуулийн энэ заалтыг мэдэхийн дээдээр мэдэж байгаа. Гэвч “Ардчилсан намыг бүлэгтэй болгож, ард түмэнтэйгээ нэгдэж, хариуцлага нэхье гэж энэ намд элсэж байна” гэж попров. Түүний энэ “ухааны” цаана юу нуугдаж байгааг эс тааварлана...!
Б.Ариун
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна