Хөл хориог сунгасантай зэрэгцээд тусгай үүргийн онгоц ч асуудал үүсгэж эхлэв. Өнгөрсөн хугацаанд БНСУ-аас ирэх тусгай үүргийн онгоцыг дагасан хэл ам тасраагүй. Өнөөдөр гэхэд БНСУ-д суух монголчууд ЭСЯ-ныхаа гадаа эсэргүүцлээ илэрхийлэв. Тэдний ихэнхийнх нь визны хугацаа дууссан, санхүүгийн хувьд хүндрэлд орсон, ЭСЯ-нд удаа дараа хандсан, холбогдох утас руу нь өдөр шөнөгүй залгасан хэмээн бухимдлаа илэрхийлж байсан юм. Ийнхүү харийн нутагт мөнгө төгрөгийн асуудалд орсон иргэд нь аргаа барахдаа суулт зарлаж байхад зөвхөн өндөр настай, жирэмсэн, бага насны хүүхэдтэй, хүнд өвчтэй иргэдээ авах Тусгай үүргийн онгоцонд хөрөнгө чинээтэй иргэд багтахаар улайрч байгааг Хилийн чанад дахь Монголчуудын зөвлөлийн тэргүүн Н.Номун-Эрдэнэ өөрийн цахим хуудастаа бичжээ.
Тэрбээр “Сөүлээс 5 сарын 1-ний тусгай үүргийн онгоцонд Монголын тэргүүн баячуудын нэг Ажнайн Д.Бат-Эрдэнэ гуай хүүхэдтэй гэдгээрээ багтсан гэсэн сураг сонслоо. Энэ хөрөнгөтэй хүн ядарсан зовсон бусдын урдуур дайраагүй байгаасай гэж хүсэж байна. Өмнөх нислэгэнд өөрсдийн хамт явсан хүмүүсээ оруулсан гэсэн ярианд ороод авсан хүн” гэсэн байна.
Түүний хувьд өмнөх тусгай үүргийн нислэгийн үеэр хамт Хавайд амарч зугаалж ирсэн хамаатнуудынхаа хамт ядарсан иргэдийн тийз булаацалдсан гэх хэл аманд орж байсан билээ. Тодруулбал Монголын тэргүүн баян Ажнай Бат-Эрдэнийн гэр бүл, үр хүүхэд, найз нөхөд гэх Хавайгаас ирсэн 10 хүн Сөүлийн нислэгт багтах гэж сүр хүчийг үзүүлж, үүргээ гүйцэтгэж буй ажилтнуудыг хүндрүүлж байгаа мэдээлэл манай сайтад ирж байсан удаатай. Гэвч тэрбээр энэ удаа ч мөн мөчөөгөө өгсөнгүй. Хүүхэдтэй гэдгээрээ түрүү барин, УИХ-ын сонгуульд Өмнөговьд нэр дэвших хугацаандаа амжиж ирэхээр яваа сурагтай.
Ингэх шалтгаан түүнд байгаа нь гарцаагүй. Нэлээн хэд хоногийн өмнө АН-аас нэр дэвших 100 сая төгрөгөө тушаасан гишүүдийн дотор дурайж харагдсан. Өмнөговь аймагтаа нэрээ бичүүлсэн тэрбээр өдгөө эхнэр хүүхдүүдийнхээ хамт Сөүлд гацчихсан байгаа. Улсын онцгой комисс өнөөдрийн хуралдаанаараа хөл хориог 5-р сарын 31-г дуустал сунгасан. Өөрөөр хэлбэл ирэх 1 сарын хугацаанд гадаадад байгаа иргэдээ мөн л чартер нислэгээр авчирна.
Онгоцны тоо, тусгаарлагдах байрны боломжоос хамаарч, сардаа 1-2 удаа ниснэ. Ингэхдээ мөн л өндөр настай, жирэмсэн, бага насны хүүхэдтэй, хүнд өвчтэй иргэдээ авна. Тиймээс Ажнай Д.Бат-Эрдэнэ улстөрийн ажлаа хийхийн тулд "улсуудын" урдуур дайрч, өвчтэй зовлонтой, хөгшид эмэгтэйчүүдтэй хамт ирэх бололтой
Хэрэв Ажнай Д.Бат-Эрдэнэ мандат хуваарилж дуусах хуулийн хугацаанаас өмнө эх орондоо ирж амжихгүй бол УИХ-д нэр дэвших боломжгүйд хүрэх юм.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна