УИХ-ын чуулганы хуралдаанаар Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлттэй уялдуулан боловсруулсан Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн анхны хэлэлцүүлгийг хийх үеэр Өргөдлийн байнгын хороог үгүй хийх тухай яригдаж эхэллээ.
Үндсэндээ улстөрчид иргэдээс улам бүр алсран одох нь ээ. Өмнө нь Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийн үед Засгийн Газар иргэддээ нээлттэй, тунгалаг төрийг цогцлоохын тулд хүнд суртлыг халж, хурдан шуурхай үйлчилгээг эрхэмлэж иргэдийн саналыг дараах 10 сувгаар хүлээн авч, түүнд тодорхой хариулт өгөхөөр “11 11 Төв”-ийг байгуулж байсан. Гэвч МАН-ынхан төрийн эрхийг гартаа авмагц тус төвийг татан буулгасан.
Гэтэл өдгөө УИХ дахь Өргөдлийн байнгын хороог татан буулгах тухай хуулийн заалт оруулж, хэлэлцэж буй нь иргэдээс алсарч “чихээ бөглөж”, Төрийн ордонд суух гэсэн санаархал гэхээс өөрөөр тайлбарлах боломжгүй юм.
УИХ-ын чуулганы хуралдааны үеэр Өргөдлийн байнгын хорооны дарга, УИХ-ын гишүүн М.Оюунчимэг: “Ард иргэд УИХ хоёрыг холбож өгдөг ганц байнгын хороо бол Өргөдлийн байнгын хороо. Нэрийг нь өөрчилж болно. Гэтэл ардчиллаасаа ухрах гэж байна. Дээшээ тэнгэр хол, доошоо газар хатуу үед иргэдэд ганц түшиг тулгуур нь Өргөдлийн байнгын хороо болдог, тэнд л ханддаг. Хандахдаа хувь хүний асуулаас илүүтэй нийгмийн, нийтийн эрх ашгийг зөрчсөн, хууль тогтоомж хэрэгжихгүй байгаад хяналт тавихыг хүссэн өргөдлүүд дийлэнх хувийг эзэлдэг.
Яг энэ агуулгаараа Үндсэн хуулийн 16.12 ард иргэд өргөдөл гаргаж, тухайн асуудлаар гомдол гаргах эрхтэй үүнийгээ хэрэгжүүлэх үүрэгтэй гэсэн заалт байгааг Лүндээжанцан дарга та надаар хэлүүлэлтгүй мэдэж байгаа. Тийм учраас би гишүүдэд ч хэлж байна. Бид ухарч болохгүй. Ялангуяа нээлттэй сонсгол, хэлэлцүүлгийг хамгийн сайн хийдэг нь Өргөдлийн байнгын хороо байгаа. Яг одоогийн байдлаар өнгөрсөн гурван жилийн хугацаанд Өргөдлийн байнгын хороо Агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр сүүлийн 20 жилийн ажилд гүйцэтгэлийн аудит хийж, анх удаагаа 750-иад тэрбум төгргийг хэрхэн яаж, үр дүнгүй салхинд хийсгэснийг тоо, баримттай нь гаргаж ирээд, хууль хяналтын байгууллагад өгөөд шалгуулаад явж байна. Үр дүнд нь өнөөдөр утааг нэг жилийн дотор 50 хувь хэрхэн бууруулав. Хэрвээ санхүүжилт нь зөв яваад, ард иргэдийн хяналт сайн байвал буулгаж болдгийг Засгийн газар, нийслэлтэй хамтраад харуулж чадлаа. Энд УИХ-ын зүгээс ч анхаарч хандсан.
Байгалийн баялагтай холбоотой асуудлууд ч байна. Мөн Өргөдлийн байнгын хороонд 700-гаад иргэнээс хүсэлт ирж, бид Туул болон бусад гол мөрнөө хамгаалах асуудлыг хөндөж, өнөөдөр экологийн цагдаагийн асуудал шийдэгдсэн. Одоо байгалийн баялаг, ашигт малтмалтай холбоотой асуудлууд байна. Хууль эрхзүй, авлига хээл хахуультай холбоотой асуудлууд байна. Энэ бүхэнд Өргөдлийн байнгын хороо нээлттэй сонсгол хийж ард иргэд бусад байнгын хороотойгоо хамтраад шийдэж байгаа. Тиймээс энэ олон мянган иргэний хүсэл мөрөөдөл эцсийн найдвар нь болж УИХ-д ханддаг нь Өргөдлийн байнгын хороо. Тиймээс нэрийг нь Өргөдлийн байнгын хороо гэх үү Хөгжлийн байнгын хороо гэх үү гэдгийг тунгаах хэрэгтэй. УИХ-аас гарч байгаа хууль, тогтоол, шийдвэр дунд шатандаа эсвэл гүйцэтгэх шатандаа очоод хэрэгжихгүй байгаа учраас төрийн нэр хүнд унаад байгаа юм. Хууль, тогтоомж хэрэгжих тал дээр хяналт шалгалт тавьдаг ийм байнгын хороо Англи, Герман, Европын холбооны орнуудад байна шүү дээ. Тиймээс энэ байнгын хороог өөр байнгын хороотой нэгтгэх бус харин ч улам бүр хөгжүүлэх ёстой.
Энэ тал дээр УИХ-ын дарга адил байр суурьтай байгааг Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаан дээр сонсож байсан. Тиймээс Лүндээ даргаа та битгий ухарсан зүйл хийгээд байгаач. Ажлын хэсгийнхэнд би уриалж хэлмээр байна. Энэ байнгын хороо маш чухал байнгын хороо. Өнөөдөр иргэд Төрийн байгуулалтын байнгын хорооны мэдээлэл сонсчхоод захидлаа маш ихээр ирүүлж байна. Бидний ганц түшиг, тулгуур болдог, дуу хоолойгоо хүргэдэг, эргээд асуудал, хууль тогтоомжийн хэрэгжилтэд хяналт тавьдаг ач холбогдол маш ихтэй байнгын хороо шүү гэж. Өнгөрсөн 2-3 жил бид дэндүү идэвхтэй ажилласан учраас өөр олон байнгын хорооны ажлыг булаасан мэт ойлголт өгөөд сүүлдээ ийм “харшилтай” болдог болчихож.
Тэр байтугай утаатай холбоотой, хууль бус үйлдлүүдтэй холбоотой асуудлуудыг гаргаж ирэхэд Өргөдлийн байнгын хороог татан буулгая гэдэг асуудал үүсч л байсан. Одоо хүсэл мөрөөдлөө биелүүлээд, үүнийг нь Лүндээжанцан дарга гүйцэлдүүлээд явж байгаа юм байна. Ингэж болохгүй. Тиймээс УИХ-ын гишүүдээ энэ асуудалд маш нухацтай хандах ёстой гэж хэлмээр байна. Энэ бол дараагийн парламентад хэрэгжинэ. Тиймээс би зөвхөн өөрийгөө эсвэл байнгын хорооны ажилтнуудыг бодож байгаа юм биш. Ард иргэдийн төлөөлөл болсон байнгын хороог заавал байх ёстой гэдгийг хэлмээр байна.” гэсэн юм.
Үнэхээр иргэдийн гомдол, мэдээллийг хамгийн ихээр хүлээж авдаг ганц “чих зөөлөн”-тэй байнгын хороог үгүй хийвэл төр ард нийтээс нүүр буруулж буй хэрэг. Тиймээс энэ асуудлыг УИХ-ын эрхэм гишүүд эргэж, анхаарч харах биз ээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна