Өнөөдөр Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд Ерөнхий сайд асан С.Баяр, Ч.Давааням нарын найман хүнд холбогдох эрүүгийн хэргийн шүүх хурал /2020.05.11/ 09.00 цагт эхэллээ. Тэрбээр шүүх хурлын өмнө байр сууриа илэрхийлэв.
Тэрбээр хэлэхдээ “Яллагдагчаар татагдсан найман хүн байна. Энэ хүмүүсийг төлөөлж өмгөөлөгч нар шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт тодорхой санал тавьж байна. Биднийг гэмт бүлэг байгуулсан, хууль бус мөнгө олох зорилгоор гэмт бүлэг байгуулсан гэж эрүүгийн хэрэг үүсгэж, намайг 60 хоног цагдан хорьсон. Гэтэл шүүхэд шилжүүлэхээсээ өмнө тэр зүйл анги, тогтоолоо хүчингүй болгочихсон. Гэмт бүлэг байгуулсан гэсэн тогтоолоо хүчингүй болгосон хэрнэ нэг өрөөнд гэмт бүлэг байгаа юм шиг биднийг цуглуулж байгаа нь буруу. Зүйлчлэлээ зөв гаргах хүсэлтийг бүгд тавьж байна.
Бид шүүх хурлыг нээлттэй явуулах хүсэлт тавьсан. Энд ямар нэгэн улсын нууц алга. Улсад онц их хэмжээний хохирол учруулсан гэж байгаа. Гэтэл хохирлын хэмжээ байхгүй. Улсаа хохироосон юм бол улсаа төлөөлөөд "ийм хохирол учруулсан төрийг төлөөлж би ирж байна" гэж хүн байх ёстой. Гэтэл хохирогчгүй.
Мөн Оюутолгойгоос мэдүүлэг огт аваагүй. Шатахуун худалдаж авах гэрээг яаж хийдэг, хэдэн оноос хийсэн бэ. Петровис 2002 оноос л шатахуунаа нийлүүлж байсан юм билээ. Загварын гэрээ нь явсаар байгаад 2013 он хүрсэн. Тэгэхээр 11 жил үргэлжилсэн гэрээ. Оюутолгойн гэрээг 2009 онд байгуулсан. Үүнээс хойш шатахуун нийлүүлэх гэрээнд өөрчлөлт оруулаад өмнө нь өгч байснаас ашигтай байсан бол намайг буруутгаж болно. Гэтэл тийм юм байхгүй. Огт гэм буруугүй хүнийг надтай яллаад байна. Ямар ч нотолгоо баримт байхгүй. Хуулийн дагуу хангагдах эрхийг минь хангаагүй учраас хүсэлтээ тавиад байна. Хэрэв гэм буруутай нь тогтоогдвол надаас эхлээд бүгд ял хүлээхэд бэлэн байна” гэлээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна