АН-ын Үндсэн бодлогын хороо өчигдөр хуралдаж намын дэд даргыг чөлөөлөх, томилох асуудлыг хэлэлцжээ.
Тус намын зургаан дэд даргын нэг Б.Дэлгэрмаа УИХ-ын сонгуульд бие даан оролцох болсон тул намын гишүүнээс хасагдах, үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ намын анхан шатны байгууллагад гаргасан гэнэ.
Ингээд ҮБХ-ны хуралдаанаар Б.Дэлгэрмааг дэд даргын албан тушаалаас чөлөөлж, түүний оронд Ардчилсан эмэгтэйчүүдийн холбооны дэд дарга Б.Жаргаланг томилжээ.
Б.Жаргалан нь УИХ-ын гишүүн, Эдийн засгийн хөгжлийн сайд асан Н.Батбаярын охин юм. Аав, охин хоёр АН-аас Архангайд нэр дэвшихээр 100, 60 саяа тушаасан байсан.
Б.Дэлгэрмаагийн хувьд дэд даргын албан тушаалаас чөлөөлөгдсөн бөгөөд гишүүнчлэлээс хасагдах асуудлыг намын анхан шатны нэгж шийдэх ажээ.
АН-ын дарга С.Эрдэнэ Б.Дэлгэрмааг ийнхүү зайлуулсан нь олон нийтэд залуусыг дэмжиж байгаагаа харуулах гэсэн нь мэдээж юм. Өмнө нь Ц.Баатархүүг намынхаа генсек болгосон. Гэвч С.Эрдэнийн дэмжиж байгаа залуус нь АН-ын жирийн гишүүд дэмжигчдийн хүүхэд биш, харин ч хуучны сайд дарга нарын хүүхдүүд байгаа тухай яригдсаар байна.
Б.Дэлгэрмаа тэртээ 1990-ээд оны сүүлээр МҮАН-ын генсек байхдаа С.Эрдэнэ нартай таардаггүй байсан. Энэ удаад ч тэрхүү хуучин явдал нөлөөлсөн л байх. УИХ-ын сонгуульд АН-аас нэр дэвшихийн тулд бие дааж нэр дэвшихээр бүртгүүлэн айлгах гэсэн ч ийнхүү нэгмөсөн намаасаа ч явахаар болов бололтой.
Гэхдээ Б.Дэлгэрмаа нэр дэвшсэн тойрогтоо АН-ын гишүүдэд томоохон шавар хаана гэдэг тодорхой.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна