Ерөнхий сайд У.Хүрэлсүх Ерөнхий боловсролын сургуулийн 48 дугаар сургууль буюу УИХ-ын 23 дугаар тойрогт саналаа өглөө. Тэрбээр саналаа өгснийхөө дараа "Өнөөдөр бол нэг ёсны баярын өдөр. Сонгох, сонгогдох эрхээ эдэлж байна. Хэдийгээр дэлхий дахинд цар тахал нүүрлэж, сонгууль зохион байгуулахад хүндрэл тулгарч байгаа ч улс орнууд амжилттай сонгуулиа зохион байгуулсаар байна.
Манай улс ч гэсэн сонгуулиа амжилттай зохион байгуулж байна. Ард иргэд идэвхтэй оролцож байна. Энэ удаагийн сонгуульд шинэ мянганы хүүхдүүд саналаа өгч байна. Төрийн эрх барих дээд байгууллагаа сонгоно гэдэг чинь төр улсаа байгуулж байна гэсэн үг. Манай залуучууд сонгуульдаа идэвхтэй оролцоорой. Нэр дэвшигчид, бие даагчдадаа амжилт хүсье.
Нийт ард түмэндээ сонгуулийн баярын мэнд хүргэе. Сонгууль шударга явагдах ёстой. Үймээн самуун, жагсаал цуглаан болохгүй гэдэгт итгэж байна. Өмнө нь таван сайхан залуугийн амь нас эрсэдсэн. Хүмүүсийн сэтгэл санаа эмзэглүүлсэн ийм зүйл гарахгүй гэдэгт итгэж байна" хэмээн хэвлэлийнхэнд сэтгэгдлээ хуваалцлаа.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна