Сайд Н.Энхтайваны ОХУ-д хийх айлчлалын үеэр ХИЙН ХООЛОЙН асуудлыг дахин хөндөнө


Монгол Улсын Гадаад харилцааны сайд Н.Энхтайван БНХАУ-ын төрийн зөвлөлийн гишүүн, Гадаад хэргийн сайд Ван И манай улсад хийсэн айлчлалтай холбогдуулан тусгаарлагдсан.

Тодруулбал Сайд Н.Энхтайван болон айлчлалын үеэр уулзалтад орсон бүх албан тушаалтнууд УОК-ийн шийдвэрийн дагуу тусгаарлагдахаар болсон юм.

Тэгвэл Гадаад харилцааны сайд Н.Энхтайван тусгаарлалтад байх хугацаандаа ОХУ-д айлчлалд хийхээр болжээ. Гадаад харилцааны яамнаас мэдээлж байгаагаар сайд Н.Энхтайван ОХУ-ын ГХ-ийн сайд С.В.Лавровын урилгаар 2020 оны 9 дүгээр сарын 20-22-ны өдрүүдэд ОХУ-д албан ёсны айлчлал хийхээр болжээ. Энэ нь  өнгөрсөн 7 дугаар сард шинээр байгуулагдсан Засгийн газрын гишүүний  анхны гадаад айлчлал болох аж.

Айчлалын үеэр ОХУ-ын талтай хийн хоолойн асуудлыг дахин хөндөхөөр болжээ. Түүнчлэн

- 2021 онд тохиох Монгол Улс, ОХУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 100 жилийн ойг хамтран тэмдэглэх төлөвлөгөө боловсруулан, улс төр, худалдаа, эдийн засаг, соёл боловсрол, хүмүүнлэгийн чиглэлээр 30 гаруй арга хэмжээ хэрэгжүүлэх,

-Монгол, Оросын худалдааны хэмжээг нэмэгдүүлэх, ялангуяа Монгол Улсын экспортыг нэмэгдүүлэх зорилгоор ОХУ болон Евразийн эдийн засгийн холбоотой хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлэх боломжууд,

-Дэд бүтцийн салбарын хамтын ажиллагаа, Монгол, Оросын хамтарсан “УБТЗ” хувь нийлүүлсэн нийгэмлэгийн үйл ажиллагааг эрчимжүүлэх,төмөр замын шинэчлэлийн ажлыг эхлүүлэх, энэхүү үйл ажиллагааг санхүүжүүлэх хөрөнгө оруулалт,

- Монгол, Оросын хоорондын боловсрол, соёл, хүмүүнлэгийн салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэх чиглэлээр хамтран хэрэгжүүлэх арга хэмжээ

- Монгол, Орос, Хятадын “Эдийн засгийн коридор байгуулах хөтөлбөр”-т тусгагдсан төслүүд,

- Худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагааны Монгол, Оросын Засгийн газар хоорондын комиссын 23 дугаар хуралдааныг энэ онд зохион байгуулах зэрэг асуудлуудыг ярилцахаар төлөвлөж байгаа бөгөөд ОХУ-ын Гадаад хэргийн сайд С.В.Лавровтой хэлэлцээ хийж, ОХУ-ын Парламент, Засгийн газрын зарим удирдлагатай уулзалт хийх аж.

Ийн айлчлалын дараа Гадаад харилцааны сайд Н.Энхтайван болон айлчлалын бүрэлдэхүүнд багтсан албаныхан үргэлжлүүлэн тусгаарлагдах юм байна.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна