Танилц: Засгийн газрын 2017 оноос эхлэн төлсөн өрийн жагсаалт


Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн Монгол Улсын 2021 оны нэгдсэн төсвийн талаар УИХ-ын чуулганд хэлсэн үгэндээ "Миний бие Ерөнхий сайдаар томилогдсоноос хойш 9.3 их наяд төгрөгийн өр, зээлийг төлжээ" гэсэн нь олон нийтийн  ярианы сэдэв болсон.

Тэгвэл Сангийн сайд Ч.Хүрэлбаатар Ерөнхий сайдын хэлсэн уг үгийг баталжээ. Тодруулбал тэрбээр өөрийн цахим хуудсаараа дамжуулан "2017 оноос хойш Монгол улсын Төлсөн өрийн жагсаалтыг өр үүссэн хугацаа, өр төлсөн он, сар, өдөр зэргийн хамт" хүргэжээ.

Ингэхдээ, "У.Хүрэлсүхийн Засгийн газар 9.3 их наяд төгрөгийн өр төлсөн гэнэ, үгүй байх, ийм их хэмжээний өр төлчихлөө гэж үү? гээд янз бүрийн яриа өрнөөд байх шиг. Өр төлөх амаргүй, хэцүү ч ийм их өрийг бид дарж барагдуулж чадсан юм. Зарим хүмүүс итгэхгүй байгааг ч ойлгож байна. Төлөгдсөн өрийн мэдээллийг та бүхэнд хүргэе. Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн ЗГ 2017.10.04-нөөс 2020.09.30 хүртэл нийт 9.3 их наяд төгрөгийн өрийг 3351 удаагийн төлөлтөөр барагдуулсан.

Үүнд:

- 1991 оноос хойш хэрэгжсэн нийт 236 төсөл, хөтөлбөрийн зээлийн үндсэн төлбөрт 876.0 тэрбум төгрөг, хүүгийн төлбөрт 389.9 тэрбум төгрөг, нийт 1,266.0 тэрбум төгрөг, - 2012 оноос хойш авсан арилжааны нөхцөлтэй гадаад бонд, арилжааны нөхцөлтэй зээлийн төлбөрт: - 2012 онд арилжаалсан Чингис бондын үндсэн төлбөрт 1,224.5 тэрбум төгрөг, хүүгийн төлбөрт 420.0 тэрбум төгрөг нийт 1,644.5 тэрбум төгрөг, - 2015 онд арилжаалсан Димсам бондын үндсэн төлбөрт 393.3 тэрбум төгрөг, хүүгийн төлбөрт 23.3 тэрбум төгрөг нийт 416.6 тэрбум төгрөг, - 2016 онд арилжаалсан Мазаалай бондын хүүгийн төлбөрт 354.4 тэрбум төгрөг, - 2016 оны авсан Кредит свисс банкны зээлийн үндсэн төлбөрт 490.0 тэрбум төгрөг, хүүгийн төлбөрт 128.3 тэрбум төгрөг нийт 618.3 тэрбум төгрөг, - 2017 онд арилжаалсан Хуралдай бондын хүүгийн төлбөрт 414.6 тэрбум төгрөг, -  2017 онд арилжаалсан Гэрэгэ бондын хүүгийн төлбөрт 294.6 тэрбум төгрөг, - 2011 оноос хойш арилжаалсан дотоод бондын үндсэн төлбөрт 3,485.3 тэрбум төгрөг, хүүгийн төлбөрт 785.4 тэрбум төгрөг нийт 4,270.7 тэрбум төгрөг" гэжээ.

Ингээд Монгол улсын Төлсөн өрийн жагсаалтыг өр үүссэн хугацаа, өр төлсөн он, сар, өдөр зэргийн хамт та бүгдэд хүргэж байна.

Үргэлжлэлийг Сангийн сайд Ч.Хүрэлбаатарын цахим хаяг руу хандаж авах боломжтой.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна