Д.Сумьяабазар УИХ-ын гишүүний бүрэн эрхээсээ татгалзаж, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчаар сонгогдохдоо хамгийн түрүүнд түгжрэлийн асуудлыг шийдвэрлэхээ мэдэгдсэн. Тэрбээр “Хотын түгжрэлийн асуудлыг тийм амар шийдвэрлэхгүй нь тодорхой. Энэ асуудлыг Улсын их хурлын түвшинд холбогдох хууль эрх зүйн талаас зохицуулалт хийнэ. Засгийн газрын түвшинд ямар чиглэл өгч ажиллахаас гадна нийслэл, орон нутагтай хэрхэн хамтран ажиллах талаар хэлэлцэнэ” гэсэн.
Өнөөдөр Нийслэлийн удирдах ажилтны шуурхай зөвлөгөөний үеэр Д.Сумьяабазар “Хөдөө орон нутгаас 247 мянган иргэн Улаанбаатарт ирж 35-45 хоногийн хугацаанд халтуур хийчихээд ажиллаж байгаад буцдаг гэсэн мэдээллийг би сонссон. Тэд татвар төлөхгүй байж, Улаанбаатар хотын түгжрэлд хувь оруулж байна. Үүний ард хулгай дээрэм, хүчирхийллийн гэмт хэрэг гаралт ч нэмэгдэж байна. Гудамжинд нус цэрээ хаян бие засаж хотын соёлыг үгүй хийж байгаа нь камерт бичигдсээр байна.
Хулгай дээрэм, хүчирхийлэл, хүний амь нас хохирсон гээд эзэн холбогдогч нь илрэхгүй гэмт хэрэг үүнээс үүдэлтэй. Бид өөрсдөө автомашин, түгжрэлээ яая даа гэж байхад тэд орж ирэн даац хэтрүүлж байна. Яагаад хотын иргэнд давуу байдлаа алдах ёстой гэж. Тэдний тоог нарийн гаргаад, оруулахгүй байх хэрэгтэй” хэмээн мэдэгдсэн нь амлалтаа энэ асуудлаас эхлэх нь гэж харж болохоор байна.
Өнгөрсөн хугацаанд нийслэлийн хотын түгжрэлийг бууруулах тал дээр Засаг дарга нар олигтой арга хэмжээ авч чадаагүй. Түгжрэл үүсгэгчдийн нэгээхэн хэсэг нь халтуурчид гэдэг нь нэгэнт тодорхой болсон асуудал. Тиймдээ ч такси үйлчилгээг сайжруулах замаар уг асуудлыг шийдвэрлэх нь түгжрэлийг бууруулах нэг гарц гэдгийг албаныхан мэдэгдсээр байдаг билээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна