Тагнуулын ерөнхий газрын дарга асан Б.Хурц нарын 9 хүнд Төв аймгийн сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс гурван жилийн хорих ял оноосон ч давж заалдах шатны шүүхээс анхан шатны шүүхээс ногдуулсан шийтгэлийг хүчингүй болгож, хэргийг шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаах шийдвэрийг 2020 оны 10 дугаар сарын 29-нд гаргасан. Ингэхдээ шүүгдэгч нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж байсан юм.
Тэгвэл Б.Хурц нарын 6 хүний таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, хувийн батлан даалтад гаргажээ. Өөрөөр хэлбэл сулласан байна.
Хэргийг эргэн сануулбал, Улсын ерөнхий прокурорын орлогч асан Г.Эрдэнэбат, Б.Хурц тэргүүтэй зургаан хүнд С.Зоригийн амийг хөнөөсөн хэргээр ял авсан Т.Чимгээ Б.Содномдаржаа нарыг эрүүдэн шүүсэн хэрэгт буруутган, өнгөрсөн долдугаар сард Төв аймгийн сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс ял оноосон юм.
Тодруулбал, Б.Хурц, Ж.Мөнхгал, С.Баяр, Г.Эрдэнэбат нарт гурван жилийн хорих ял оноож, ялыг нээлттэй хорих ангид эдлүүлэхээр болсон. Харин О.Бямбажав, Ү.Отгонбаяр нарт хоёр, ШШГЕГ-ын ажилтан Э.Өлзийбаярт нэг жилийн хорих ял тус тус оноож, мөрдөгч О.Бархасбадь, С.Эрдэнэбат нарыг цагаатгасан билээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна