ЭМЯ хөл хориог сунгах эсэх саналаа албан ёсоор хүргүүлээгүй байна


Манай улс дотооддоо халдвар гарснаас хойш  бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжиж, зарим газарт хатуу хөл хорио тогтоогоод сар болох нь.

 Өөрөөр хэлбэл коронавирусний тархалт кластер буюу байршмал хэлбэрээр, төмөр зам дагасан таван аймаг (Сэлэнгэ, Дархан-Уул, Орхон, Говьсүмбэр, Дорноговь), нийслэл Улаанбаатар хот мөн Архангай аймагт бүртгэгдсэн тул дээрх орон нутгуудад хатуу хөл хорио 11 дүгээр сарын 11-нээс өнөөг болтол үргэлжилж байгаа бол бусад аймаг суманд хөл хорио суларсан байдалтай байна.

УОК хөл хориог үргэлжүүлж магадгүй гэх үг цухуйлгасаар ирсэн. Эрүүл мэндийн байгууллагууд ч Covid-19-ийн кластер тархалт үргэлжилж байгаа учраас хөл хориог үргэлжүүлэх нь зөв гэдгийг мэдэгдсээр ирсэн. Хөл хорионы сунгалт энэ долоо хоногт дуусна. Ойрын хугацаанд УОК цаашид ямар арга хэмжээ авч хэрэгжүүлэхээ шийдвэрлэнэ.

Тэгвэл ЭМЯ одоогийн арга хэмжээгээ сулруулахгүй байж, хөл хориог хэсэгчилсэн байдлаар буюу голомтот газруудад  он дуустал сунгах шаардлагатай гэж үзсэн талаар зарим хэвлэл мэдээлжээ.

Харин энэ талаар ЭМЯ-наас тодруулахад "Ийм зүйл яригдсан. Гэхдээ эцсийн шийдвэрээ гараагүй. УОК-т албан ёсоор саналаа хүргүүлээгүй байна” хэмээн мэдээллээ.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна