Д.Тогтохсүрэн: Баяр наадмаас өмнө төсөвт тодотгол хийнэ


УИХ дахь МАН-ын бүлэг Хөдөлмөрийн тухай хууль болон бусад асуудлаар мэдээлэл хийлээ.

Бүлгийн дарга Д.Тогтохсүрэн:

- Бүлгийн хуралдаанаар хоёр асуудал хэлэлцлээ. Нэгдүгээрт нь Ерөнхий сайдын мэдээллийг сонссон. Ингэхдээ гурван чиглэлийн мэдээлэл авлаа. Коронавирусний нөхцөл байдал хүндэрч байна. Тиймээс Засгийн газраас авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар мэдээлэл авлаа. Мөн Үндэсний их баяр наадмын талаар, ковидын үед эдийн засгаа хэрхэх болон бусад цаг үеийн асуудлаар мэдээлэл солилцлоо.

Засгийн газар ковидтой холбоотой тодорхой шийдвэрүүд гаргахаа мэдэгдсэн. Төсвийн тодотголыг баяр наадмаас өмнө хэлэлцэж шийдвэрлэхээр ярилцсан.

Түүнчлэн Хөдөлмөрийн тухай хууль хэлэлцсэн. 2018 онд Засгийн газар Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгыг төслийг өргөн барьсан. Ц.Мөнх-Оргил гишүүнээр ахлуулсан ажлын хэсэг гурван жил ажиллаж байна.

Хуулийн төсөлд Үйлдвэрчний эвлэл, Ажил олгогч эздийн холбоо, МҮХАҮТ идэвхтэй хамтран ажиллаж байгаа гэлээ.

УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил:

- Хөдөлмөрийн тухай хуулийн онцлогийн талаар хэдэн зүйл хэлье. Хөдөлмөрийн тухай хууль бол УИХ дур мэдээд баталчихдаг хууль биш. Зөвшилцөж баталдаг учраас хугацаа шаарддаг. Хөдөлмөрийн тухай хуулийг шинэчлэх ажил 2008 оноос эхэлсэн. Улмаар 2015 онд УИХ-д өргөн баригдсан буцаагдаж, 2018 онд дахин өргөн баригдаад хэлэлцэгдэж байна.

- Хөдөлмөрийн хууль батлагдсанаас хойших 22 жилийн хугацаанд хөдөлмөрийн зах зээлийн бүрэн өөрчлөгдсөн. 1999 онд Засгийн газар нийт ажилчдын 80-90 хувьд нь ажил олгож байсан. Өөрөөр хэлбэл нэг ажил том олгогчтой байсан. Өнөөдөр Засгийн газар төрийн албаны 180 гаруй мянган иргэний л ажил олгогч. 1,2 сая иргэн хувийн байгууллагад  болон хувиараа бизнес эрхэлж байна.

- Хөдөлмөрийн харилцаа ихээхэн өөрчлөгдсөн. Тухайлбал уул уурхайн салбарт гурван талын хөдөлмөрийн харилцаа үүссэн,  уртын ээлжээр ажиллаж эхэлсэн гээд өөрчлөлтүүд гарсан. Хуулийн төсөлд оролцогч талууд сэтгэл хангалуун бус байгаагаа илэрхийлсээр байгаа. Учир нь хууль гарснаар хөдөлмөрийн зах зээлд үүсээд байгаа бүх асуудлыг шийдэж чадахгүй гэлээ.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна