–Хэвлэл мэдээллийн ёс зүйн зарчимд сонгуультай холбоотой шинэ заалт оруулжээ. Энэ ямар учиртай заалт вэ?
-Монголын сэтгүүлчдийн олон талын төлөөллөөс бүрдсэн хурлаар 2015 онд Хэвлэл мэдээллийн зөвлөл байгуулж, Хэвлэл мэдээллийн ёс зүйн зарчим баталснаас хойш анх удаа 1 заалт нэмэгдэж, 10 заалттай боллоо. Шинээр нэмэгдсэн заалт сонгуультай холбоотой. 2016, 2017 онд хоёр удаа сонгууль болсон. Тэр үед ийм заалт оруулах нөхцөл шаардлага үүсээгүй байсан юм.
Энэ удаад яагаад ийм заалт оруулав гэхээр сонгуулийн сурталчилгааны сүүлчийн өдрийн орой намууд, нэр дэвшигчид бие бие рүүгээ дайрсан, нэр хүндэд нь халдсан сөрөг мэдээлэл цацдаг боллоо.
Сонгуулийн шинэчилсэн хуулиар сөрөг сурталчилгаа явуулах боломжийг нэлээд хааж, хатуу заалт оруулсан боловч сөрөг сурталчилгаа явуулах орон зай байсаар байна. Тиймээс Хэвлэл мэдээллийн ёс зүйн зарчимд шинэ заалт оруулах шаардлагатай болсон. Үүнийг 2019 оны 4 дүгээр сарын 27-нд болсон Ёс зүйн хороодын хурлаар хэлэлцэж, дэмжсэн. Сэтгүүлчид маань үүнийг баримталж ажиллах байх аа.
–Тэгэхээр сонгуулийн үеэр хэвлэл мэдээллийнхэн ёс зүйн алдаа гаргавал иргэд, байгууллагууд ХМЗ–д гомдол гаргаж болох нь ээ?
-Болно. Хэнтий аймагт ирэх 6 дугаар сард болох нөхөн сонгуулийн үеэр энэ заалттай холбоотой гомдол ХМЗ-д ирж магадгүй.
–Сонгуулийн сурталчилгаа хаахаас 10 минутын өмнө цацсан мэдээлэлтэй холбоотойгоор гомдол гаргавал ХМЗ хэзээ хэлэлцэж шийдвэрлэх вэ?
-Үүнтэй холбоотойгоор ХМЗ-ийн Гомдол хүлээж авах, барагдуулах журамд бас өөрчлөлт оруулж байна. Сурталчилгаа хаах өдөр хэвлэл мэдээллийн хэрэгслээр гарсан мэдээлэлтэй холбогдуулан, нэг иргэн тэр дороо ХМЗ-д гомдол гаргавал ХМЗ хүлээж авмагцаа тухайн хэвлэл мэдээллийн байгууллагын редакцад хандаж, хариу тайлбарыг нь маш хурдан авч, Ёс зүйн хороо тэр даруй хуралдана. Манай одоогийн журмаар бол редакц тайлбараа ажлын тав хоногт багтааж өгдөг. Сонгуулийн үеэр бол үүнийг нэг хоног болгоно. ХМЗ сонгуулийн үеэр онцгой нөхцөлд ажиллана гэсэн үг.
–Ёс зүйн хороо улиралд нэг удаа хуралддаг. Гэтэл сонгуулийн үеэр гомдол ирсэн даруйд хуралдах нь ээ. Өдөр бүр ч хуралдаж магадгүй юм биш үү?
-Тийм шаардлага гарч магадгүй. Сонгуулийн үеэр ХМЗ-ийн гишүүд мэдээж бүгд завгүй ажилладаг. Тэгсэн ч ажлаа зохицуулаад хуралдах болж байна. Ёс зүйн хорооны гишүүд бүгд цалингүй, сайн дураараа, үндсэн ажлынхаа хажуугаар ХМЗ-д давхар ажилладаг. Сэтгэлийнхээ дуудлагаар ажилладаг. Нэгэнт гомдол ирвэл нэн даруй хуралдаж, гомдлыг хэлэлцээд хариу өгнө. Сонгуулийн сурталчилгаа дуусах үед ч сэтгүүлчид, хэвлэл мэдээллийнхэн ёс зүйтэй байх ёстой.
Хуулиар сурталчилгааны хугацаа дууссан учраас үүнийг авч хэлэлцэхгүй гэж өөрийгөө зөвтгөх явдал байх ёсгүй.
–Сонгуулийн үеийн сурталчилгаанд СЕХ хяналт тавьдаг. Тэднийхтэй ажил үүргийн хувьд давхцах уу?
-СЕХ Сонгуулийн хууль зөрчигдөж байна уу гэдгийг хянаж, түүнтэй холбоотой гомдол хүлээж авдаг. Харин бид зөвхөн сэтгүүлч, хэвлэл мэдээллийн байгууллагын ёс зүйтэй холбоотой гомдлыг хүлээн авч, сэтгүүлч сонгуультай холбоотой мэдээлэл түгээхдээ ёс зүйгээ зөрсөн үү, үгүй юү гэдгийг хянана. Тэгэхээр СЕХ-ны ажилтай давхцахгүй.
–ХМЗ–ийн шийдвэр сонгуулийн сурталчилгаа дуусаж, санал хураахын өмнөх өдөр гарах нь. Тэгэхээр ХМЗ–ийн дүгнэлтийг сонгуулийн сурталчилгаа гэж ойлгох явдал гарах юм биш биз?
-Энэ тухай Ёс зүйн хороодын хурлаар ярьсан л даа. Зөвхөн сэтгүүлчийн ёс зүйтэй холбоотой зүйл учраас тийм асуудал гарах учиргүй. Улс төрийн ямар нэг эрх ашиг байхгүй. Сэтгүүлчийн мэргэжлийн ажлыг л хэлэлцэх тул сонгуульд хамаагүй гэж Ёс зүйн хороо үзсэн.
–Та өөрөө, танай сэтгүүлчид мэдээллийн том агентлагт, цахим орчинд ажиллаж байна. Сэтгүүлчид хэвлэл мэдээллийн байгууллагад харьяалагдаж, тэндээс цалин авч ажилладаг атлаа нийгмийн сүлжээнд давхар ажиллаад байх юм. Сайт, сонин, телевиздээ мэдээгээ өгөхийн өмнө фэйсбүүк, твиттерээр цацчихдаг. Ингэж болох уу? Сэтгүүлчид нийгмийн сүлжээнд биеэ хэрхэн авч явбал зохистой бол?
-3-4 жилийн өмнөхөн л сошиал орчинд мэдээлэл түгээхээр маш хурдан олон хүнд хүрч, маш их баярлаж байсан үе бидэнд бий. “3 сая сэтгүүлчтэй боллоо. Сэтгүүлч хэрэггүй боллоо” гэсэн үг зарим улстөрчийн амнаас гарч байсан. Гэтэл байдал маш хурдан өөрчлөгдөж байна. Сошиалын мэдээлэл дэлхий нийтээр хүмүүсийн оюун санаа, хандлагыг өөрчилж байна. 3-4 жилийн өмнөх тэр хандлага одоо өөрчлөгдсөн. Сошиалаар тарж байгаа мэдээллийг хэн хянах вэ, хэн зохицуулах вэ, энэ үнэн үү гэсэн эргэлзээ үүсчихлээ. Үүнтэй холбоотойгоор, ялангуяа сэтгүүлчид сошиал орчинд биеэ хэрхэн авч явах ёстой вэ? Сошиалын хаяг нь тэр сэтгүүлчийн хувийн хаяг юм уу, эсвэл сэтгүүлчийнх нь орон зай юм уу? гээд маргаантай, зөрчилтэй маш олон асуудал гарч байна. Сая ХМЗ-ийн хурлаар энэ тухай бас яригдлаа.
Хэрвээ тэр хүн сэтгүүлч гээд олон нийтэд танигдчихсан бол сошиал хаяг нь сэтгүүлчийн орон зай гэсэн хандлага давамгай байна.
–Хүмүүс ч ерөнхийдөө тэгж хардаг.
-Тийм. Гэтэл сэтгүүлч өөрийнхөө ажилладаг редакцын контент дээр нэг байр суурь илэрхийлээд, олон нийтийн сүлжээгээр өөр байр суурь илэрхийлэх явдал их гарч байна. Сэтгүүлч хүн хаана ч нэг л байр суурьтай, нэг л үгтэй байх нь зөв гэсэн байр суурьтай гишүүн ХМЗ-д давамгай байгаа. Үүнийг ёс зүй талаас нь томьёолох санал гарсан ч энэ удаад дэмжигдсэнгүй. Харин хэвлэл мэдээллийн хэрэгслийн өөрийнх нь албан ёсны пэйж, твиттер, youtube сувгаар түгээсэн контенттой холбоотойгоор иргэн гомдол гаргавал хүлээж авах санал дэмжигдсэн.
Би хувийн бодлоо хэлэхэд, сэтгүүлч юм бол тэр хүн сошиалд ч ёс зүйтэй мэдээлэл түгээх үүрэгтэй. Тэр сэтгүүлчийн хувийн бодол нь нийтийн эрх ашиг, улс үндэсний эв нэгдэл, тусгаар тогтнолд хамааралтай бол ёс зүйгээр хязгаарлах ёстой.
–Танай сэтгүүлчид нийгмийн сүлжээнд яаж ажилладаг вэ. Үүнийг зохицуулсан уу?
-Манай “Ньюс” агентлагт үүнийг зохицуулсан акт одоогоор алга. Гэхдээ сэтгүүлчдэдээ “Энэ бол та нарын хувийн орон зай биш болж байна. Чамайг сэтгүүлч гэдгээр чинь хүмүүс хандаж байна. Манай агентлагт харьяалагдаж байгаа тохиолдолд чиний сошиал дахь байр суурийг “Ньюс”-ийн байр суурь гэж үзэж байна. Тиймээс хувийн аккаунтаараа байр сууриа илэрхийлэхдээ болгоомжтой, ёс зүйтэй байгаач” гэж зөвлөдөг.
Ер нь хэд хэдэн сайт өөрийн зохицуулалттай болсон байна лээ. Бусад хэвлэл мэдээллийн байгууллага тэдний жишгээр өөр өөрийн редакцдаа үүнийг зохицуулах боломжтой юм билээ.
–Хэвлэл мэдээллийн хэрэгслийн албан ёсны пэйж, твиттер, youtube сувгаар түгээсэн контенттой холбоотой ёс зүйн асуудлыг ХМЗ хэлэлцэхээр болжээ. Тэгэхээр албан ёсных гэдгийг нь хэн баталгаажуулах юм бэ. Яаж мэдэх вэ?
-Энэ их төвөгтэй. “Монгол HD” телевизийн пэйж л баталгаатай, бусад нь баталгаагүй юм байна лээ. Саяхан “Фэйсбүүк” компанийн төлөөлөгчдийг ирэхэд 5, 6 сайт өөрсдийн пэйжээ баталгаажуулахаар хүсэлтээ гаргасан. Тэгэхгүй бол манайхтай адилхан хэрнээ нэг үсэг нь өөр, эсвэл тоо тавьчихсан, зэрвэс харахад “Ньюс”-ийн пэйж гэж харагдахаар пэйж үүсгээд, хуурамч мэдээлэл цацсан тохиолдол нэг биш удаа гарсан. Үүнийг Монголд зохицуулдаггүй юм байна лээ. “Фэйсбүүк” компани өөрөө л зохицуулдаг. Шалгахад маш их цаг ордог, хурдан шийдвэрлэдэггүй юм билээ. “Фэйсбүүк”-т пэйжтэй хэвлэл мэдээллийн байгууллагуудад зөвлөхөд, пэйжээ маш хурдан албан ёсных болгох шаардлагатай юм байна лээ.
–Ёс зүй гэдэг уг нь хүнээр хэлүүлээд, шахуулаад байх зүйл биш. Хүн юм бол ёс зүйтэй байх ёстой. Хүн болоогүй нөхөд л ёс зүйгүй байдаг юм шиг ээ. Харин хааяа алдаа гаргах бол байдаг л зүйл. Ажил дээрээ ёс зүйтэй, гудамжинд, сошиалд ёс зүйгүй байна гэдэг юу гэсэн үг вэ.
-Ёс зүй хаана ч байх ёстой. Зөвхөн редакцад ёс зүй баримтална, олон нийтийн дунд ёс зүй хамаагүй гэж болохгүй. Хэвлэл мэдээлэл бол нийгэмд маш нөлөөтэй салбар.
Бид маш эмзэг бөгөөд чухал талбарт ажилладаг хүмүүс учраас ёс зүйтэй байх нь нийгмийг төлөвшүүлэхэд чухал.
Хэрвээ бид сэтгүүлчдийг хувийн аккаунтдаа ёс зүйгээ баримтал гэж шахвал сөрөг зүйл мэдээж гарна. Бид бүгд мэдэж байгаа. Манай олны танил сэтгүүлчид хувийн аккаунтаараа маш их маргаантай, зөрчилтэй зүйлсийг олон нийтэд түгээдэг. Тэр нь маш их маргаан дагуулдаг.
–Цахим орчинд улстөрчдийн эрх ашгийг гүйцэлдүүлдэг сэтгүүлч цөөнгүй байна. Зарим нь өөрөө ч мэдэлгүй улстөрчдийн гар хөл болж байна. Тэнд сэтгүүл зүй биш, далд зорилготой улс төр л байдаг.
-Цахим орчин дахь мэдээллийг харахаар улстөрчдийн эрх ашиг их байна. Хүнд зөв мэдээлэл түгээхээс илүүтэй, улстөрчид өөрсдийн нөлөөг олонд түгээх таатай талбар болгож ашиглаад байна. 2015 онд Сонгуулийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулаад, хэвлэл мэдээллийн хэрэгслээр явуулах сонгуулийн сурталчилгааг цаг хугацаа, багтаамжаар нь хязгаарласан. Тэгмэгц сонгуультай холбоотой мэдээлэл хязгаарлалтгүй, чөлөөтэй үлдсэн сошиал орчин руу урссан. Тиймээс одоо эрх баригчид сошиалыг зохицуулна гээд эхэллээ. Эрх баригчид зохицуулвал мэдээж өөрсдийнхөө эрх ашигт зохицуулна. Тийм зохицуулалт хийлгэсэн нь дээр үү, сэтгүүлчид өөрсдөө ёс зүйтэй байсан нь дээр үү гэдэг сонголт тулгараад байна.
–Манай сэтгүүлчид лайв (live) их хийдэг боллоо. Ямар үйл явдлаас лайв хийх вэ, ямраас нь болохгүй вэ гэдгээ ялгаж салгахгүй байна. Үүнийг би сэтгүүлчийн ёс зүйг зөрчсөн ажил гэж хараад байгаа юм. Та санал нийлэх үү?
-Маш буруу хандлага тогтох гээд байгаа юм. Лайв бол сэтгүүлч мэргэжлийн ямар ч ажил хийлгүй, боловсруулалгүй, шууд дамжуулчихдаг зүйл. Сэтгүүлчид үүнийг шуурхай гээд нэг нэгнээсээ түрүүлж дамжуулахаар өрсөлдөөд байна. Энэ мэдээллийг хүн яаж хүлээж авах вэ, үүнээс болоод ямар асуудал үүсэх бол, мэдээлэл хийж байгаа хүн далд тоглолт хийж байгаа юм биш үү гэдгийг бодолцох шаардлага үүсчихээд байна. Ялангуяа энэ өвөл УИХ-ын даргыг огцруулах мэтийн олон үйл явдал ар араасаа өрнөж, улс төр халуун, ширүүн байлаа.
Тэр үед лайв хийсэн сэтгүүлчид улстөрчдийн гар хөл болчихсон юм шиг л харагдсан. Улстөрчдийн хүслийг сэтгүүлчид биелүүлсэн. Зүгээр л хэрэгсэл болоод ашиглагдчихсан.
Үүн дээр сэтгүүлчид, редакцууд болгоомжтой хандаач ээ. Олон нийтэд зориулсан, хөтөлбөр нь тодорхой, хүмүүст өгөх мэдээлэл, зорилго нь тодорхой, эерэг үйл явдлаас лайв хийхэд асуудалгүй. Гэтэл улстөрчдийн мэдэгдлийг лайваар дамжуулах нь их ноцтой. Түүнийг үзсэн хэрэглэгч юу ойлгох ёстой вэ. Сэтгүүлчийн, редакцын байр суурь хаана байна. Сэтгүүлч тэнд мэргэжлийн ямар ажил хийв. Тэнцвэртэй мэдээлэл хаана байна?
Улстөрч юу ч хийж магадгүй. Далд санаатай мэдээлэл түгээж, хүн гүтгэж, ёс зүйгүй үг хэлж мэднэ. Тийм зүйлийг шууд дамжуулбал аюултай. Дэлхий даяар бидэн шиг олон сэтгүүлч ажиллаж байгаа. Тэд бидэн шиг ингэж замбараагүй лайв хийхгүй байна. Төрийн тэргүүн, Ерөнхий сайдыг үг хэлэхэд л лайв хийдэг. Бусад улстөрчдийн мэдэгдэл, хэвлэлийн хурлаас лайв хийдэггүй. Лайвыг хэзээ, хаанаас хийх ёстой вэ гэдгийг сэтгүүлчид бодох ёстой. Редакцууд үүнийг хянаж, бодлоготой хандах шаардлагатай.
Сэтгэгдэл бичигдээгүй байна