Эрүүл мэндийн хөгжлийн төвөөс аймаг, сумын эрүүл мэндийн байгууллагын уламжлалт анагаах ухааны эмч, мэргэжилтнүүдийг чадавхжуулах эмнэл зүйн сургалтыг ЭМЯ болон уламжлалт анагаах ухааны эмнэлгүүдтэй хамтран Улаанбаатар хотод 2022 оны 12 сарын 7,8-ны өдрүүдэд амжилттай зохион байгуулж нийт 250 хүн хамрагдлаа.
Сургалтыг Эрүүл мэндийн яамны Эмнэлгийн тусламж, үйлчилгээний газрын дарга Ж.Нарангэрэл нээж үг хэлсэн.
Мөн Монгол Улсад Уламжлалт анагаах ухааныг дэлгэрүүлэхэд үнэтэй хувь нэмрээ оруулсан Ниппон сангийн гүйцэтгэх захирал Мори Юүжи мэндчилгээ дэвшүүлэн хэлэхдээ: “ЭМЯ, ЭМХТ-өөс зохион байгуулж буй орон нутгийн уламжлалт анагаах ухааны эмч мэргэжилтнүүдийг чадавхжуулах сургалтад мэндчилгээ дэвшүүлэх боломжийг олгосон Эрүүл мэндийн сайд С.Энхболд, Эрүүл мэндийн хөгжлийн төвийн Б.Нарантуяа захиралд талархал илэрхийлье!
Япон улсын Ниппон сангийн санхүүжилтээр 2004-2014 онд Монгол Улсад Уламжлалт анагаах ухааны дэлгэрүүлэх төслийг амжилттай хэрэгжүүлэн 8 аймгийн 35 сумын 20,000 өрх хамрагдан, аймаг, сум болон багийн 300 гаруй эмч, мэргэжилтнүүдийг тасралтгүй сургахын зэрэгцээ, уламжлалт анагаах ухааны ойлголтыг иргэдэд хүргэж, ойлгуулахад бага ч гэсэн хувь нэмрээ оруулсан бол манай төслийн зорилго биелсэн гэж боддог.
Төсөл хэрэгжиж дуусаад 10 жил өнгөрсөн ч энэ хугацаанд ЭМЯ-ны дэргэд Уламжлалт анагаах ухааны мэргэжлийн салбар зөвлөл байгуулагдахаас гадна 2014 онд Монгол анагаах ухааны төв эмнэлэг, 2016 онд Монгол анагаах ухааны олон улсын сургууль нээгдсэн нь уламжлалт анагаах ухаан Монгол Улсад эрчтэй хөгжиж буйг илэрхийлж байна” хэмээн онцлон тэмдэглэсэн.
Сургалтын 2 дах өдөр нийт оролцогчдыг Удирдлагын болон Эмнэл зүйн чиглэлээр 5 багт хуваарилан дадлага сургалтыг зохион байгуулсан.
21 аймгийн ЭМГ-ын уламжлалт анагаах ухааны асуудал хариуцсан мэргэжилтнүүд, Уламжлалт анагаах ухааны төвийн дарга, БОЭТ, аймгийн нэгдсэн эмнэлгийн уламжлалтын тасгийн эрхлэгч болон сумын эрүүл мэндийн төвийн дарга нарыг Удирдлагын багт хуваарилан эмнэлгийн бие даасан гүйцэтгэлийн санхүүжилт, чанар, аюулгүй байдлын талаар мэдлэг олгох сургалтыг ЭМЯ дээр зохион байгуулан 70 гаруй удирдах түвшний менежерүүд оролцож, мэдлэг ур чадвараа дээшлүүлсэн байна.
Мэдрэлийн өвчний оношилгоо, эмчилгээний чиглэлээр Монгол анагаах ухааны төв эмнэлэгт, Үе мөчний өвчний оношилгоо, эмчилгээний чиглэлээр Монг ЭМ эмнэлэгт, Элэгний өвчний оношилгоо, эмчилгээний чиглэлээр Уламжлалт анагаах ухааны технологийн хүрээлэнгийн эмнэлэгт, Бөөрний өвчний оношилгоо, эмчилгээний чиглэлээр Манба Дацан нэгдсэн эмнэлэгт дадлага сургалтыг зохион байгуулан эмч нарт уламжлалт эмийн үйлдвэр, эмнэлгийн үйл ажиллагааг танилцуулан, өвчний тохиолдлууд дээр ажиллах, өвчтөн үзэж, оношлон, эмчилгээний зарчим болоод баримтлах зүйлсийн талаар харилцан ярилцаж эмнэл зүйн ур чадвараа ахиуллаа.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна