Э.Эрдэнэжамьяан: Дамба-Очир "Оюутолгойтой" ямар холбоотойг нэн яаралтай шалгаж, хэрэг үүсгэх ёстой


Нийслэлийн МАХН-ын хорооны дарга Э.Эрдэнэжамъян цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.

Тэрбээр Оюутолгойг шалгасан УИХ-ын Ажлын хэсэгт үүсээд байгаа асуудалтай холбогдуулан ийнхүү ярьсан юм.  “Ажлын хэсгийн шалгалт, дүгнэлт улсын нууцын зэрэглэлтэй байгаа. Гэтэл МАНАН-гийн үлдэгдэл болсон УИХ-ын гишүүн Д.Дамба-Очир "Оюутолгой" компанид УИХ-ын Ажлын хэсгийн эцэслээгүй дүгнэлтийг урьдчилан өгч, улсын нууцыг задруулсан байна. Энэ бол Эрүүгийн хуульд заасан ноцтой гэмт хэрэг. Улсын нууцыг задруулаад зогсохгүй тагнуул хийж, эх орноосоо урвасан гэмт хэрэг болно. Монгол Улсын төрийн эрх барих дээд байгууллага дотор гадаадын байгууллагын тагнуулаар ажилладаг хүн байгаа нь илчлэгдлээ. Д.Дамба-Очир гэдэг хүн 2008 оны УИХ-д байсан, Оюутолгойн гэрээг байгуулахад оролцсон хүн. Тэр утгаараа Оюутолгой компаниас хамаарал бүхий компаниараа дамжуулан ажил үйлчилгээ авах замаар авлига авсан байж болзошгүй.

Өнгөрсөн жил өөрөө ашиг сонирхлын зөрчилтэй гээд Ажлын хэсгийн ахлагчаас татгалзаж  байсан. Гэтэл  Ажлын хэсэгтээ үргэлжлүүлж ажиллаад, мэдээллийг задруулсан нь ноцтой гэмт хэрэг. Тиймээс УИХ-аас томилогдсон Ажлын хэсгийн нууцыг задруулсан үндэслэлээр энэ хүнд хариуцлага тооцохыг шаардаж байна. Мөн тагнуулын байгууллага Д.Дамба-Очир гэдэг хүн Оюутолгойтой ямар холбоотой гэдгийг нэн яаралтай шалгаж, хэрэг үүсгэх ёстой” гэв.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна