Г.Батхүү агсаны үхлийн шалтгаан юу вэ!


Өнгөрсөн баасан гарагийн орой Төрийн ордонд хүн нас барсан гэх мэдээлэл цацагдсан. Төд удалгүй төр нийгмийн зүтгэлтэн нэрт Ардчилсан намын дэд дарга Г.Батхүү болох нь тогтоогдсон юм.  Харамсалтай хэрэг гарсан даруйд Ардчилсан гурван Д.Эрдэнэбат, Дэлгэрмаа, Х.Тэмүүжин нараар ахлуулсан ажлын хэсэг байгуулсан. Мөн тус намаас мэдэгдэл гаргасан юм.

 

 АН: Гадны нөлөөтэй байж болзошгүй

АН  мэдэгдэлдээ “Ардчилсан Намын Дэд дарга Гаваагийн Батхүү нь 2019 оны 5 дугаар сарын 17-ны өдөр 19 цагийн орчим Төрийн ордонд учир битүүлгээр амь насаа алдсан цочирдом үйл явдал боллоо.

Тэрээр тухайн өдөр Төрийн ордонд болсон “Торгоны зам” олон улсын автораллиг зохион байгуулах ажлын хэсгийн хуралд 15.00-18.00 цагийн хооронд оролцсон юм.

Төрийн тусгай хамгаалалттай, онцгой объект болох Төрийн ордны баруун жигүүрт өндрөөс унасан байх магадлалтай, амь насаа алдсан нь гадны нөлөөтэй байж болзошгүй гэсэн хардлагыг төрүүлж байна. Төр нийгмийн зүтгэлтэн агсан учир битүүлгээр амь насаа алдсан энэ хэргийн талаар холбогдох хууль хяналтын байгууллага одоог хүртэл тодорхой мэдээлэл өгөлгүй, хэвлэлд хаалттай байна.

Түүний хувьд хууч өвчин байхгүй, хамгийн сүүлд 2019 оны 4 дүгээр сард бүх төрлийн шинжилгээ оношлогоонд хамрагдаж, эрүүл мэндийн хувьд ямар нэг өвчингүй гэдэг нь нотлогдсон байсан юм.

Ардчилсан Намын Дэд дарга ажил үүргээ гүйцэтгэж явахдаа төрийн ордонд сэжигтэй байдлаар амь насаа алдсан шалтгааныг үнэн зөвөөр, нэн яаралтай тогтоож, учир шалтгааныг ард түмэнд нээлттэй мэдээлэхийг шаардаж байна” гэсэн юм.

Прокурор: Хөндлөнгийн мэргэжлийн шинжээч оруулахгүй

Ардчилсан намыхан ийнхүү талийгаачийн үхэл гадны нөлөөтэй байж болзошгүй гэж үзсэн учраас  талийгаачийн үхлийн шалтгааныг тодруулах Х.Тэмүүжингээр ахлуулсан ажлын хэрэг байгуулагдсан. Тус ажлын хэсгээс болон талийгаачийн гэр бүлийн зүгээс задлан шинжилгээнд хөндлөнгийн мэргэжлийн шинжээч оруулах хүсэлт тавьсан ч татгалзсан хариулт авчээ. Энэ талаар АН-аас “Талийгаачийн гэр бүлийн зүгээс Задлан шинжилгээнд нь хөндлөнгийн мэргэжлийн шинжээч оруулах хүсэлт тавьсан боловч Прокурор татгалзсан хариу өгөв” хэмээн мэдээлсэн юм.

ЦЕГ: Хуулийн хүрээнд шалгалтын ажиллагаа явагдаж байна

Түүнчлэн АН-ынхан мэдэгдэлдээ “Төр нийгмийн зүтгэлтэн агсан учир битүүлгээр амь насаа алдсан энэ хэргийн талаар холбогдох хууль хяналтын байгууллага одоог хүртэл тодорхой мэдээлэл өгөлгүй, хэвлэлд хаалттай байна. Түүний хувьд хууч өвчин байхгүй, хамгийн сүүлд 2019 оны 4 дүгээр сард бүх төрлийн шинжилгээ оношлогоонд хамрагдаж, эрүүл мэндийн хувьд ямар нэг өвчингүй гэдэг нь нотлогдсон байсан юм” хэмээсэн. Тэгвэл ЦЕГ-аас хэргийн талаар товч мэдэгдэл гаргасан. Ингэхдээ цахим хуудсуудаар ташаа мэдээлэл явж байгааг анхааруулав. “2019 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 19:57 минутад цагдаагийн байгууллагад "Төрийн ордны 1 давхрын баруун жигүүрт хүн нас барсан байна" гэсэн дуудлага ирсний дагуу НЦГ-аас жижүүрийн шуурхай бүрэлдэхүүн хэргийн газарт шуурхай очиж хэргийн газрын үзлэгийг явуулсан. УИХ-ын гишүүн асан Г.Батхүү амь насаа алдсан хэрэг НЦГ-ын Мөрдөн шалгах газарт прокурорын байгууллагын хяналтад хуулийн хүрээнд шалгалтын ажиллагаа явагдаж байгаа. Олон нийтийн сүлжээгээр энэ хэрэгтэй холбоотой худал ташаа мэдээлэл гарч олон нийтийг төөрөгдүүлж байгаа тул та бүхэн анхаарна уу” гэсэн юм.

АН-ын гишүүд: Хэн буруутай вэ...?

Ардчилсан намын гишүүд болоод ард иргэд талийгаачийн үхэлд хэн буруутай вэ гэсэн асуулт ихээр тавьж байна. Зарим нэг нь өөр өөрсдийнхөөрөө тайлбарлацгааж байна. Тодруулбал УИХ-ын гишүүн асан Ц.Оюунгэрэлийн дүү Ц.Бат АН-ын гишүүн. Твиттерт идэвхтэй байдаг тэрбээр нэгэн ноцтой  байж болзошгүй мессэж дэлгээд “17-ны орой ийм мэссэжээр зарим хүмүүс хоорондоо харилцсан бололтой. Дотроо л нэг юм болсон юм шиг байна даа. АН-с гаръя даа. Энэ нам нэг л биш болчихлоо” хэмээн тайлбар хийжээ. Түүний дэлгэсэн  мессэжээс харвал талийгаач амиа алдахынхаа өмнө АН-ын дарга С.Эрдэнийн өрөөнд орж архи ууж байгаад гарчээ. Мөн тэрбээр тус мессэжийг АН-ын гишүүн өгсөн бөгөөд С.Эрдэнийн өрөө унасан байж болзошгүй шаттай ойрхон байдаг тухай жиргэсэн байна. Харин түүний энэ жиргээг АН-ын нарийн бичгийн дарга О.Магнай “17-ны оройны зураг. Бат гэж энэ нөхөр АН-д ч байхгүй. Гүтгэлгээ зогсооно уу” хэмээн няцаасан байна.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна