АН: Г.Батхүү агсан гадны нөлөөгөөр өндрөөс унаж, амь насаа алдсан нь улам бүр тодорхой болж байна


УИХ дахь Ардчилсан намын Зөвлөл өнөөдөр ээлжит хуралдаанаа хийж, хоёр асуудлыг хэлэлцжээ. Тодруулбал, өнгөрөгч баасан гарагийн чуулганы хуралдаанд Ерөнхийлөгч Х.Баттулга оролцож, үг хэлэхдээ УИХ-ыг өөрөө тарах санаачилгыг дахин гаргаж буйгаа мэдэгдсэн. Тэгвэл энэхүү санаачилгыг АН-ын зөвлөл дэмжиж байгаагаа илэрхийллээ. Мөн УИХ-ын гишүүнээр гурван удаа сонгогдон ажиллаж байсан, УИХ-ын дэд дарга асан Г.Батхүү агсны амиа алдсан асуудлыг хэлэлцжээ. Энэ талаар "Шүүх эмнэлгийн урьдчилсан дүгнэлт, хэрэгт авагдсан холбогдох нотлох баримтууд, хэрэгт хамаарал бүхий хүмүүсийн олон нийтэд хандсан мэдэгдлүүдээс үзэхэд өнөөдрийн байдлаар Г.Батхүү агсан гадны нөлөөгөөр өндрөөс унасан гэмтлүүдийн улмаас амь насаа алдсан нь улам бүр тодорхой болж байна" гэж АН-ын зөвлөл мэдэгдлээ.

Улмаар, парламентад суудалтай улс төрийн сөрөг хүчний намын дэд дарга Төрийн ордонд амиа алдчихаад байхад хууль хяналтын байгууллага шалгаж байна гэхээс өөр мэдээлэл өгөхгүй байгаа нь эргэлзээ төрүүлж байгаа аж. Тиймээс өдгөө Монгол Улсын хуралдаж буй Олон улсын парламентын холбоогоор дамжуулан олон улсын холбогдох мэргэжлийн байгууллагын туслалцаа дэмжлэгийг зохих журмын дагуу авах талаас дэмжлэг үзүүлж өгөхийг хүссэн албан ёсны хүсэлтээ УИХ-ын дэд дарга Л.Энх-Амгаланд хүргүүлсэн байна.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна