28 цэцэрлэг эрхлэгчгүй, 58 цэцэрлэг мэргэжлийн багшгүй байна


НМХГ-аас төрийн болон төрийн бус сургуулийн өмнөх боловсролын байгууллага, цэцэрлэгүүдэд  хийсэн төлөвлөгөөт шалгалтын талаар өнөөдөр мэдээлэл хийлээ.

Энэ жилийн төлөвлөгөөт шалгалтад 274 цэцэрлэгийг хамруулж,  нийт 1799 зөрчил илрүүлсэн байна. Үүнээс  614 буюу 34 хувийг сургалтын орчинтой холбоотой зөрчил эзэлж байна. мөн боловсролын нийтийн чиглэлээр шалгасан 109 байгууллагаас 32 цэцэрлэг сургалтын ажил эрхлэх тусгай зөвшөөрлийн зөрчилтэй, 28 цэцэрлэг нь эрхлэгчгүй, 58 цэцэрлэг мэргэжлийн багшгүй, төрийн бус 36 цэцэрлэг цэцэрлэгийн зориулалтын байргүй,  92 цэцэрлэг нь гадна тоглоомын талбай болон биеийн тамирын талбайгүй 37 цэцэрлэг сургалтын техник хэрэгсэл дутуу гэсэн зөрчилтэй гарчээ.

Шалгалтад хамрагдсан цэцэрлэгүүдээс 93 цэцэрлэгийн сургалтын чанар хүүхэд төлөвшүүлэх ажлыг үр дүнг хэлэлцэж үүнд үнэлэлт дүгнэлт өгөх чиглэлд цэцэрлэгийн өөрийн удирдлагаар хангаагүй, эрхлэгчийн үйл ажиллагаанд хөндлөнгийн хяналт тавих боломжгүй гэсэн дүгнэлт гарсан байна. Мөн эрүүл ахуй хадгалах хамгаалах чиглэлээр 105 цэцэрлэгийг шалгалтад хамруулжээ. Үүнээс төрийн өмчийн цэцэрлэгийн 15 хувь нь барилга байгууламж хуучирч, дээвэр, хана, дулаан, цэвэр бохир усны сантехник шугам хоолой, цахилгаан агааржуулалтын систем элэгдэлд орсон, засвар үйлчилгээ хангалтгүй хийгдсэн зөрчилтэй байна. Энэ нь эрүүл ахуй нөхцөл алдагдаж, хүүхдийн эрүүл мэнд аюулгүй байдалд сөрөг нөлөөтэй гэсэн дүгнэлт гарсан байна.

Шалгалтад хамрагдсан төрийн өмчийн цэцэрлэгүүд хүчин чадлаасаа 1,2-2,5 дахин их хүүхэд хүлээн авдаг гэсэн судалгаа гарсан байна. Энэ халдвар хамгааллын дэглэм алдагдах, бага насны хүүхдийн дунд халдварт өвчин тархах, багш ажилчдын хөдөлмөрийн чадварт нөлөөлөх нөхцөл үүсч байгааг энэ үеэр онцоллоо.

Эцэг эхчүүдээс сургуулийн өмнөх боловсролын байгууллагаас ирдэг хамгийн их гомдлын нэг нь хүүхэд зодох зөрчил байдаг. Хүүхэд зодсон, хүүхдийн халдашгүй байх эрхэд халдсан хэргийг харьяаллын дагуу цагдаагийн байгууллагад шилжүүлдэг гэв. Харин хяналт шалгалтаар илэрсэн зөрчил дээр Зөрчлийн тухай хуулиар арга хэмжээ авдаг байна. Зөрчлийн тухай хуулиар төрийн бус цэцэрлэг дээр зөрчил дутагдлыг арилгуулах, торгуулийн арга хэмжээ авдаг бол төрийн өмчийн цэцэрлэгт зөвхөн сануулах арга хэмжээг авах боломжтой аж.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна