Эрх мэдэл авсан улстөрчдийн хамгийн том саалийн үнээ “Эрдэнэт” байсан бол харин одоо “Эрдэнэс тавантолгой” ХК болжээ. Байгуулагдсанаасаа хойш түүхэндээ бараг анх удаа өнгөрсөн онд ашигтай ажиллаж улсын төсөвт Эрдэнэтээс илүү мөнгө төвлөрүүлж чадсан билээ. Өнгөрсөн жил 720 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажиллаж 1072 хувьцаа эзэмшигч иргэдэд ногдол ашиг тараана хэмээн мэдэгдсэн. Гэвч Засгийн газар үүнийг нь төмөр замын бүтээн байгуулалтад зарцуулахаар шийдсэн. Энэ оны эхний улирлын байдлаар л гэхэд “Чалко” компанид нэг тонн нүүрсний үнийг 2,5 дахин өсгөж 63,32 ам доллараар нийлүүлж эхэлсэн гээд сайхан мэдээгээр дүүрэн байгаа. Энэ мэтчилэнгээр “Эрдэнэс тавантолгой” компани эдийн засагт чухал байр суурь эзлэхтэй зэрэгцээ эрх мэдэлтнүүд компанийн удирдлагад өөрсдийн нөлөө байр сууриа тогтоох гэж эрх мэдлийн тэгш хуваарилалтыг хийжээ. Энэ нь цаашид компанийн удирдлагын түвшинд үл ойлголцол үүсгэн сөргөөр нөлөөлж магадгүй болжээ. Дайран дээр давс гэгчээр Уул уурхайн сайд Д.Сумьяабазар хамгийн сүүлд хийлгэсэн хэвлэлийн бага хурал дээр “ЭТТ компанийн 30 хувийг олон улсын бирж дээр арилжих гэж байгаатай холбоотойгоор тус компанийн ТУЗ болон удирдлагын багийг дахин шинэчилж, бүтэц зохион байгуулалтын өөрчлөлт хийнэ” хэмээн мэдэгдсэн.
Олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн “Bloomberg awards”-аас шилдэг менежментийн шагналыг авсны дараа ийнхүү мэдэгдсэний цаана ямар учир байна вэ? Улс төрийн шалтгаан байна уу, эрх мэдлийн дахин хуваарилалт явуулах гэж байна уу? Асуудал ЭТТ компанийн гүйцэтгэх захирал Б.Ганхуягт байна уу, Уул уурхайн сайд Д.Сумьяабазарт өөр ашиг сонирхол байна уу?
“Эрдэнэс тавантолгой” компани гүйцэтгэх захирлаас гадна 6 дэд захиралтай аж. Бизнесийн удирдлагын газар, Стратеги, хөгжлийн газар, Ерөнхий удирдлагын газар, Эдийн засаг, санхүүгийн удирдлагын газар, Хууль, эрх зүйн газар болон Үйлдвэрлэл, уул уурхай хариуцсан гээд зургаан дэд захирал нь дотроо Ерөнхийлөгч, Ерөнхий сайд бас Уул уурхайн сайдынх гэсэн 3 фракцаас бүрддэг гэнэ. Бүгд л томчуудын гарын хүмүүс болохоор дор бүрнээ том толгойтой. Ганц асуудлыг шийдэх гэхээр 3 тийшээгээ хараад ,бие биенийгээ хэн нь яах нь вэ гэж анаад, хардаад, барьцаад хэвчихдэг гэж байгаа. Өөр өөрсдийн газраа хувийн компани шигээ л “хувьчлаад” бүгд “даам” гарчихсан аж. “Эрдэнэс тавантолгойн” гүйцэтгэх захирал Б.Ганхуягийг Ерөнхий сайд томилсон. Энэ утгаараа түүнийг У.Хүрэлсүхийн хүн гэдэг. Харин бусад дэд захирлын томилгоонуудад эрхтэн дархтанууд шууд болон шууд бусаар оролцож, өөрсдийн хүмүүсийг дэд захирал болгоцгоожээ. Тухайлбал, Уул уурхай, үйлдвэрлэл хариуцсан дэд захирал Г.Дэлгэрбаяр нь Ерөнхийлөгч Х.Баттулгын “бөхийн” найз бол Хууль, эрх зүйн газрын захирал Н.Баярчимэг нь Уул уурхайн сайд Д.Сумьяабазарын шахааны хүн аж. Хэд хоногийн өмнө Хууль, эрх зүйн газар хариуцсан дэд захирал Н.Баярчимэг нь жирэмсний амралтаа авах болжээ. Төрийн өмчит компанийн хувьд төрийн байгууллагын хууль, журмаар 2 орлогчийнх нь нэгийг үүрэг гүйцэтгэгчээр томилохоор болж. Гэтэл өнөөх нь өөрийнхөө үүрэг гүйцэтгэгчийг өөрөө шийднэ гээд өөр төрийн байгууллагад ажиллаж байсан хүнийг авчираад Хууль, эрх зүйн хариуцсан дэд захирлын үүрэг гүйцэтгэгчээр томилуулжээ. “Эрдэнэс тавантолгой” бол төрийн өмчит компани. Гэтэл Д.Сумьяабазарын хүн гэгддэг энэ эмэгтэй сайдын нэрээр далайлган “Эрдэнэс тавантолгой” компанид АСА циркийн эзэн мэт даам гарч төрийн компанийн удирдлагыг хувийн компани шиг өв залгамжуулах эхлэлийг ийнхүү тавьжээ. Өнөөдөр хууль эрх зүйн газрыг, маргааш “Эрдэнэс тавантолгой” ХК-ийг өв залгамжлуулан өөрсдийн хүнээр удирдуулах уу , Уул уурхайн сайд аа?
“Эрдэнэс тавантолгой” ХК бол ард түмний хувьцаа эзэмшдэг цорын ганц компани. Тийм учраас сонгуулийн 4 жилийн циклээр томилогддог хэн нэг сайдын томилгооны хүмүүсээр “Эрдэнэт” шиг дүүрэх ёсгүй. Энэ жил, ер нь сүүлийн 2 жил эдийн засгийн хувьд ашигтай ажиллаж байгаа. Үүнд мэдээж удирдлагын зөв менежмент, зөв бодлого гээд олон зүйл нөлөөлсөн л байх. Гэхдээ үүнээс илүүтэй гадаад талаас нүүрсний зах зээлд таатай нөхцөл үүссэн гэдгийг хүлээн зөвшөөрөхөөс аргагүй. Манай сонгуулийн 4 жилийн цикл шиг хэдхэн жилээр үргэлжилж, өгсөж урууддаг нүүрсний “сайхан ааш” цааш хэр удаан үргэлжлэхийг таашгүй. Тиймээс гадаад орчинд бүрдсэн таатайн үеийг энэ мэт хэдхэн хүний хувийн амбиц, эрх мэдлийн хуваарилалтаас болж дахин алдмааргүй байна шүү Д.Сумьяабазар сайд аа? Хэн нэгнийг дарга, захирлаар томиллоо гээд төрийн байгууллага, тэр тусмаа төрийн өмчит энэ том компанид хүн бүр “хувийн амбиц”-гаргаад байвал “Эрдэнэс тавантолгой” тун удахгүй 5 хэсэг хуваагдаж магадгүй нь байна шүү.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна