ШИНЭ ТӨМӨР ЗАМ ТАВИХ ХҮСЭЛ ба ШИНЭЧЛЭЛИЙН ТЭРГҮҮНИЙ ХЯСАЛ

2093

Дэлхийн банкны зөвлөх Ричард Баллок Тавантолгойн ордоос Гашуунсухайтын боомт руу нарийн царигтай төмөр зам тавих нь хамгийн ашигтай хувилбар гэж 2008 онд Засгийн газрын захиалгаар хийсэн “Говийн өмнөд бүсийн тээврийн дэд бүтэц” судалгаандаа дүгнэсэн байдаг. Тэрбээр говийн бүсийн уурхайнуудаас Хятад руу нарийн царигтай (1435 мм) төмөр зам тавих, харин ОХУ-ын сүлжээтэй холбогдох төмөр замаа өргөн (1520 мм) царигаар барих нь зүйтэй гэсэн бодлогын үндсийг үүгээр гаргаж тавьсан. Гэвч тухайн үеийн Барилга, хот бай гуулалт, зам, тээврийн сайд Х.Баттулга тэргүүтэй улстөрчид Хятад руу нарийн царигтай төмөр зам тавих түүний саналыг эрс эсэргүүцэн, “Төрөөс төмөр замын талаар баримтлах бодлого”-д Монголын төмөр замын сүлжээний цариг өргөн байх ёстой гэж тусгах үндэслэл гарган дэмжүүлсэн юм. “Төрөөс төмөр замын талаар баримтлах бодлого”-ыг УИХ-аар хэлэлцэж эхлэх үеэс цариг өргөн, нарийн байна гэсэн маргаан дэгдсэн. Х.Баттулга сайдын талыг баримтлагчид геополитикийн үүднээс нь харвал цариг өргөн байх нь зүйтэй хэмээн байр сууриа хамгаалсан бол бизнесийнхэн нарийн нь ашигтай хэмээн санал зөрөлдөж байв. Гурван жил үргэлжилж, нийгмийг хагаралдуулсан “царигийн маргаан” УИХ-аар дахин хэлэлцэх шийдвэр гарснаар түр намжсан юм.

Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр төмөр замын царигийн хэмжээг шийдвэрлэх тогтоолын төслийг өнгөрсөн лхагва гаригт УИХ-д өргөн барьсан нь царигийн хэмжээг олны анхаарлын төвд дахин авчирлаа. Тогтоолын төсөлд Таван -толгой–Гашуунсухайт, Сайншанд– Замын-Үүд, Хөөт–Бичигт чиглэлийн төмөр замын шинэ шугамыг 1435 мм-ийн царигтайгаар, Могойнгол– Эрдэнэт, Тавантолгой–Сайншанд– Баруун-Урт–Хөөт–Чойбалсан, Хөөт–Нөмрөг чиглэлийн төмөр замын шинэ шугамыг 1520 мм-ийн царигтай гаар барина гэж тусгажээ. Засгийн газар зургаан жил будилсны эцэст Баллокийн гаргаж тавьсан үндэслэлийг зүтгүүлэхээр шуудрав.

“Өргөнийг дэмжигчид” өөрсдийнхөө үзэл бодлыг баталж, нотолсон мэдээ сэлтээрээ хэвлэлийн хуудсыг дүүргэдэгсэн. Гэтэл энэ удаа анир чимээ алга. Тэд ялагдлаа хүлээн зөвшөөрсөн бололтой. Улс төрийн хөшигний ард ярилцаж, тохиролцоод бууж өгсөн байх ч магадлалтай. Юутай ч Монгол өргөн ба нарийн гэсэн хоёр царигтай төмөр замын сүлжээ барьж мэдэх нь. Саяхан “Монголын төмөр зам” компанийн хэрэгжүүлж буй “Шинэ төмөр зам” төслийн барилгын ажлын санхүүжилт тасрах дөхсөнийг сонслоо. Төмөр зам тавих хэрэгтэй, энэ бол бидэнд ашигтай төсөл. Үүнтэй хэн ч санал зөрөхгүй. Шинэ төмөр зам төсөл хэрэгжсэнээр нүүрсний тээврийн өртөг хоёр дахин буурах тооцоотой. Тавантолгойн ордод тонн коксжих нүүрс 30-38 ам.долларын үнэтэй байна. Хэрвээ төмөр замтай байсан бол тус ордоос тонн нүүрсийг 50 ам.доллараар борлуулах боломжтой юм. Эдийн засаг, нийгмийн чухал ач холбогдолтой төсөл гэдгийг нь хүн бүр ярьж, “төмөр замаа хурдан барья” гэсэн үг амны уншлага болж байна. Гэтэл “Шинэ төмөр зам” төсөл тогтвортой бодлого, чигч шулуун үзэл баримтлалаар хэрэгжих тавилангүй гэлтэй. Энэ төслийг хэрэгжүүлэх судалгааны ажилд Хөгжлийн банкнаас 55 сая ам.доллар зарцуулах Засгийн газрын шийдвэр 2011 онд гарсан байдаг. Гэтэл энэ санхүүжилтийг хоёр жилийн дараа олгож байлаа. Бодлого, хөрөнгө гээд төмөр зам барихад хөшүүрэг болох зүйлсэд улс төрийн хүрээнийхэн саад хийдэг ужиг хууч үргэлжлэх нь.

Ер нь энэ төслөөс улс төрийн хар, хор салахгүй янзтай. Царигийн хэмжээнээс гадна хэнээр төмөр зам бариулах вэ гэдэг сонголт том маргаан дэгдээсэн удаатай. Үндэсний аюулгүй байдлын зөвлөмжид “Шинэ төмөр зам” төслийг төрийн өмчийн оролцоо давамгайлсан аж ахуйн нэгж байгуулж хэрэгжүүлнэ гэж заасан байдаг. Үүний дагуу “Монголын төмөр зам” төрийн өмчит компани байгуулан төмөр зам барих тусгай зөвшөөрөл олгосон. Гэтэл тухайн үеийн Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн гишүүн, Ерөнхий сайд асан Сү.Батболд гэнэт шийдвэрээ өөрчлөн “Монголын төмөр зам” компанийн тусгай зөвшөөрлийг цуцалж, Тавантолгойгоос Гашуунсухайт хүртэлх төмөр замыг “Энержи ресурс”, Тавантолгойгоос Сайншанд хүртэлх хэсгийг “Дорнын төмөр зам”, “Дэд бүтцийн хөгжил” компаниар бариулж, эзэмшүүлэх концессийн гэрээ байгуулсан юм. Хувийн хэвшийнхэн ажлаа эхлээд удаагүй байтал Шинэчлэлийн Засгийн газар байгуулагдан концессийн гэрээг цуцлан, төмөр зам барих тусгай зөвшөөрлийг “Монголын төмөр зам” компанид эргүүлэн олгосон билээ. Хувийн хэвшлийн хийсэн ажлыг төр дээрэмдсэн гэсэн үгийг сөрөг хүчнийхэн одоог хүртэл дэвэргэсээр байгаа. Харин концессийн гэрээ байгуулсан гурван компани дээрэм дүүллээ гэж дуугараагүй бөгөөд оруулсан хөрөнгийнхөө төлбөрт “Шинэ төмөр зам” төслөөс хувь эзэмшихээр хэлэлцээр хийж буй гэнэ лээ.

Уг нь “Шинэ төмөр зам” төслийг хэрэгжүүлэхэд Засгийн газрын үнэт цаас гаргаж “босгосон” хөрөнгөөс 400 сая ам.доллар олгоно гэж заажээ. Тэгээд эхний ээлжинд 200 сая ам.долларыг Хөгжлийн банкнаас авахыг зөвшөөрсөн байна. “Монголын төмөр зам” компани Хөгжлийн банкнаас 173 сая ам.доллар авч, Тавантолгой-Чойбалсан чиглэлийн төмөр замын судалгаа, Тавантолгойгоос Гашуунсухайт хүртэлх төмөр замын далангийн 70 хувийг барих, далан барихад шаардлагатай материалын үйлдвэрүүд байгуулахад зарцуулжээ. Тус компанид Хөгжлийн банкнаас 27 сая ам.доллар авах эрх бий. Туслан гүйцэтгэгч компаниудын ажлын хөлсийг нэг удаа олгоход л энэ мөнгө дуусах гэнэ. Дахиад санхүүжилт өгөхгүй бол туслан гүйцэтгэгч компаниуд ажилдаа гарахгүй нь мэдээж. Зам, тээврийн сайд А.Гансүх 400 саяас үлдэж буй 200 сая ам.долларын санхүүжилтийг олгохыг хүсчээ. Гэтэл түүнд татгалзсан хариу өгсөн байна. Тэрбээр ярилцлага өгөхдөө “Эдийн засгийн хөгжлийн яам, Хөгжлийн банк мөнгөгүй болсон гээд “Шинэ төмөр зам” төсөлд санхүүжилт хийхгүй гэсэн. Засгийн газар болон Бондын зөвлөлөөс шинэ төмөр замын ажлыг санхүүжүүлэхээр нэгэнт шийдвэрлэсэн болохоор ЭЗХЯ, Хөгжлийн банк гаргах л ёстой” гэж тайлбарласан. Харин Хөгжлийн банкны гүйцэтгэх захирал Н.Мөнхбат “Засгийн газар “Шинэ төмөр зам” төсөлд нэмж санхүүжилт олгохыг даалгавал бид биелүүлэх үүрэгтэй. Засгийн газрын түвшинд л шийдвэрлэх асуудал. Гэхдээ Хөгжлийн банкны зүгээс стратегийн болон эдийн засгийн чухал ач холбогдолтой энэ төслийг дээд зэргээр дэмжин ажиллах нь мэдээж” гэж ярьсан юм. Засгийн газрын тэргүүн Н.Алтанхуяг “Самурай” болон “Чингис” бондоос үлдсэн хөрөнгөөр импортыг орлох, экспортыг дэмжих бүтээгдэхүүний үйлдвэрийг санхүүжүүлэхээ мэдэгдсэн. Үнэт цаас гаргаж, босгосон бүх хөрөнгөө зарцуулна гэсэн үг. Энэ мэдэгдэл “Шинэ төмөр зам” төсөлд 200 сая ам.долларыг өгөхгүй гэж хэлсэнтэй агаар нэг. Эрх баригч нам, Ерөнхий сайд хүртэл төслийг санхүүжилтийг зогсоохоор үлдсэн бүх мөнгөө импортыг орлох, экспортыг дэмжих үйлдвэрлэлд зориулах бодлого баримталж буй мэт харагдаж байна.

Ер нь Ерөнхий сайд Н.Алтанхуяг төмөр зам тавих хүсэлгүй бололтой. Түүн шиг эдийн засаг, ниймгийн чухал ач холбогдолтой төслүүдээ үл хэрэгсдэг Ерөнхий сайд байдаг ч юм уу, үгүй ч юм уу. Бусдын түүхээс сонсвол буурай орны Ерөнхий сайд нар эдийн засгаа тэтгэх дэд бүтцийн төслүүдээ “хуруу хумсаа хугалан” зүтгэж бүтээн байгуулснаараа домог болон үлдсэн байдаг юм билээ. Гадаадын нэр хүнд бүхий банкууд “Шинэ төмөр зам” төслийг санхүүжүүлэхэд 600 сая ам.доллар зээлэх боломжтой гэдгээ илэрхийлсэн гэнэ. Гэхдээ тэд Засгийн газрын баталгаа шаарджээ. Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд Засгийн газрын өр дотоодын нийт бүтээгдэхүүний 40 хувиас хэтрэхгүй байна гэсэн заалт бий. Одоогоор Засгийн газрын өр ДНБ-ий 40 хувьтай тэнцэж байна. 40 хувийн хязгаарыг өсгөсний дараа л Засгийн газарт баталгаа гаргах боломж олдох болов уу. “Монголын төмөр зам” компанийн төсөл хариуцсан захирал П.Бат-Эрдэнэ “Төмөр замын төслийг гадаадын хөрөнгө оруулалт, зээл, Засгийн газрын хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлнэ. 400 сая ам.доллар гэдэг тоог санаанаасаа гаргаж ирээд Засгийн газар өгөх ёстой гэж ярьж байгаа хэрэг биш. Манай улс “Шинэ төмөр зам” төслийн 51-ээс багагүй хувийг эзэмшихийн тулд 400 сая ам.доллар гаргах учиртай. Энэ төсөл тодорхой судалгаа, төлөвлөгөөний дагуу хэрэгжиж байгаа гэдгийг хэлье” гэв. Ер нь “Шинэ төмөр зам” төсөл урагшлах гэж зүтгээд байхад Шинэчлэлийн Засгийн газрын тэргүүн хясаад байгаа юм биш үү.

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Сэтгэгдэл


Таньд 1000 тэмдэгт бичих эрх байна.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд tvmongolia.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.