Царигаар санал асуулга явуулъя

995

Төмөр замын шинэ шугам барих тухай тогтоолын төслийг Засгийн газар өнгөрсөн долоо хоногт УИХ-д өргөн барихдаа Тавантолгойгоос Гашуун сухайт, Сайншандаас Замын-Үүд, Хөөтөөс Бичигт хүртэл нарийн царигтай төмөр зам тавьж, Тавантолгойгоос Сайншанд, Хөөт-Чойбалсан Нөмрөг, мөн Эрдэнэт-Могойн голын хил хүртэлх 550 км замыг өргөн царигтай байхаар тусгажээ. Олон жилийн турш монголчуудыг талцуулж, эдийн засгийн хөгжлийг тушсан төмөр замын төслийг хэрэгжүүлэхдээ Засгийн газар эхийг нь эцээж, тугалыг нь тураахгүйгээр хойд хөрш рүү өргөн, урд хөрш рүү нарийн царигтай байхаар шийдвэрлэсэн нь зарим нэг сайдыг “давхар дээлээ” тайлж чулуудах хүртэл нь бухимдуулав уу гэлтэй харагдаж байна.

Далайд гарцгүй, их гүрнүүдийн дунд амьдарч байгаа, хөгжил муутай Монгол орны хувьд “Шинэ төмөр зам” төслийг хэрэгжүүлэхдээ хоёр хөршөө гомдоохооргүй, нөгөө талаас эдийн засгийн болоод геополитикийн асуудлаа давхар бодолцсон шийдвэр гаргах нь аль аль талдаа ашигтай.

Уул уурхайд түшиглэсэн эдийн засагтай, гадаадад гаргаж байгаа бүтээгдэхүүний 80 хувь нь эрдэс баялаг, түүний гуравны нэг нь нүүрс гэж үзвэл экспортын төмөр зам нарийн царигтай байх ёстой гэдэг үүднээс Засгийн газрын дэвшүүлсэн Тавантолгойгоос Гашуун сухайт, Сайншандаас Замын-Үүд, Хөөтөөс Бичигт хүртэл нарийн царигтай төмөр зам тавина гэдэг хувилбар зөв ч байж болох. Монголын нүүрсний хувьд ганц зах зээл нь Хятад. Энэ өнцөгөөс харвал Тавантолгойгоос Гашуун сухайт, Сайншандаас Замын-Үүд, Хөөтөөс Бичигт хүртлэх төмөр замыг “нүүрсний зам” тодорхойлж болно. Зөвхөн манайхя гэлтгүй дэлхийн олон орон Хятад руу нүүрсээ экспортлох, үүний тулд Зүүн Азийн зах зээлийг онилсон бодлогоо төмөр замынхаа төлөвлөгөөтэй нягт уялдуулж буйг хойд хөршийн хэрэгжүүлж байгаа төслүүдээс харж болохоор байна.

Монголын хувьд Хятадтай хил залгаа давуу талаа ашиглаж, тус улсаар дамжуулан Зүүн Азийн зах зээлд нүүрсээ нийлүүлэхийн тулд дорныг чиглэсэн төмөр замаа нарийн царигтай тавих нь, газрын доорх тэрбум, тэрбумын нөөцтэй нүүрсний эдийн засгийн эргэлтэд оруулах ганц гарц болно. Харин төмөр замыг зөвхөн эдийн засгийн асуудал биш геополитик талаас нь харвал Тавантолгойгоос Сайншанд, Хөөт-Чойбалсан Нөмрөг, мөн Эрдэнэт-Могойн голын хил хүртэлх 550 км замыг өргөн царигтай байхаар тогтоолын төсөлд тусгасан Засгийн газрын бодлого муугүй хувилбар. Зарим хүмүүсийн ярьдагчлан өнөөдрийн эдийн засгийн өгөөжийг нь өнгөцхөн хараад 50, 100, 150 жилийн дараах асуудлыг нь тооцсонгүй гэдэг өнцөгөөр асуудал хандаж, тайчих үзүүлбэрээр олон нийтийг “баясгаж” байгаа хувийн тоглолтыг нь хүлээн зөвшөөрч болох. Нөгөөтэйгүүр, аливаа орны эдийн засаг хүчирхэг байх тусмаа тусгаар тогтнол нь баталгааждаг гэж үзвэл Монгол Улсын хувьд төмөр зам эдийн засгийн асуудал байх учиртай. Эдийн засаг нь бусдаас хараат, баялаг байгаад ч түүнийгээ мөнгө болгож чадахгүй, учрах эрсдэл аюулыг нь тооцвол сул дорой эдийн засаг эргээд үндэсний аюулгүй байдал нөлөөлөхгүй гэх баталгаагүй.

Цариг бол хоёр зам төмрийн дээд хэсгийн хоорондын зай гэдгийг төмөр замын мэргэжилтэн Л.Даваапил ярьж байсан удаатай. Энэ нь маргалдаад байх хэцүү зүйл биш бөгөөд монголчуудын хувьд “Шинэ төмөр зам” төслийг нь зургаан жил гацаасан ганц асуудал бол төмөр замын царигаа 1435 мм-ээр барих уу, 1520-оор тавих уу гэдгээ шийдвэрлэж чадахгүй байгаа явдал.

1435 мм буюу нарийн цариг нь Хятадынх, 1520 мм буюу өргөн цариг нь Оросын бөгөөд хэрэвзээ улстөрчид дээрх асуудлыг хэл амаа ололцоод шийдвэрлэж чадахгүй бол ард түмнээсээ дэмжлэг авбал яасан юм. “Шинэ төмөр зам” төслийн хүрээнд тавигдаж байгаа 1800 километр төмөр замыг ямар царигтай тавьбал зүгээр вэ гэсэн санал асуулгыг олон нийт, тэр дундаа эдийн засагч, мэргэжлийн салбарынхны дунд явуулж, олон нийтийн санал асуулгаас гарсан дүнгээр царигийн асуудлаа шийдвэрлэчихье. Цаг алдаж, хэрүүл зодоон болохгүйгээр энэ асуудлыг амархан шийдвэрлэх нэг ийм арга байна.

Төмөр замын асуудал эдийн засгаа, геополиток уу гэдгээ ч тодорхойлж чадахгүй, улстөрчид нь цариг ярингуут өттэй ямаа шиг аашилсаар байвал төмөр зам ч үгүй, хөгжил ч үгүй хоцрох талтай. Замгүй, хөгжилгүй, мөнгөгүй улс бусдын халаасанд орох амархан биш үү. Тэгэхээр улс орны эдийн засаг, геополитикийн хувьд төмөр зам чухал асуудал гэж үзвэл үүнийгээ олон нийтийн дэмжлэгтэйгээр шийдвэл, улс төр, эдийн засгийн хүрээнийхний дунд үүсээд байгаа хайнааг хагалах бүрэн боломжтой. Яагаад болохгүй гэж. Гурван тэрбумын уутыг үргэжлүүлэн тараах, авто машины хязгаарлалтын цуцлах гэхчилэн ахуйн жижигхэн асуудлыг олон нийтийн санал асуулгаар шийдвэрлэж болоод байхад улс орны том асуудалд иргэдийнхээ байр суурийг сонсох нь юу нь буруу байх вэ.

Царигаар санал асуулга явуулж, гаргасан дүнг нь кнопоо дараад баталчихвал төслийг хэрэгжүүлэх цагийг тушаад байх шаардлагагүй болно биз.

Ж.НЯМСҮРЭН

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Сэтгэгдэл


Таньд 1000 тэмдэгт бичих эрх байна.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд tvmongolia.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.