Зээлийн шугамаа бүрэн ашиглаж чадахгүй байна гэлээ

1132

Чуулганы үдээс хойшхи /2013-05-24/ хуралдаанаар Улсын Их Хурлын гишүүн Б.Гарамгайбаатараас Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайдад тавьсан Монголбанк Үйлдвэр, хөдөө аж ахуйн яамтай хамтран 2012 оны 10 дугаар сарын 26-ны өдөр баталсан Хүнсний гол нэрийн бараа, бүтээгдэхүүний үнийг тогтворжуулах дэд хөтөлбөрийн хэрэгжилтийн явц байдал, Улсын Их Хурлын 2011 оны “Үндэсний үйлдвэрлэгчдийг дэмжих, ажлын байр нэмэгдүүлэх зарим арга хэмжээний тухай” 30 дугаар тогтоолын хэрэгжилт, үр дүнгийн талаар асуулгын хариуг сонслоо.

Сайдын мэдээлэлд дурдагдсанаар, өнөөдрийн байдлаар 11249.7 тн мах буюу нийт нөөцийн 70.3 хувийг бэлтгээд байна. Улаанбаатар хотын нөөцийн махны менежер “Жаст Агро” ХХК нь 14000 тн нөөц бүрдүүлэхээс 9204.6 тн махыг нөөцөлсөн бөгөөд түүний худалдан авалтанд 44.8 тэрбум төгрөг зарцуусан. Дархан хотод “Баатрууд тэнгэр” ХХК нь 1000 тн махны нөөц бүрдүүлэхээс сертификатаар баталгаажсан 1025.1 тн мах нөөцөлж, худалдан авалтад 5.45 тэрбум төгрөг, Эрдэнэт хотод “Эрдмийт” ХХК нь 1000 тн мах нөөцлөхөөс 1016.1 тн мах нөөцөлж, 5.45 тэрбум төгрөг зарцуулсан байна. Зээлийн эргэн төлөлтийн хувьд банкны тогтоосон графикийн дагуу төлөгдөж байна. Нөөцийн махны борлуулалтыг энэ оны нэгдүгээр сарын 17-ны өдрөөс эхэлсэн бөгөөд тавдугаар сарын 21-ны өдрийн байдлаар, Улаанбаатарт 58,4 хувь, Дархан-Уул аймагт 53,6 хувь, Орхон аймагт 72.0 хувийг тус тус борлуулаад байна. Үүнээс Улаанбаатар хотод худалдааны 408 цэгээр нийт 5510,0 тн нөөцийн мах, Орхон аймагт нийт 31 цэгээр 720,0 тн мах, Дархан-Уул аймагт 78 цэгээр 590,7 тн нөөцийн мах нийт 6283,5 тн мах худалдан борлуулжээ. Хөтөлбөр эхэлснээс хойш махны дундаж үнийн өсөлт өмнөх оны мөн үеэс 1.8 дахин бага байна. 2013 оны тавдугаар сарын 22-ны өдрийн байдлаар үхрийн махны үнэ өмнөх сарынхаас 0.3-0.7 хувь, хонины ястай махны үнэ 1.0 хувь, адууны махны үнэ 2.7 хувиар өссөн бол ямааны махны үнэ өөрчлөлтгүй байв.

Түүнчлэн Үйлдвэр, хөдөө аж ахуйн яам, Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын хамтарсан Ажлын хэсэг Улаанбаатар хот болон орон нутгийн үйл ажиллагаа явуулж байгаа гурилын үйлдвэрүүдийн зээлийн хэрэгжилт, гурил үйлдвэрлэлт, борлуулалт, үйлдвэрийн хэвийн үйл ажиллагаатай газар дээр нь очиж танилцан хяналт тавин ажиллаж байна. Энэ оны дөрөвдүгээр сарын 30-ны өдрийн мэдээгээр зээлэнд хамрагдсан гурил үйлдвэрлэгч 35 аж ахуйн нэгжүүд 48,3 мянган тн буудай, 30,0 мянган тн үйлдвэрлэсэн гурилын үлдэгдэлтэй байна. Дэд хөтөлбөрийн хүрээнд 1-р зэргийн гурилын үнэ гэрээнд заасны дагуу бөөний үнэ 550 төгрөг, жижиглэнгийн үнэ 650 төгрөгөөс хэтрэхгүй байна.

“Мах, мах-сүүний чиглэлийн үхрийн, махны чиглэлийн хонь, гахай, тахианы цогцолбор аж ахуйг өргөжүүлэх, шинээр байгуулах” төсөлд Монголбанкнаас нийт 50,0 тэрбум төгрөгийн төсвийг санхүүжүүлсэн бөгөөд зээлийн эргэн төлөгдөх хугацаа нь 3 жилийн хугацаатай. Сонгон шалгаруулалтанд оролцохоор 188 аж ахуйн нэгж саналаа ирүүлснээс шаардлага хангасан 160 төслийг банкууд руу явуулан ажлын 15 хоногийн хугацаанд санхүүгийн чадварыг үнэлүүлэхээр хүргүүлсэн гэлээ.

Харин УИХ-ын 2011 оны зургадугаар сарын 3-ны өдрийн “Үндэсний үйлдвэрлэгчдийг дэмжих, ажлын байр нэмэгдүүлэх зарим арга хэмжээний тухай” 30 дугаар тогтоолын хэрэгжилтийн үр дүнгийн талаар өгсөн мэдээлэлд, 2012 оны улсын төсвийн тодотголоор үндэсний үйлдвэрт хонины болон тэмээний ноос тушаасан малчдад урамшуулал олгоход зориулж 30.0 тэрбум төгрөгийг батлуулж 29.4 тэрбум төгрөг олголоо. 2013 оны улсын төсөвт тус урамшуулалд зориулж 25.0 тэрбум төгрөг тусгагдсан бөгөөд 11 дүгээр сараас эхлэн малчдад олгохоор бэлтгэл ажлын хангаж байна. Улсын хэмжээний дунджаар нэг малчин өрхийн ноосноос олох жилийн орлого 289,2 мянган төгрөгөөр нэмэгдсэн гэсэн тооцоотой байна. Одоо 2013 онд ноосыг хүлээн авах бэлтгэл ажлыг ханган ажиллаж байна. Энэ онд ноосны урамшуулалд 25,0 тэрбум төгрөг олгохоор батлагдсан тул 12,5 мянган тн ноосыг хүлээж авна. Орон нутаг дахь ноос боловсруулах жижиг, дунд үйлдвэр, цехүүд малчдаас ноос хүлээн авах ажилд идэвхтэй оролцож байна. Тухайлбал, 2012 онд 21 аймгийн 104 сумын 132 жижиг, дунд үйлдвэр, цехээр дамжин 1,5 мянган тн ноос тушаагдсан байна. Засгийн газрын бондын эх үүсвэрийн зээлээс 2011 онд орон нутгийн ноос боловсруулах, эсгий эдлэл үйлдвэрлэх 18 жижиг, дунд үйлдвэр эрхлэгч 13,5 тэрбум төгрөгийн, 2012 онд 6 жижиг, дунд үйлдвэр эрхлэгч 4,7 тэрбум төгрөгийн, нийт 24 жижиг, дунд үйлдвэр эрхлэгч 18,2 тэрбум төгрөгийн зээл авч дэмжлэгт хамрагдсан байна. Энэ нийт зээлийн 54,5 хувийг эзэлж байна” гэлээ.

УИХ-ын гишүүн С.Дэмбэрэл, “Хүнсний талон ноднин жил ядуу эмзэг бүлгийнхэнд тараасан. Хичнээн дүүрэг, аймагт ямар багцаар хүнсний купон тараагдаад байна гээд үнийн дүнгийн талаар тайлбар авахыг хүссэн бол УИХ-ын гишүүн Д.Оюунхорол, малчдын орлогын эх үүсвэр буурч байгаад яамны зүгээс цаашид ямар арга хэмжээ авах бодлого барьж байна вэ. Нөөцийн мах гаргаж байна гэж байгаач үнийг зургаан мянгад барьж байна. Иргэд зөвхөн нөөцийн бус шинэ мах хэрэглэхийг хүсч байгаа. Малын түүхий эд, махны үнийг тогтворжуулах тухай ярьдаг ч бодит байдал дээр энэ асуудал биелэхгүй байна гэсэн шүүмжлэлийг хэллээ.

Харин хүнсний купон тараагдсан талаар шууд хариулт өгөх боломжгүй. Иймд С.Дэмбэрэл гишүүний нэр дээр уг асуудлыг судалж байгаад дараа бичгээр хариулт өгөе гэсэн хариултыг Хөдөлмөрийн яамнаас өгсөн юм. Харин Хүнсний тухай хууль батлагдсанаас хойш гурван сар болж хуулийг дагаж гарах дүрэм журам боловсрогдож дуусч байна. Хууль батлагдсанаар зарчмын том өөрчлөлтүүд гарсан учир салбарын яам өдөр шөнөгүй ажиллаж байгаа . Ирэх жил махны нөөцийг өөр хэлбэрээр бэлтгэх бодлогын асуудал яригдаж байна. Гурил, төмсөө дотоодод үйлдвэрлэх боломжтой гэсэн хариултыг Үйлдвэр, хөдөө аж ахуйн яамны зүгээс өгөв.

Өнөөдөр махны асуудал хөндөгдөж байгаа бол шувуу, загасны аж ахуйн асуудал ч бас яригдах ёстой. Иймд яамнаас их хуралд оруулж байгаа асуудлыг цогцоор нь оруулж ирэхэд анхаарах шаардлагатай гэдгийг гишүүдийн зүгээс анхааруулж байлаа.

Харин Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайдад асуулга тавьсан УИХ-ын гишүүн Б.Гарамгайбаатар асуулгын хариултыг бүрэн бус 50 хувьтай байна гэж дүгнэлээ .Үйлдвэр, хөдөө аж ахуйн яам авсан зээлийн шугамаа бүрэн ашиглаж чадахгүй байна. Иймд зээлийн шугамыг бүрэн ашиглахад анхаарч ажиллах шаардлагатай. Үйлдвэр, хөдөө аж ахуйн яам, Монголбанкны гаргасан тооцоо өөр байгаа нь бүртгэлийн систем, судлагаа, үндэслэлүүд муу байгаатай холбоотой гэж үзэж байна. Иймд цаашид тоон мэдээллийг сайжруулах зайлшгүй шаардлагатай байна гэлээ. Түүнчлэн тэрбээр, нөөцийн мах борлуулалтын зохион байгуулалт хангалтгүй, мах борлуулалтын цэг тодорхой бус байгаад шүүмжлэлтэй хандаж, махны нөөцийг нэмэх шаардлагатай бол яаралтай хэрэгжүүлэх нь чухал байгааг анхаарууллаа. Мөн хүнсний бүтээгдэхүүний зоорь, агуулахыг нэмэгдүүлэх, эрчимжсэн мал аж ахуй бий болгох, түүнийг хөгжүүлэхэд цаашид анхаарах шаардлагатай байгааг хэллээ гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Сэтгэгдэл


Таньд 1000 тэмдэгт бичих эрх байна.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд tvmongolia.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Цаашдаа сэрүүснэ