Ц.Элбэгдорж: Төрд эхлээд хариуцлага бий болгоё

558

 

УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар Зөрчлийн тухай хуулийн төслийг хэлэлцэх үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж оролцож үг хэллээ.

Тэрээр хэлсэн үгэндээ:

“Энд би гурван товчхон санаа хэлье гэж бодсон юм. Гишүүдийн зүгээс ч санал гарч байна. Энэ оруулж байгаа Зөрчлийн тухай хуульдаа хүний эрхийг баталгаажуулах тал дээр анхааръя.

Нэгд, Хууль, шүүхийн байгууллагаас гардаг дутагдалтай зарим зүйлийг байхгүй болгох чиглэлд анхаарч ажиллая гэсэн саналууд гарч байгаа. Ажлын хэсэг энэ чиглэлээ илүүтэй сайн бодож оруулж байгаа байх аа.

Мөн иргэд, аж ахуйн нэгжийн зүгээс эрх ашгийг нь хөндөхгүй байх асуудал дээр онцгой анхаарч ажиллах нь зүйтэй. Төрийн барьж байгаа гол бодлого бол аль болох яллах, буруутгах талд биш, нөгөө талд нь хуулийн субъект юм уу, иргэдийн эрхийг хамгаалах талд анхаарч ажилладаг. Дараа нь хуульд өөрчлөлт оруулах шаардлагатай бол нэмэлтээр оруулах эрх нь төрд байнга байдаг. Төрийн зүгээс шийдэж байгаа учраас төрийн талаас биш, албан тушаалтан, эрх мэдэлтний талаас биш, иргэд, аж ахуйн нэгж, бүтээгчдийнхээ талыг барьж шийддэг чиглэлээр ажлаа хийе гэж бид олон жил ярьж ирсэн. Энэ чиглэл рүүгээ илүү анхаарах байх гэж бодож байгаа.

Хуульд зарчмын шинжтэй, шинэчлэл, өөрчлөлтийн шинжтэй олон асуудал байна. Энд нэг зүйл дээр онцгой анхаарал хандуулаач гэж хэлэх гэсэн юм.

Засгийн газрын оруулж ирсэн төсөл, хуулийн байгууллагуудын шинэчлэлийн хүрээнд өмнө нь бидний ярьж байсан зарчмын гол санал бол шүүх дээр асуудал, хэрэг очсон бол заавал шийдэгддэг байх ёстой. Шүүхээс нэмэлт мөрдөн байцаалтад буцаадаг, тодруулна гэж чирэгдэл учруулдгийг больё. Нэг бол шүүх хариуцлага тооцоод шийддэг, нэг бол цагаатгадаг. Ингэх юм бол мөрдөн байцаах байгууллага, шүүхийн өмнөх шатанд оролцож байгаа хууль, хяналтын байгууллагуудын үйл ажиллагаа сайжирдаг, хариуцлагатай болдог юм билээ Засгийн газрын төслөөс энэ байдал нь өөрчлөгдөж байгааг би сонссон. Үүнийг бас онцгой анхаарах ёстой.

Бид хуулийн бүх байгууллагатай ярилцаж байгаад хариуцлагыг сайжруулъя. Ажлын гүйцэтгэлийг сайн болгоё. Шүүх дээр асуудал очсон л бол нэг бол цагаатгадаг, нэг бол хариуцлага хүлээлгэдэг. Ийм болгож шийдвэрлэхгүй бол шүүх дээр материал дутуу, нотлох баримт, бусад зүйл дутуу байдлаар ирдэг. Мөрдөн байцаах байгууллагын муу хийсэн зүйлийг дахин буцааж, иргэд, аж ахуйн нэгжийг чирэгдүүлдэг байдлыг больё. Энэ бол зөв юм гэж их олон жил ярьж байгаад оруулж ирсэн зарчмын гол өөрчлөлт энэ дээр байгаа. Үүн дээр та бүхэн нэлээд анхаарах байх гэж би бодож байна.

Хоёрт, ойрын өдрүүдэд гарч байгаа иргэдийн мэдээлэл авах эрхтэй холбоотой, иргэдийн үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрхтэй холбогдсон асуудал нэлээд яригдаж байна. Миний хамгийн гол барьж байгаа зарчим бол Монголын өнөөгийн нийгэмд байгаа, бидний ололт гэж үзэхээр зүйл үүнтэй холбоотой байдаг. Цаашдаа ч УИХ, хууль тогтоох байгууллагаас шийдвэр гаргахдаа энэ үнэт зүйлээ хамгаалсан байдлаар шийдвэр гаргах хэрэгтэй. Ингэхгүй бол бидний явж байгаа үйл ажиллагаа, тогтолцоо ойлгогдохоо больж эхэлдэг.

Миний хамгийн гол ярьж байгаа зүйл бол төрд эхлээд хариуцлага бий болгоё. Төрийн өндөр албан тушаалтнууд торгууль төлдөг зүйл байгаа юу? Ард иргэдэд амлалт өгөөд амлалтаасаа буцах юм бол, амлалтаа хэрэгжүүлэхгүй бол хариуцлага хүлээнэ гэсэн заалт бий юү? Байхгүй шүү дээ.

Эхлээд төрийн өндөр албан тушаалтнуудтай хариуцлага тооцдог Хариуцлагын хуулиа гаргах хэрэгтэй. Энэ тогтолцоог бий болгох ёстой. Төрд алба хашиж байгаа хүмүүст ёс зүйн дүрмийг нь баталж мөрдүүлэх хэрэгтэй. Ёс зүйгүй авирласан этгээдүүд хариуцлагаа хүлээдэг тогтолцоог бий болгох хэрэгтэй.

Ингэхгүйгээр иргэдийн нүд, чих болсон, Монгол Улс урагш хөгжихөд нүд, чих болсон, иргэдийн мэдэх эрхийг боомилсон ямар нэгэн заалт оруулж болохгүй. Оруулж болохгүй гэдэг дээр онцгой анхаарах ёстой гэж бодож байгаа.

Ялангуяа олон нийтийн мэдээллийн хэрэгсэл гэж яриад байгаа фейсбүүк, твиттер, энэ хүрээнд гарсан асуудлыг ч яриад байх шиг байгаа юм. Энэ бол техникийн хувьд шийдэх бүрэн боломжтой асуудал. Цаана үйлчилгээ үзүүлдэг байгууллага руу нь хандаад, эндээс буруу мэдээлэл яваад байна. Худал мэдээлэл тарж байна гэхэд тэндээ хаадаг. Нэг бол тухайн үйлчилгээ үзүүлдэг улс орон хамтраад, түүнийг төлөөлсөн байгууллага нь иргэдтэй, албан тушаалтнуудтай ярьдаг. Тэндээ зохицуулалт хийдэг, ийм боломжууд байдаг юм.

Ийм учраас хамгийн бүдүүлэг аргаар, шууд торгоно, шийтгэнэ гэдэг маягаар хийх нь буруу зүйл гэдгийг энд хэлье гэж бодсон.

Манай улстөрчид, ялангуяа хэвлэлтэй маргаад очиход иргэний шугамаар асуудлаа бүрэн шийдүүлж чадаж байгаа шүү дээ. Иргэний шугамаар, иргэний хуулиар нэр төрийн хохирол, гүтгүүллээ гэх зэргээ шийдүүлэх нь бүрэн нээлттэй байгаа.

Тийм учраас Эрүүгийн хуульд байдаг албан тушаалтнуудын нэр төр, гүтгэлэг гэх зэрэг янз бүрийн асуудлыг Эрүү, Зөрчлийн хуулиас авч хаях гэсэн ийм бодлогыг л бид барьж ирсэн.

Сая тэр торгууль нэмлээ гэдгээр нэлээд шуугиан болж байх шиг байна. Би энд нэг тийм арга байна уу гэж хараад байгаа юм. Торгууль нэмэх саналаа татаж авлаа гэхэд үндсэн санал нь үлдэж байгаа. Тэгэхээр үндсэн саналыг ч гэсэн алга болгох ёстой.

Ерөөсөө хэвлэл мэдээллийн байгууллага энэ чиглэлд, ялангуяа улс төрийн албан тушаалтнуудтай холбоотой, өөрсдийгөө тойрсон Ёс зүйн хуулиа батлаагүй, өөрсдийгөө тойрсон Хариуцлагын хуулиа батлаагүй байж иргэдийн нүд, чихийг боох чиглэлд алхам хийж болохгүй ээ.

Бүр харин эсрэгээрээ улс төрийн албан тушаалтнууд энэ дээр гомдол гаргах эрхийг нь хүртэл хаах хэрэгтэй гэж би боддог юм. Ерөөсөө өөрсдийнхөө үг, үйлдлийг хичээгээд л явах хэрэгтэй. Ухаалаг улстөрч бол өөрийнхөө үг, үйлдлийг хичээж явдаг.

Хэвлэлтэй, олон нийттэй, олон нийтийн үзэл бодлоо илэрхийлдэг, тэдний зүгээс гарч байгаа үйл ажиллагаатай барьцах, түүнийг зогсоох ийм үйл ажиллагаа явуулж болохгүй.

Би өнгөрсөн хорин хэдэн жил хамгийн их гүтгүүлж, энэ нөхцөлд орж байсан. Энд муудсан зүйл байдаггүй. Яг зарчмаа бариад, өөрийнхөө үйлдлийг бодоод ажиллахад харин нийгмийн зүгээс гарч байгаа шүүмжлэл, нүд, чих болж хэлж байгаа зүйл албан тушаалтнуудад тус нэмэртэй байдаг гэдгийг энд хэлэх нь зөв байх гэж бодож байна.

Ер нь албан тушаалтнуудтай холбоотой үнэнийг олохын тулд эхлээд харддаг. Эхлээд тэр хардлага нь гүжирдлэг маягаар гарч ирдэг шүү дээ. Мэдээллээ зөв өгч чадахгүй. Хэрэв тэр гүжирдлэг байх юм бол тухайн албан тушаалтан гарч ирээд няцаах бүрэн боломжтой.

Тэгэхээр хэвлэл мэдээллийн байгууллага, олон нийт рүү хандсан, үүнтэй холбоотой иргэдийн эрхийг боох байдлаар ямар нэг алхам энд огт гарч болохгүй. Энэ заалтыг бүрэн хүчингүй болгох хэрэгтэй. Улстөрийн албан тушаалтнуудын хувьд гомдол гаргаад явдаг эрхийг нь хасах шаардлагатай гэж би боддог. Улстөрийн алба хашиж байгаа бол чиний холгосон хөл дээр үргэлж хүн гишгэж байх болно. Мөрийг чинь үргэлж харж байх болно гэдгийг өөрөө мэдэх хэрэгтэй. Хэрэв буруу мэдээлэл гарсан бол өөрөө гарч ирээд залруулах боломжтой. Иргэнийхээ байдлаар асуудлаа шийдүүлэх бүрэн боломж нь иргэдэд нээлттэй байгаа шүү. Энэ дээр онцгой анхаарч шийдвэл яасан юм бэ.

Гуравт, Хөрөнгө оруулалтын банкны хууль гээд хуультай холбогдсон Банкны хуульд өөрчлөлт оруулж байгаа юм шиг байгаа юм. Уг нь бид ярьж байгаад тохирсон. Гадаадын банк, санхүүгийн байгууллагыг Монголд оруулж ирэхээр бол ҮАБЗ дээр ярина. Ингэж ярьдаг асуудал шүү гэж. Гэтэл энэ дотор нэг юм хавчуулж орж ирээд, УИХ-ын гишүүд их болгоомжилсон байдлаар асуугаад байгаа. Ажлын хэсэг, санаачилсан улсууд нь тойруулж хариулт өгөөд яваад байгаа. Энэ дээр онцгой анхаарах ёстой шүү. Үүний цаана юу байгаа вэ гэхээр ерөөсөө Монгол Улсын газрыг барьцаалах эрхийг л олж авч байгаа юм. Монгол Улсын ашигт малтмалыг барьцаалах эрхийг олж авч байгаа юм. Өнөөдөр гаднын хөрөнгө оруулалт давамгайлсан аж ахуйн нэгжүүд, банк, санхүүгийн байгууллага Монгол Улсын газрыг барьцаалах эрх байхгүй. Ашигт малтмалын лицензийг барьцаалах эрх байхгүй.

Эхлээд тэд барьцаална. Дараа нь аж ахуйн нэгж, иргэд барьцааны зээлээ төлж чадахгүй болно. Тэгээд барьцаалагдсан газар тэр байгууллага, тэр талын өмч болж хувирна. Цааш наашаа зарагдана. Ингээд Монгол Улсын тусгаар тогтнол, бие даасан байдлын асуудал, санхүү, эдийн засгийн бие даасан байдлын асуудалд онцгой хохирол учрах боломж байгаа юм.

Үүнийг бид өмнө нь ярьж байсан. Энэ дээр та бүхэн онцгой анхаараарай гэдгийг хэлмээр байна.

Хөрөнгө оруулалтын банкны хууль гэдэг юман дотор Монголын хувь заяанд онц ноцтой аюул учруулах хутга дундуур нь, далдуур оруулаад ирж байгаа юм биш биз дээ. Энэ дээр УИХ онцгой анхаарах хэрэгтэй. Энд ҮАБЗ-ийн Ажлын албаны хүмүүс оролцож, ажиглаж харж байгаа. Гаднын банк, барьцаатай холбоотой асуудал дээр энэ хуулийн бусад зохицуулалтыг гаргаад, үүнтэй холбогдсон газар, үндсэн хөрөнгө барьцаалах, бусад зүйлүүдийг энэ хуулиас бүрэн авч хаях шаардлагатай шүү. Энэ явж явж Монгол Улсын тусгаар тогтнол, бие даасан байдал, энэ бүхэнтэй эргэж холбогдоно шүү.

Яг иймэрхүү байдлаар хардаг, “Хүн нь чухал биш ээ. Газар нутаг нь чухал. Баялаг нь чухал” гэж хэдэн зуун жилээр ийм бодлого явуулж, үүнийгээ гүйцэлдүүлэхийн төлөө явдаг юм бий. Энэ дээр УИХ-ын гишүүд үндэснийхээ эрх ашиг, энэ тал дээр онцгой анхаарах ёстой гэж бодож байгаа.

УИХ-ын гишүүд үүн дээр санаа зовоод асуугаад байгаа. Гэхдээ орж ирсэн зүйлийн өгч байгаа тайлбар нь хангалттай биш байна. Шаардлагатай бол энэ хуульд орсон энэ зохицуулалтыг ҮАБЗ дээр авч хэлэлцтэл хуулийн хэлэлцүүлгийг хойшлуулах хэрэгтэй гэж бодож байгаа.

Ер нь гаднын банк, санхүүгийн байгууллагуудад эрх олгох асуудлаар ҮАБЗ дээр заавал ярьдаг. Энд яриад шийдсэн шийдлээр төрийн бүх байгууллага ажилладаг, ийм болъё гэж бид нар өмнө нь ярьж тогтсон гэдгийг та бүхэнд сануулж хэлье. Ийм гурван зүйлийг товчхон хэлье.

УИХ-ын хуралдаанд оролцож үг хэлэх, санал оруулах эрхтэй гээд Ерөнхийлөгчийн бүрэн эрх дээр Үндсэн хуульд заасан байдаг. Энэ гурван асуудлаар намайг санал орууллаа гэж ойлгоорой. Энэ саналыг ажлын хэсэг, дараа нь байнгын хороод эцсийн хэлэлцүүлгээр ярихдаа заавал авч үзэж, санал хурааж, энэ тухай бичгээр мэдэгдэх ёстой байдаг. УИХ-ын дэгийн тухай хуульд бичсэн байгаа шүү.

Ерөнхийлөгч хэрэв санал оруулсан бол энэ асуудал ингэж шийдэгдсэн гэж бичгээр хариу мэдэгдэнэ гэдэг. Энэ дээр та бүхэн их онцгой анхаарч ажиллаарай гэдгийг хэлье. Баярлалаа” гэв.

 

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Сэтгэгдэл


Таньд 1000 тэмдэгт бичих эрх байна.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд tvmongolia.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Цаашдаа сэрүүснэ