АТАРТ АНХНЫ ШАН ТАТСАН ЭХ ГАЗРЫН ЭЗЭН

503
2018 оны 01-р сарын 15

Тэр бол Монголын атар газарт анхны шанг татагч төдийгүй монголчуудынхаа бор гэдсийг үеийн үед хоолтой байлгах их үйлсийг гардан зохион байгуулж, эхлүүлэгчдийн нэг. Монгол Улсын гавьяат агрономич А.Бадарчин гуайн 26 насандаа эхлүүлсэн, бүтээсэн, хийсэн бүхэн өнөөдрийн бидний амар амгалан амьдралын үндэс суурь байсан юм. Тэрбээр өдгөө 85 нас сүүдэр зооглосон ч Монголын хөрс шороо, эх газрыг эрүүл, хүчирхэг, үржил шимтэй байлгахын төлөө цаг наргүй ажилласаар яваа нэгэн. Түүнийг газар шорооны их ажлаас нь хэсэгхэн "холдуулж” ярилцахад ч Монгол орны хөрсний үржил шимийг хэрхэн сайжруулах, тулгарч буй бэрхшээлүүдийг ямар арга замаар даван туулах тухай онцолсоор байсан билээ.
Хоргол хүү шинэ үсгийн багшаас Намын төв хорооны том дарга болсон нь

-Монгол Улсын анхны атарчдын нэг, гавьяат агрономич Бадарчин гуай өөрийнхөө тухай, хүүхэд насныхаа гэгээн дурсамжийг манай уншигчидтай хуваалцахыг хүсэж байгаа байх. Манай редакци руу ирэх замдаа энэ асуултад хэрхэн хариулахаа та бодож явав уу?

-Юуны өмнө "Үндэсний шуудан” сонины уншигчид болон танилууддаа шинэ оны мэнд дэвшүүлье. Би гэдэг хүн Төв аймгийн Эрдэнэсант сумын хүн. Миний аав Юндэн гэж лам хүн байсан гэдэг. Би 1933 онд төрсөн юм. Намайг дөрвөн ойтой байхад хэлмэгдүүлэлт эхэлж, аавыг минь барьж явсан байдаг. Түүнээс хойш сураг гарахгүй багагүй хугацаа өнгөрч, хожим нь цаазлуулсан гэсэн мэдээ ирсэн гэдэг юм. Бүр сүүлд бидэнд цагаатгасан гэсэн бичиг сэлт ирсэн. Ээж минь Норжинпил гэж жирийн монгол эмэгтэй, цөөн тооны малтай, үр хүүхдээ өсгөхийн төлөө гадаа гандаж, хөдөө хөхөрч явсан хүн байсан даа. Аав нь эзгүй, тухайн цаг үеийн байдал зэргээс хамаарч манайх нэлээн борогдуу айл байлаа. Гэхдээ ээж минь дүү бид хоёрт тусч сэтгэл, хичээл номонд шамдах хоёрыг алхам тутамд, ягштал сургасан гэхэд болно. Би Эрдэнэсант сумынхаа бага сургуульд 1940-1944 онд сурсан. Намайг элсэхэд манай сум анх сургуультай болж, анхны сурагчдынх нь нэг би болсон л доо. Гэхдээ манай ангид харилцан адилгүй настай хүүхдүүд элсэж байсан. Өргөө цагаан шинэ гэрт цөмөөрөө өвдөг дээрээ сөхөрч суугаад л хичээлээ хийнэ. Намайг насаар ч, биеэр ч жижиг болохоор ангийнхан маань Хоргол гэж хочилно. Ингээд бага сургуулиа төгсөөд дунд сургуульд хуваарилагдах боллоо. Тухайн үед Баянчандманьд Замтын дунд сургууль, аймагт бас нэг дунд сургуультай байлаа. Багш нар сурлага сайтай гээд Замтын сургуульд намайг хуваарилтал ээж "Ээж нь ганц хүүгээ явуулчихаад юу бодож суух вэ. Явууламгүй байна” гэж байна. Би ч ээжийгээ орхиод яаж явах вэ. Ингээд сургуульгүй хоцорлоо. Ингээд хөдөө мал дээр гарлаа. Хоёр жил орчмын дараа орон даяар бүх нийтэд бичиг үсгийн боловсрол олгох кампанит ажил эхэллээ. Сумын даргаас "Сумын бичиг үсгийн бүлгийн багш болгохоор томилж байгаа тул даруй ир” гэсэн дуудлага ирүүлж. Ээжтэйгээ сумын төв орлоо. Ингээд 13 настай багш боллоо.

-"Шинэ үсгийн багш” уран сайхны киноны хүү шиг л багш болсон гэсэн үг үү. Хоёр жил хөдөө мал маллачихаад хүмүүст, ялангуяа томчуудад бичиг үсэг заах хэцүү байв уу?

-Тэр хүүгээс ялгараад байх юмгүй дээ. Хөгшин настай, залуу, хүүхэд гэхгүй бүгдийг нь бичиг үсэгтэй болгох гэж их юм болсон. Настайчууд, томчууд нь гэрийн ажлаа барахгүй хэцүүднэ. Залуус, хүүхдүүд нь залхуурна гээд хөгтэй юм ч их л болсон. Саалиндаа явж ирчихээд үргэлжүүлье гээд хичээлийн дундаас босоод явчихдаг авгай нар ч байлаа. Гэхдээ тэр кинон дээрх хүү намайг бодвол сайхан хувцас хунартай байгаа юм. Би тэгэхэд цагаан тааран өмд, цамцтай хөл нүцгэн амьтан л тууж явлаа шүү дээ. Гэрт ганц самбартай, ширээ, сандал гэж байхгүй. Бүгд бохирч сууж байгаад л хичээлээ хийнэ.

-Цалин гэж хэдэн төгрөг өгөх вэ?

-Сарын 120 төгрөгийн цалинтай. Тэр нь бас удаж байж ирнэ ээ. Гэхдээ л борог амьдралтай бор хүүд их мөнгө. Ээж, дүү бид гурав башийгаад ирж байгаа нь тэр.

-Та 13 настай мөртлөө тэр олон хүнд багшилж байсан гэхээр багын л их хэвлүүхэн хүү байж дээ?

-Хүүхэд л хойно янз янзын хөгтэй юм их болно. Аймаг руу багш нар семинарт явах болоход "Ээжийгээ авч явна, ганцаараа явж чадахгүй” гээд уйлж л явсан хүн шүү дээ. Гэхдээ л хүмүүсийн арга эвийг олж, ямар ч байсан хоёр жил шинэ үсэг заахдаа 1000 гаруй хүнийг бичиг үсэгтэй болгосон байдаг юм. Ард иргэд ч соёлын хувьсгалд идэвхтэй оролцоно гэж бүх нийтээр их хичээсэн. Би ч хэлж, зааж өгөх хүсэлтэй, тэд ч сурах хүсэлтэй байсан учраас сурсан хэрэг л дээ. Ингэж байтал нас 15 хүрээд ирэхээр энгэртээ тэмдэг зүүсэн хүмүүс их сайхан харагдаад эхэлж байгаа юм.

-Эвлэлийн гишүүн үү?

-Хоёр таван хошуутай тэр тэмдгийг эвлэлийн гишүүнд өгдөг юм гэнэ. 15 нас хүрсэн бол гишүүнд элсэж болно гэнэ. Элсчихлээ. Ингэж байтал Эвлэлийн үүрийн хурал болж, намайг даргаар нь томилчихлоо. 15-хан настай хүүд ахадсан олон нийтийн ажилд хоёргүй сэтгэлээр зүтгэхээс аргагүй болж ирсэн нь тэр. Хэдэн жил хэрэндээ л ажиллалаа. Эвлэлийн төв хорооны даргаар тухайн үед Н.Дангаасүрэн гэж хүн ажиллаж байсан юм. Тэр хүн ирээд намайг баярын бичиг, нөгөө анх шохоорхоод байсан таван хошуутай тэмдгийг маань зүүж өглөө. Тэмдэгтэй ч боллоо. Ээждээ үзүүлээд л, чухам тэр үедээ мундаг хүн болж ирлээ шүү. Энэ баяр дуусаагүй байтал аймгийн Эвлэлийн хороо руу дэвшүүлэх мэдээ ирж, намайг аймгийн эвлэлийн төв хороонд Зохион байгуулах хэлтсийн даргаар 1951 онд томиллоо. Түүнээс хоёр жилийн дараа, 1953 онд боловсролоо дээшлүүлэхгүй бол горьгүй нь гэж бодоод даргадаа хэллээ. Дарга "Ямар сургуульд явмаар байна” л гэж байна. Тэгэхээр нь "Дунд сургуульд сураагүй болохоор мэргэжлийн сургуульд орох боломжгүй. Тиймээс Намын дээд сургуульд л сурмаар байна” гэлээ. Дэмжлээ, Намын төв хороонд бичиг, баримтаа бүрдүүлээд очлоо. Очтол дунд сургууль төгссөн гэрчилгээ байхгүй, тэгээд ч нас дөнгөж 19-тэй, бие шавилхан гээд сургуульдаа элсүүлэх боломжгүй гэж байна. Тэгэхээр нь нөгөө хүнд "Би намын эвлэлд 5-6 жил ажиллаа. Удирдах ажилтан болъё л гэж бодсон юм” гээд намын төв хорооноос хийж өгсөн тодорхойлолтоо сарвайлаа. Нөгөө хүн уншиж дуусаад "Чи сурч чадах юм уу” л гэж байна. "Чадалгүй яах вэ” гээд тэрүүхэндээ амлалт өгч байж элслээ. Дахин дахин тэгж асуугаад байсан нь тухайн үед Намын дээд сургуульд ихэвчлэн 20 нэлээд гарсан хүмүүс элсдэг байж л дээ. Сургуулиа Сүхбаатарын нэрэмжит цалинтай, таван жил онц сурсан сурлагатан болж төгслөө. Төгсөхөөс өмнөхөн Улаанбаатар төмөр зам анх байгуулагдаад Замын-Үүд өртөөг анх нээхэд оюутнуудыг төлөөлүүлж надаар үг хэлүүлж байлаа. Тэгэхээр анх ам авсан хүнийхээ нүүрийг түлээгүй байгаа биз.

-Сургуулиа онц төгссөн боловсон хүчнийг булаацалдаад л ажилд авсан уу?

-Эвлэлийн төв хороо руу Суртал нэвтрүүлэг хариуцдаг улс төрийн ажилтнаар томиллоо. Жилийн дараа хэлтсийн эрхлэгч боллоо. 1958 онд Төв аймгийн намын төв хорооны XIII их хурал болж, тус хурлаар намайг Төв аймгийн эвлэлийн хорооны нэгдүгээр нарийн бичгийн даргаар сонголоо. Нөгөө аавын хайр үзээгүй, ядуу зүдүү хүү том дарга боллоо доо. Энэ цаг үе бол миний төдийгүй ээжийн маань хамгийн сайхан үе байсан гэж боддог.

Сангийн аж ахуй хэмээх их айлын өрхийг татсан нь

-Ингэж байтал Атрын аян эхэлсэн үү?

-1959 он. Монголчуудын хувьд хэзээ ч мартаж болохгүй сайхан он юм шүү дээ. Тэр онд дөрвөн сангийн аж ахуй, 1961 онд хоёр сангийн аж ахуй бий болсон юм. Сангийн аж ахуй гэдэг нэр одоо цаг хугацааны эрхээр хуучны хэдэн үг мэт байвч тэр цаг үеийн болоод өнөөгийн монголчуудын хамгийн чухал үнэ цэнэ, тусгаар тогтносон улс гэдгийн баталгаа юм шүү дээ. Тухайн үед цоо шинээр байгуулах сангийн аж ахуйг бүрдүүлэх асуудлыг Намын төв хорооны эвлэлийн хурлаар шийдэж, намайг Дарханы сангийн аж ахуйг эмхэл гэсэн шийдвэр гарлаа. Цэрэннадмид гэж хүн тэр шийдвэрийг батлах ёстой байсан юм. Тэгсэн тэр хүн намайг хараад л байлаа. Нас бага, биеэр жижиг юм болохоор "Энэ муу амьтан яаж бүхэл бүтэн сангийн аж ахуй төвхнүүлэх юм бол” гэж бодоод байсан байх л даа. Тэгж байснаа "Маргааш ир” гээд л явууллаа. Ингээд маргааш нь ажлаа хүлээж авах үеэр Ю.Цэдэнбал дарга "За, Бадарчин минь чамайг бид сайн дарга гэж энэ чухал ажилд томилж байгаа юм биш. Харин сайн дарга болоорой гэж илгээж байгаа юм шүү” гэсэн. Ингээд л Сангийн аж ахуйн дарга боллоо доо.

-Ээж нь бөөн баяр уу?

-Дотроо баярлаж л суусан байх. Надад бол "Намын төв хорооны хариуцлагатай алба, эвлэлийн гишүүдийн итгэл албыг алдав. Юм бүхний эв зүйг ол. Хүнтэй битгий мууд. Хүний үгийг сонс. Өөрийн ажлаа сайн хий” гэж байнга хэлнэ. Ер нь дэвших тусам ийн хэлж, "Эвий, миний хүү том дарга боллоо” гэхийн оронд хариуцлагыг минь ойлгуулж, ухааруулах гэсэн хатуу талдаа үгс байнга хэлж байсныг нь илүү тод санадаг юм. Хавь ойрынхондоо бол байнга л магтаж, сайшааж сууна. Тэр үед би 26 настай байж.

-Сангийн аж ахуйгаа хэрхэн үүсгэн байгуулсан түүх сонин байна. Тулгын чулууг нь хэрхэн тавьж, бригадын хүмүүсээ яаж цуглуулж авав даа. Та энэ тухай ярьж өгөөч?

-Тариа ч мэдэхгүй, трактор ч мэдэхгүй залуу хархүү гэнэт л тийм том үүрэг хүлээчихсэн зогсож байлаа. Нэг шийдвэр бичсэн цааснаас өөр хань бүлгүй. Аж ахуй бий болгох ганц хүн нь би. Тухайн үеийн төр засгийн сэхээтнүүд ч тариа, трактороо мэдэхгүй шүү дээ. Малчин монголчууд тариачин болох гэж байгаа хэрэг шүү дээ. Тэгээд зөвлөлтийн мэргэжилтнүүдээр эхлээд Цэдэнбал дарга тэргүүтэй улс төрийн товчооныхон, шинээр томилогдсон дарга нартаа хичээл заалгаж, тариа, тракторынхоо сургийг дуулж байгаа юм. Хичээл дуусав уу, үгүй юү анхны атарчдаа элсүүлэх ажил өрнөлөө. Радиогоор зарлал явуултал 100 гаруй залуус хүрээд ирсэн. Гэтэл орон тоо 30-аадхан байгаад байдаг. Тэгэхээр нь нөгөө хүмүүсээ гомдоохгүйн тулд хэд хоног шуудуу ухуулах ажил хийлгэж, тунаж үлдсэнийг нь авах санаа төрлөө шүү. Гуравдугаар сарын сүүлч үе, тэр хүйтэнд хөлдүү газар ухна гэдэг амар ажил биш. Тав хоногийн дараа үнэхээр 30-аад хүн үлдлээ. Ингээд багаа бүрдүүлчихлээ. 1959 оны дөрөвдүгээр сарын 17-нд Зил 130 машинд нөгөөдүүлээ чемодан, пүүгээтэй нь суулгаж аваад Дархан хот руу гарлаа даа. Энэ бол Монголд атрын шанг татах, анхны Сангийн аж ахуйг бий болгох залуус замдаа гарсан өдөр. Ингээд бид явсаар Дархан хотын Хонгор суманд гурав хонож очлоо.

-220 гаруйхан километр замыг гурав хоног туулж очсон байх нь.

-Тэр үед зам харгуй одоогийнх шиг байсан биш. Дээр нь хүйтэн гэж жигтэйхэн. Цөөнгүй тракторын аржатр хөлдлөө. Бид ч их зутарлаа. Трактороо эвдрэхээр нь энэ чинь бас эвдэрдэг юм байна гэж мэдэж авлаа. Гэхдээ орон нутгийнхан биднийг морьтой, явган гээд их сайхан хүлээж авлаа. Ингэж гурван гэртэй, 30 гаруй залуустай, 35 трактор, хэдэн вагончигтай Сангийн аж ахуй үүсгэн байгуулагчид очсон хэрэг. Удалгүй Зөвлөлтөөс тракторын анжис, бул, борной зэрэг хэрэгслүүд ирлээ. Мөн ЗХУ-аас 20 гаруй мэргэжилтэн, Архуст, Шаамарын ТМС-ыг түргэвчилсэн сургалтаар төгссөн анхны тракторч, комбайнчид ч ирлээ. За тэгээд Монголын атар газрын хөрсийг 1959 оны тавдугаар сарын 1-нд анх хөндсөн түүхтэй.

-Тракторын дөргүй, бараг олонх нь трактороо анх удаа харсан хүмүүс болохоор туршлагагүйтэх, бүтэлгүйтэх юм их байсан уу?

-Тэр талаар ярьвал дуусахгүй, хөг хөөртэй их юм бий. Мэдэхгүй бүгдийг бид хамтдаа давсан. Гэхдээ Зөвлөлтийн хэдэн мэргэжилтэн л нөгөө хэдэн тракторынхоо хооронд гүйхдээ гүйж, алхахдаа алхаж, бидний хөлийг дөрөөнд, гарыг ганзаганд хүргэсэн дээ. Тэднийхээ үйлийг ч их үзсэн байх. Ганцхан жишээ гэхэд огт хөндөгдөөгүй байсан газрыг ухаад, сэндийчээд эхлэхээр тэндэхийн оготно, зурамнууд гүйлдэж эхэлнэ. Тэгэхээр үнэг, хярс, чоно араас нь хөөнө. Шөнийн ээлжнийхэн, ялангуяа эмэгтэйчүүд нь уйлж ирнэ. Бас тухайн газар нутгийн малчид, ард иргэд дургүйлхэж, эсэргүүцэж ч байлаа. Үнэхээр л замыг нь өөрчлөөд, газар нутгийг нь баахан сүйтгээд хаячихаар арга ч үгүй биз. Бид долдугаар сарын 1 гэхэд 15 мянган га газар хагалж уриншлах төлөвлөгөөтэй байсан бол 19 га-г хагалж, үүргээ давуулан биелүүллээ. Хүний санаачилга багадна гэж байдаггүй юм. Манай тогооч Балжмаа гэж настай эмэгтэй байсан. Тэр сайн ажилласныг нь урамшуулж, хуушуур хайрч өгнө. Нөгөөдүүл урамшихыг нь яана. Газар хагалахын хажуугаар бид 4000 тонн хадлан хадаж, улсдаа өглөө. Үүний дараа Ерөөгийн сангийн аж ахуйгаас ирэх хавар тарих 2000 тонн үрээ татлаа. Хамгийн сүүлд нь ирэх хаврын бэлтгэл болгож, трактор, техник хэрэгслээ өвлийн засварт оруулж, засаж, сэлбэлээ. Өвлийн хүйтэнд төмөр багаж бариад техник хэрэгсэл засна гэдэг амар ажил биш шүү. Одоогийн залуусын төсөөлөхгүй зүйл шүү дээ.

-Анхны тариалалт 1960 оны хавар эхэллээ. Та хэд маань ч овоо туршлага суучихсан. Ажил ч гялалзаж өгсөн үү?

-Бид гурван бригадаар 19 мянган га газартаа үрээ суулгасан. Намар боллоо. Тариа ч сайхан ургалаа. Манайд 73 ширхэг комбайн хуваарилсан юм. Комбайнаа угсрах, зүгшрүүлэх гэж бас нэлээд юм боллоо. Ингээд намайн бригадаар ургацаа хураасан. Эвдрэл саатал их гарна аа. Тэр бүрт нөгөө хэдэн зөвлөлтийнхөн маань чадах ядахаараа засаж, янзална. Тэр том талбайн хаана эвдэрсэн комбайн байна гэж алхах вэ. Нөгөө хэддээ морь өгдөг боллоо. Ингээд орос мэргэжилтнүүд морь унаж, монгол мэргэжилтнүүд маань техник эзэмшиж сурсан даа. Бид 26 мянган тонн будаа хурааж авлаа. Нэг га газраас 16 центнерийг хураасан гэсэн үг. Мундаг байгаа биз.

-Халиурсан их тариан талбайнхаа захад зогсож байх гоё биз?

-Хэзээ ч мартагддаггүй, мартаж болохгүй мөч, дүр зураг бол тэр. Ургацын далай гэж түүнийг л хэлнэ. Ямар сайхан гэж санана, халиурсан их тариа шуугин шуугин нахилзах чимээ, дүр төрхийг. Анхны атарчид тухайн үедээ дахин төрсөн шиг, эрүүл аюулгүй хүнсийг үргэлжийн мөнхөд ард түмэндээ тийн барьж зогсох юм шиг хөөрч, баярлаж байсан.

-Таныг удалгүй өөр тийш нь томилсон байдаг бил үү?

-1961 оны нэгдүгээр сарын 10-нд Улаанбаатарт Атрын анхны ажлын дүнг нэгтгэсэн зөвлөгөөн болсон юм. Дүнгээр 13 сая пүү үр тариа хураасан их амжилтыг дурдаж, Монгол орон анх удаа монгол газарт ургасан үр тариагаараа дотоодын хэрэгцээгээ хангах болсон түүхэн үйл явдлыг онцгойлон зарлаж байлаа. Тэр үед бид АИХ-ын тэргүүлэгчдийн дарга Д.Самбуу гуайд Монголын хөрсөнд ургасан шинэ ургацын гурилаар хийсэн 20 килограммын жинтэй талх гардуулж байлаа. Тэр зөвлөгөөнд миний удирдсан Сангийн аж ахуйгаас орос, монгол нийлсэн 23 хүн оролцсоны 19 нь шагнуулсан. Манай зөвлөх А.Г.Гусаков Сүхбаатарын одонгоор, гурван хүн Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор, зургаа нь Алтан гадас, найм нь Хүндэт тэмдгээр шагнуулж байлаа. Ингээд урам зоригтой гэж жигтэйхэн тариалалтаа хийчихээд байж байтал тавдугаар сарын сүүлчээр их хүйтэрч, тариаг маань хяруу цохичихлоо. Жаргал зовлон ээлжилж байгаа нь тэр. Тэгж байтал зөвлөлтийн мэргэжилтнүүдийн маань томилолтын хугацаа дуусах боллоо. "Ер нь л мэргэжлийн номыг нь үзэхгүй бол болохгүй нь” гэж бодогдоод явчихлаа. Ингээд Оросод академид явъя гэтэл ээж "Чамайг тэр хол явуулж чадашгүй” л гэж байна. Тэгэхээр нь 1962 онд Хөдөө аж ахуйн дээд сургуулийн агрономичийн ангид элсэж, 1966 онд төгссөн. Уг нь таван жил сурах ёстой ч би дөрвөн жилд багтааж сураад, Сүхбаатарын цалинтай, улаан дипломтой сургуулиа төгслөө. Ингээд Дархан руугаа явах гэтэл Төв хорооноос Батсүмбэрийн сангийн аж ахуй руу томилж, Хөдөлмөрийн баатар Д.Дарамжав гэж хүнээс ажлыг нь хүлээж авч байлаа. Хөдөлмөрийн баатарын хийж байсан ажлыг хүлээж авна гэдэг маш өндөр хариуцлага. Дээр нь үр тарианы аж ахуйд дарга байсан хүн сүү, ногооны аж ахуйн дарга болно гэдэг чинь огт өөр зүйл сурах хэрэгтэй болж байгаа юм. Тухайн үед манайд алдарт саальчин А.Авирмэд гэж Монголын саалийн бурхан байлаа. Хөдөлмөрийн баатар, төмс ногооны бурхан гэгдэг Долгор гэж хүн байлаа. Залуу мэргэжилтнүүд нь ч овоо туршлагатай, мэдлэгтэй болчихсон байсан. Ингэхээр би бөөн багш нарын дунд ороод явчихаж байгаа хэрэг. Гэхдээ Сангийн аж ахуйн дарга гэдэг маш том, маш хариуцлагатай албан тушаал юм шүү.

-Энэ он жилүүдийн дундаас таны сэтгэлд хамгийн тод сайхан дурсамж чинь аль нь вэ?

-Социалист хөдөлгөөний ажил гэж бидний үед байлаа. Тэр бол миний орон нутагт хийсэн хамгийн том ажил. Сэхээтний бригад хоёр, үйлдвэрлэлийн 52 гээд бүх бригад үүрэг амлалт авна. Сумын үйлдвэрчний тэргүүлэгчид, захиргааны тэргүүлэгчид гээд хамтарсан хурлаар үүргүүдийг нь батална. Та нарын мэдэхээр кинонд гардаг шиг хүмүүс гоё хувцсаа өмсөөд л улаан дарцаг, тугаа хийсгээд л сумын төвд ирж "Би энэ жил ийм зүйл сурна. Тийм юм хийнэ. Өөрийгөө ингэж хөгжүүлнэ” гэх мэтээр амлалт өгч байгаа юм. Их гоё үйл явдал. Миний удирдсан анхны хурал гурав хоног үргэлжилж байлаа. Үүнээс гадна Жанжин Сүхбаатарын төрсөн өдрөөр урлагийн арга хэмжээ зохион байгуулдаг байлаа. Бүх бригад концерт, жүжиг бэлдэж ирж уралдана. Шагнал нь Сүхбаатарын зурагтай шаазан цом, 1000 төгрөг. Тэр концерт долоо хоног үргэлжилнэ. Монголын түүхэнд долоо хоног үргэлжилдэг албан ёсны концерт, уралдаан наадам гэж байсан болов уу. Манай суманд л байсан юм даа. Түүнчлэн Батсүмбэртээ 400, 800 үнээний саалийн механикжуулсан хэд хэдэн ферм, 64 трактор засвар, 1000 га услалтын систем, дунд сургуулийн хичээлийн байр зэргийг ашиглалтад оруулсан нь миний хувьд бахархал.

-Та бүр багаасаа л олон нийттэй ажилласан болохоор сүүлдээ хүмүүстэй их амархан эв зүйгээ олчихдог болсон уу?

-Миний анзаарсан хийгээд үргэлж бодож явдаг зүйл бол хүн сэтгэлийн, урмын амьтан. Урмыг нь бадрааж, баярлуулж л байвал ямар ч ажил гялалзаад л бүтнэ. Би даргын ажил хийсэн түүхэндээ хүн ажлаас нь халж, шийтгэж үзээгүй юм шүү. Үүнээс гадна миний хүмүүсийг ажиллуулах хувийн нэг арга байлаа. Анх багш болж байхдаа ч тэр, Сангийн аж ахуйн даргаар ажиллаж байхдаа ч их ажлын дараа хүмүүсийг заавал урамшуулж, олон нийтийг хамарсан тоглоом наадгай тоглуулдаг байсан. Алчуур нуух, бөмбөг тоглох, гүйдэг матик тоглуулах гэх мэтээр тоглоомын арга их сэднэ. Нэг жишээ ярихад, манай жолооч надтай чацуу. Хоёр жаахан юм хөдөөгүүр явж бригадуудаар гүйцэтгэл, үүрэг амлалт авна, шалгана. Тэгээд бодож байгаа юм. Настай, том дарга байсан хүн олон таарна. Тэд чинь их зан гаргаад тоохгүй байх хандлагатай. Тэднийгээ нутаг, сууриных нь дагах маягтай. Яаж хүмүүсийг цуглуулж, аргандаа оруулдаг байсан бэ гэхээр нэг шатар, нэг бөмбөг, нэг пянз тоглуулагч, хоёулаа нэг нэг аман хууртай очно. Бригад дээр очоод шатраа гаргаад тавьчихаар настайчууд нь цуглаад тоглоод эхэлж байгаа юм. Бөмбөгөө гаргаад шидчихээр залуучууд нь тоглох гээд цуглачихна. Пянз тоглуулагчаа дуугаргахаар охид, эмэгтэйчүүд нь хүрээд ирнэ. Ингээд хүмүүс аяндаа цуглаад ирэхээр нь үгээ хэлнэ дээ. Тэгэхээр хүмүүс ч дуртай байна. Энэ чинь л хүнтэй ажиллах арга шүү дээ. Ямар ч юманд арга хэрэгтэй. Аргыг нь олсон юу ч бүтнэ.

Сургууль, ном хөөгөөд муу ээжийгээ хаяад явчихаагүйдээ одоо өөртөө баярладаг

-Аливаа юмны арга эвийг олох ухааныг та ээжээсээ харж, мэдэрч өссөн үү. Ээжийнхээ тухай дурсамж дэлгээч?

-Миний ээж бол үрдээ их харам, их амь, жирийн л нэг монгол ээж. Сүүний тасагт зунжингаа сүү саана. Хийсэн гол ажил нь дүү бид хоёрыг хүний зэрэгтэй хүн болгосон доо. Ээжтэйгээ би 93 нас хүртэл нь хамт байсан. 93 жил хажуунаас нь салаагүй гэж болно. Сургууль, ном хөөгөөд муу ээжийгээ хаяад явчихаагүйдээ одоо өөртөө баярлаж явдаг даа. Ямар ч байсан ядаж хажуунаасаа салгахгүй юм шүү гэсэн хүслийг нь биелүүлсэн гэж бодож суудаг. Миний ээж хүнд өгөөд байхаар их юмтай байгаагүй ч их өглөгч хүн байсан. Өөрт нь үлдэхгүй байсан ч өгөөд л явуулчихдаг, юухныг ч бусадтай хуваадаг тийм нэг өгөөмөр хүн байлаа. Ээж бидэнд "Юухныг ч сурсан эрдэм” гэж их хэлнэ. Үнэхээр л юухныг ч сурсан эрдэм л байдаг юм билээ дээ. Ээжийн минь ах "Нухлуулсан арьс зөөлөрдөг” гэж хэлдэг байсан. Бас их сонин үг байгаа биз. Би тэр ахаараа овоглодог юм. Яагаад гэхээр тэр үед эсэргүүний хүүхэд байна гэдэг их хэцүү байдаг байж. Тийм болохоор ах, ээж надаас нуусан юм билээ. Би нэлээд хожуу олж мэдсэн л дээ. Гэхдээ их сонин юм болсон. Сумын концертод бидний хэдэн залуус "Учиртай гурав” тоглодог юм. Балганы дагуул гээд хэдэн жижиг юм байдаггүй юу. Би жижиг биетэй болохоор нэг нь болно. Тэгээд "Өнөөх гайхал Юндэн чинь өөдөөс ирвэл яах вэ” гэж дуулдаг шүү дээ. Нэг удаа ээж үзчихээд "Миний хүү дахиж битгий энэ дүрд тогло. Ингэж битгий дуул” гэлээ. Гайхаад "Яагаад” гэтэл "Чиний аав Юндэн гэж лам хүн байсан юм. Аавынхаа нэрийг ингэж дуудах таагүй л дээ. Ийм ийм юм болоод одоо эзгүй байгаа юм аа” гэсэн. Тэгж аавынхаа тухай мэдэж байсан. Тийм учраас ахаар овоглосон хэрэг. Сүүлд архиваас үзэхэд Шаравын Юндэн гэж хүн 1937 онд баригдаж, цаазлуулсан байдаг юм. Би эхээс хоёулаа. Дүү охин Өлзийбат маань одоо Батсүмбэрт амьдарч байна. Холбоочин мэргэжилтэй.

-Ажил, албан тушаалын хувьд та баргийн хүнд тохиогоод байхааргүй үнэхээр баян түүхтэй юм аа. Харин ахуй амьдралаа хэрхэн төвхнүүлэв. Гэр бүлийнхнээ танилцуулахгүй юу?

-Ханьтайгаа би учрах л гэж учирсан хүн дээ. Намайг мэдрэлийн ядаргаанд ороод ид хэцүүдэж байх үед үнэн сэтгэлээсээ харж, асарч тойлсон хүн маань миний хань. Хүний их эмч мэргэжилтэй, сайхан эмэгтэй бий. Миний төлөө залуу нас, хамаг амьдралаа зориулсан хүн дээ. Намайг үхлээс булааж, дахин төрүүлсэн гэж би ханийгаа дотроо бодож, талархаж явдаг юм. Бид гурван хүү, хоёр охинтой. Хүүхдүүд маань сайхан амьдарцгааж байна. Хөгшнийхөө дэргэд, дуртай ажлаа хийгээд, хүүхдүүдээ сайхан амьдрахыг хараад суухаас илүү сайхан амьдрал гэж хаа байх вэ. Гэргийтэйгээ би хожуу учирч, хань бүл болсон ч насныхаа жаргал, зовлонг хүртэх ерөөлөөрөө хүртэж яваа гэж боддог.

Монголын буудайн тариалан сөнөхийг би хармааргүй байна

-Нээрээ таны дурсамжийг номыг харж байтал цэргийн дарга болсон түүх байсан уу?

-Шургуу ажилласан он жилүүдийнхээ дараа би мэдрэлийн ядаргаанд асар их орж, сульдсан. Эмнэлгээр хэчнээн ч сар, жил явав. Ингээд эрүүл мэндийн хувьд Сангийн аж ахуйн даргын ажлаа хийж чадахгүйд хүрч 1974 онд хүлээлгэж өгсөн дөө. Дараа нь Улаанбаатарт Улсын ургацын комиссын нарийн бичгийн даргын ажилд томилогдсон. Намайг Хөдөө аж ахуйн Жамъян генерал л ийн татаж байгаа хэрэг. Мөн дараа нь Жамъян даргатайгаа хамт Улсыг Батлан хамгаалах туслах нийгэмлэгийн төв зөвлөлд хэлтсийн дарга болсон. Тэр үед Батлан хамгаалах яам Цэргийн сангийн аж ахуй гэж байгуулсан байсан юм. Түүнийгээ өргөтгөж, сайжруулахаар ярилцаж байхдаа намайг даргаар нь ирэх үү гэсэн санал тавьсан. Ингээд 1979 онд Баянчандманьд цэргийн сангийн аж ахуйн дарга болоод яваад өглөө. Тэтгэвэрт гартлаа тэндээ байж, 20 гаруй жил Улаанбаатар хотыг, цэргийн ангиудаа ч төмс, хүнсний ногоогоор хангадаг том аж ахуй болтол ажилласан. Гэсэн ч зүгээр байсангүй. Төрийн албанд зүтгэх хугацаа насны хязгаараар дуусч, Бадарчин гэж хүний шинэ амьдрал эхэлж байгаа нь тэр.

-Хувиараа агрономичийнхаа ажлыг эхлүүлсэн үү?

-Мэргэжлийн хүн чинь яагаад ч зүгээр сууж чадахгүй юм билээ. Тэгээд ч агрономич мэргэжил тэтгэвэрт гардаггүй юм. Эхлээд хувиараа ногоо тарьлаа. Баянчандманьдаа анхны зоорь барьлаа. 1993-1994 оны үе шүү дээ. Эдийн засгийн шилжилтийн үе таарсан хүнд жилүүдэд би орон нутгийнхнаа шинэ ажилд сургаж эхэлж байгаа нь тэр. Анхны ажил маань багш байсан болоод тэр үү хүмүүс ногоо хэрхэн тарих, арчилдаг, хураадаг тухай "Ногоочин фермер” гэдэг хичээл зааж эхэллээ. Баянчандмань, Борнуур, Угтаал, Зуунмод, Дундговь аймаг, Улаанбаатар хот гэх мэт олон газраас урилга ирж, тэр хэмжээгээр ногоочин шавь нар ч олширсон. Албан ёсны 500 гаруй ногоочин шавьтай хүн шүү. Энэ бүхнийг минь үнэлж төр засгаас надад 2006 онд Монгол Улсын гавьяат агрономич цол тэмдэг өгсөн.

-Монголын хөрсний доройтол, үржил шимийн ядуурлын талаар та юу бодож явдаг вэ. Зарим нь хөрсний үржил шим жил ирэх тусам муудаж байгаа гэх атал зарим нь тоосон шинжгүй байдалтай байдаг. Энэ талаар та юу гэж хэлэх вэ?

-Монголын газар тариалан дэлхийн газар тариалангийн аж ахуйтай харьцуулахад нялх мөртлөө маш хүнд үедээ ирчихээд байна. Монголын газар тариаланд хамгийн түрүүнд нэг том аюул байна. Үүнийг зөвхөн би хэлээд байгаа юм биш. Газар тариалангийн чиглэлээр мэргэшсэн эрдэмтэн, судлаачид дуу нэгтэйгээр хэлээд сануулаад байгаа юм. Тэр нь юу вэ гэхээр хөрсний үржил шим маш их доройтчихлоо. Яг өнөөдрийнхөөрөө явах юм бол бид тун удахгүй хөрсний ялзмагаа барах гэж байна. Нэн даруй хөрсний үржил шимээ тогтоон барих, сайжруулахгүй бол тариа, буудайгүй болох аюул ойрхон ирчихээд байна. Төмс, хүнсний ногооны хувьд тариа, буудайнаасаа арай дээр нөхцөлд байна.

-Ямар арга зам байна вэ?

-Хөрсний үржил шимийг шим бордоогоор тордвол сэргэнэ. Шим бордоо гэдэг нь ургамлын гаралтай бордоо юм. Одоо бол хавдаг технологиор хөрсөө сэвсийлгэдэг юм. Энэ тохиолдолд тарьсан үр нь ургахын тулд дороо байгаа шим тэжээлийг сорсоор байна. Хамгийн гол нь тэр сорогдсон шимийг нөхөж байгаа юм алга байна шүү дээ. Тэгэхээр хөрс ядуурахаас яах вэ дээ. Одоо хөмрүүлэх, хавах хоёр хагалгааг хослуулах хэрэгтэй. Энэ тохиолдолд хөрс сэргэж, арай урт настай болно. Ингэхдээ жил бүр ээлжлээд байх биш, эхний гурван жил хөмрүүлж, дараагийн хоёрт нь хавах аргаар үр тариагаа тарих, хөрсөө эрүүлжүүлэх ёстой. Дээр нь буурцагт ургамал тарьвал бүр сайхан сэргээд, ялзмаг нь тэжээгдээд ирнэ. Энэ арга замыг АНУ, Орос, Канад, Казакстан гээд газар тариалангийн орнууд сонгоод хөрсний үржил шимээ нэмж, сайжруулж байна шүү дээ. Монголын буудайн тариалан сөнөхийг би хармааргүй байна. Сэргэж, цэцэглэхийг нь хармаар байна. анхны шанг нь тавиад нэг жаран арай ч хүрээгүй байхад газар тариалан ингэж доройтсоныг харах эмгэнэлтэй байна.

-Хөрсний үржил шим сэргэх, цаашлаад монголчууд монгол газарт тарьсан буудайгаа хүнсэндээ хэрэглэх насыг хэр урт гэж та боддог вэ?

-Газартаа, хөрсөндөө эцэг, үрийн сэтгэлээр хандаж байж л үр шимийг нь хүртэнэ шүү дээ. Хүн амаа эрүүл хүнсээр хангах боломж бидэнд бий. Гэхдээ одоогийн энэ замыг солих хэрэгтэй. Хэрвээ газар тариаландаа эхийн, эцгийн сэтгэлээр одоо л хандахгүй бол бид тун удахгүй өлсөнө. Гаднаас гуйх болно. Ер нь тэгээд хүнсгүй ард түмэн гэдэг хүний мэдлийнх болно оо л гэсэн үг. Монголчуудыг хөдөө аж ахуйн нь л хоолтой явуулна. Хөрсөө тэтгэхгүйгээр, хайхрахгүйгээр, аврахгүйгээр бид хүнсгүй, удахгүй малгүй болно. Үржил шимтэй өвч, ургамалгүй болохоор мал яаж тэсэх билээ. Мал байхгүй болчихвол юугаа идэх вэ. Хийх юм их байна шүү. Миний атрын шанг татах гээд хөглөж үеийг бодоход одоо боловсон хүчин хангалттай болчихлоо шүү дээ. Тухайлбал, шинжлэх ухааны долоон доктор, 70 эрдэмтэн, 7000 шахам агрономичтой болчихжээ. Тэдний эрдэм, мэдлэгийг дайчлах хэрэгтэй юм. Би заримдаа хүмүүсээс "Чи юутай байхыг хүсдэг вэ” гэж асуудаг юм. Янз янзын хариулт ирнэ. Тэгээд эргүүлээд надаас асуухаар нь "Тогоондоо чанах махтай, торхондоо хураах өрөмтэй, түмпэндээ зуурах гурилтай, төлгөндөө өгөх хивэгтэй байвал л болно доо” гэдэг юм. Цаад санаа нь өөрийн гэсэн хүнстэй л байх ёстой юм. Энэ нэг айлын биш Монгол Улсын асуудал юм шүү.

Ярилцлагын төгсгөлд би түүнд "Таныг аргагүй л "Эх газрын хүү” юм аа гэж бодоод сууж байна” гэхэд "Газар тариалантай би хувь тавилангаараа холбогдсон хүн. Тийм ч учраас би хөрсөөр өвчилж байна. Хөрсний үржил шим ядуурч байгаа асуудал миний нойрыг хугасалж байгаа гол зүйл болоод байна. Чадлынхаа хэрээр хүмүүст зөв юм хэлж өгөөд хэсэгхэн ч атугай хөрсийг сэргээх юмсан, баяжуулах юмсан гэж л зорьж хүсэж явна. Тэр ч үүднээс танай сониныг зорьж ирлээ. Хөрсөө хайрлахгүйгээр хэн ч мөр бүтэн, гэдэс цатгалан амьдрахгүй” гэсэн билээ.

 

Б.Энхмарт 

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Сэтгэгдэл


Таньд 1000 тэмдэгт бичих эрх байна.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд tvmongolia.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.