Барилгын м.кв-ын үнэ 1.2 сая төгрөг болтол буурах боломжтой боллоо

517
2018 оны 02-р сарын 05

Бүх төрлийн барилгын төмөр бетон хийц, эдлэлийг үйлдвэрлэдэг германы хамгийн орчин үеийн технологиор тоноглосон Байшин үйлдвэрлэх комбинат-1 ашиглалтад оржээ. “Эрэл” компани барилгын салбарт дэлхийн хамгийн сүүлийн үеийн дэвшилтэд техник, технологийг ийнхүү нэвтрүүлснээр Монголд үйл ажиллагаа явуулж буй барилга угсралтын тусгай зөвшөөрөлтэй 4189 компанийн 100 мянга гаруй ажилчид жилийн дөрвөн улиралд үйл ажиллагаагаа тасралтгүй явуулж, байнгын ажлын байртай байх боломжтой боллоо.


Тус комбинатын үйлдвэрлэсэн төмөр бетон хийц, эдлэл нь байгаль орчинд хоргүй материалтай, гал болон газар хөдлөлтөд тэсвэртэй, эрчим хүчний хэмнэлттэй өндөр даацтай, гөлгөр гадаргуу бүхий будаж болдог хана, тааз, барилгын фасадыг ханын хавтантай нь хамт үйлдвэрлэдгээрээ давуу талтай юм.
Орчин үеийн шилдэг технологи бүхий эдгээр барилгын хийц, эдлэлийг ашигласнаар барилга барих хугацааг жилээр биш сараар, өдрөөр хэмжих боломжтой болж байгаа нь Монголын барилгын салбарт хөгжлийн шинэ үе, чанарын шинэчлэл хувьслыг авч ирж байна. Хамгийн гол нь жилдээ 300 мянган м,кв бүхий ашигтай талбайг улирал харгалзахгүй үйлдвэрлэх боломжтой тул метр квадратын үнэ нь жилээс жилд хэдэн зуун мянган төгрөгөөр өсч буй орон сууцны метр квадратын үнийг 1.2 сая төгрөгт хүргэх боломжтой болж байна.
Сүүлийн 10 жилд 200 тэрбум төгрөгийг утаанд хийсгэсэн төр, засаг агаарын бохирдолтой яндан, зуухаар биш барилгажуулалтаар тэмцсэн бол, барилгын салбарын үйлдвэрлэгчдээ бодлогоор дэмжсэн бол УБ дахь гэр хорооллын 190 мянган өрхийн 2000 орчим нь яндангаасаа салсан байх байлаа.


Ерөнхий сайд БНСУ-ын 500 сая ам.долларын 0.2% хүүтэй хөнгөлөлттэй зээлийг УБ-ын агаарын бохирдлыг бууруулахад зарцуулахаа мэдэгдсэн. 10 жилд 200 тэрбум утаанд хийсгэсэн эрх баригчид одоо энэхүү нэг их наяд 200 гаруй тэрбум төгрөгийг бас л яндан, зууханд хийсгээд дуусгах юм биш биз.
Орчин үеийн шилдэг технологи бүхий БҮК-1-ийн төмөр бетон хийц, эдлэлээр барьсан барилга, байгууламжийн мкв-ийн үнэ 1.2 сая төгрөг болох тооцоо бий. Тэгэхээр дунджаар 50м2 орон сууцны үнэ 60 сая төгрөг болно гэж тооцвол БНСУ-ын 500 сая ам.долларын зээлээр 40 орчим мянган өрхийг орон сууцтай болгох боломж байна. Аль нь ард түмэнд хэрэгтэй вэ?
Дэлхийн сүүлийн үеийн дэвшилтэт технологи бүхий хүрээлэн буй орчинд хор нөлөөгүй, орчин үеийн бүрэн автомат энэхүү үйлдвэр ашиглалтад орсноор Улаанбаатар хот болон бусад суурийн газрын агаар, ус, хөрсний бохирдлыг бууруулах, гэр хорооллыг дахин төлөвлөх, хүн амын эрүүл, аюулгүй орчинд амьдруулах, эко ногоон хот бий болгон хөгжүүлэх, боломжийг ийнхүү бүрдүүлж байна. Дэлхийн хамгийн сүүлийн үеийн технологи бүхий үйлдвэр ашиглалтат орсонтой холбогдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнгөрсөн нэгдүгээр сард үйлдвэрийн үйл ажиллагаатай танилцаж, агаарын бохирдолтой зуух яндан тараах биш барилгажилтыг, бүтээн байгуулалтыг дэмжсэнээр агаар, хөрсний бохирдлоос салахыг онцлон тэмдэглэж байсан юм. Энэ удаад Нийслэлийн Засаг дарга бөгөөд УБ хотын захирагч С.Батболд удирдлагын бүрэлдэхүүний хамт үйлдвэрийн үйл ажиллагаатай танилцсан юм.


Б.Эрдэнэбат: 100 ХҮҮХДИЙН БАГТААМЖТАЙ ЦЭЦЭРЛЭГИЙГ 14 ХОНОГТ БАРИХ БОЛОМЖТОЙ


“Үйлдвэрийн техник, технологи нь дэлхийд хамгийн сүүлийн үеийнх. Бүтээгдэхүүн нь газар хөдлөлтөд хамгийн тэсвэртэй. Мөн барилга, байгууламжийг барихад маш хурдан болж, бага хугацаа зарцуулна. Мөн эдийн засгийн хэмнэлттэй. 100 хүүхдийн багтаамжтай цэцэрлэгийг 14 хоногт барих боломжтой” хэмээн комбинатын үйл ажиллагаа, шинэ техник, тоног төхөөрөмжийн талаар Эрэл ХХК-ийн ТУЗ-ийн дарга Б.Эрдэнэбат хотын удирдлагын багийнханд танилцууллаа.

С.Батболд: ХОТ ДЭМЖИЖ АЖИЛЛАНА

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд “Улаанбаатар хотын агаар, хөрсний бохирдлыг шийдэх хамгийн зөв шийдэл бол иргэдийг орон сууцжуулах, хийн хэрэглээг нэвтрүүлэх. Энэ шийдлийн гол нь иргэдийн орлогод нийцсэн хурдан хугацаанд барьдаг, хямд өртөгтэй орон сууцны хангамжийг сайжруулах. Үүнийг шийдэхийн төлөө хувийн хэвшлийнхэн зоригтой хөдөлж, байшин үйлдвэрлэх комбинатыг шинэчлэн ашиглалтад оруулсан байна. Үүнийг хот дэмжин ажиллана. Үйлдвэрийн онцлог нь ямар ч хэмжээтэй байшинг жилийн дөрвөн улиралд барих бололцоотой. Эрэл компанийнхан орон сууцныхаа нэг м.кв-ийг 1.2 саяас доош байлгана гэж амлаж байна. Өнөөдрийн нөхцөлд энэ бол боломжийн үнэ. Компанийн зүгээс нэгдүгээрт ипотекийн зээлийг Засгийн газрын хэмжээнд ярилцаж өгөхийг хүсч байна. Хоёрдугаарт газрын асуудлыг шийдвэрлэж өгөхийг хүсч байна. Барилгын компаниуд газар чөлөөлөлтөд барилга барихаасаа илүү зардал гаргадаг. Газрыг чөлөөтэй шийдэж өгвөл 500-1000 айлын орон сууцыг цогцолбор, хотхон хэлбэрээр бариад өгье гэж байна. Түүнчлэн дэд бүтцийн асуудлыг улсын төсвөөс шийдэж өгөхийг хүслээ. Энэ бүхнийг шийдэж чадвал үлгэр жишээ болохуйц хороолол босгож чадна” хэмээлээ.
Комбинатын үйл ажиллагаатай танилцсаны дараа нийслэлийн дагуул, хаяа хот, тосгоныг хөгжүүлэх, гэр хорооллын дахин төлөвлөлт, орон сууцны бодлого, нийгмийн салбарын бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхэд хамтран ажиллах зорилгоор нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд, Эрэл ХХК-ийн ТУЗ-ын дарга Б.Эрдэнэбат нар санамж бичиг байгууллаа.


 

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Сэтгэгдэл


Таньд 1000 тэмдэгт бичих эрх байна.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд tvmongolia.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
 VII САРЫН ОРДЫН ЗУРХАЙ
ЭМЧ НАР АЖИЛ ХАЯНА
ӨНӨӨДӨР ТАНД ЭЭЛТЭЙ